Голомт банкны үйл ажиллагаа болон түүний удирдлагын багийн гишүүдийн тухай Гадаад харилцааны сайд Лу.Болдын өмгөөлөгчийн Монголбанкны Ерөнхийлөгчид илгээсэн нээлттэй захидлын мөрөөр Голомт банкны ТУЗ-ийн гишүүн бөгөөд Тэргүүн дэд захирал Д.Мөнхтөртэй ярилцлаа.
-Монголбанкны ерөнхийлөгчид хаягласан захидал олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байна. Голомт банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байна уу?
-Хэвийн, амжилттай ажиллаж байгаа гэдэгт итгэж болно. Голомт банк 1995 оны 3 сард үүсгэн байгуулагдаж, одоогоор Бодь интернэшнл ХХК, Швейцарийн Свисс Мо инвестмент, Трафигура болон банкинд олон жил ажилласан ажилтнууд хувь эзэмшдэг.
Голомт банк байгуулагдсан цагаасаа эхлэн харилцагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэлэг, анхдагч бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх зорилгыг тавьж ажилласны дүнд системийн тэргүүлэгч банкуудын нэг болж, 2.9 их наяд төгрөгийн активтай,
1 их наяд төгрөгийн нөөцтэй, зөвхөн энэ оны эхний 4 сарын байдлаар 15 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа, 500 мянга гаруй харилцагчтай 100 орчим салбар нэгжтэй, уул уурхай, худалдаа, барилгын салбарыг санхүүжүүлэгч тэргүүлэгч банк болон өргөжсөн.
Голомт банк болоод удирдлагууд нь Монгол улсын хууль тогтоомж, банкны болоод компанийн тухай хууль журмуудыг бүрэн хангаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа.
Харин УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Лу.Болд өмгөөлөгчөөрөө дамжуулан Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалд захидал илгээж, үүнийгээ яагаад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулсныг ойлгохгүй байна.
-Захидал дээр дурьдагдсан хуурамч аккредитивийн асуудлыг тодруулж өгнө үү? Үүнээс болж танай банкинд санхүүгийн алдагдал учирсан уу?
-Голомт банк гадаад худалдааны санхүүжилтийн 40 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг. Аккредитив, баталгаа гаргах нь банкны өдөр тутмын үйл ажиллагаа юм. Хуурамч аккредитив гэсэн ойлголт байхгүй. Гадаад худалдааны төлбөр тооцооны эрсдэлийг бууруулах зорилгоор банк аккредитивийн үйлчилгээ үзүүлдэг.
Голомт банк өөрийн харилцагчийн хүсэлтээр Япон улсын Иточу компанид 2007 онд аккредитив нээж байсан. Нийлүүлэгч талаас бараа, бүтээгдэхүүн нийлүүлээгүй, олон улсын худалдааны гэрээ зөрчигдсөн зэрэг асуудлаар талууд хоорондоо маргалдаж, улмаар тохиролцоонд хүрсний дагуу шүүхийн шийдвэр гарч эцэслэн шийдвэрлэгдсэн.
Энэхүү үйл ажиллагаанаас болж банк ямар ч санхүүгийн хохирол хүлээгээгүй гэдгийг хэлэхийг хүсч байна.
-Голомт банк 2012 оны санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулаагүй шалтгаан юу байсан бэ?
-Голомт банк нь 1998 оноос хойш олон улсын хөндлөнгийн аудитын компаниуд болох Артур Андерсен, Эрнст Янг Монгол компаниудтай хамтран ажиллаж, жил бүрийн санхүүгийн үр дүнгийн тайланг олон улсын санхүүгийн тайлагналын стандартын дагуу баталгаажуулан үнэн зөв тайлагнаж ирсэн.
Голомт банкны 2012 жилийн эцсийн тайлан хугацаандаа гараагүй байгаа шалтгаан нь Голомт банкны зарим нэг хувь нийлүүлэгчийн зүгээс нэмэлт шалгалт оруулахыг хүссэний дагуу Голомт банкны ТУЗ нь олон улсын аудитын PwC байгууллагатай гэрээ байгуулан энэхүү шалгалтыг хийж байгаатай холбоотой.
Мөн Эрнст Янг Монгол олон улсын аудитын компани ч давхар ажиллаж байна. Энэхүү шалгалтыг хэн нэгэн хүний ямар нэгэн эргэлзээ, тээнэгэлзээ, хардалтыг эцэслэх үүднээс олон жилийг хамруулан өргөн хүрээнд хийж байгаа учир цаг хугацаа алдаж байна.
Гэхдээ энэ тайлан удахгүй гарна. Банкны удирдлагын зүгээс ямар ч нууж хаагаад байх зүйлгүй учир аль болох богино хугацаанд шалгалтыг дуусгаж 2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайландаа аудитын дүгнэлтийг авахаар ажиллаж байна. Банк угаасаа л маш нарийн хяналт шалгалтын дор байдаг шүү дээ.
-Цахим хуудсуудаар хувь нийлүүлэгч Лу.Болдын төлөөлөгчийн ажлын байр, хувийн эд хөрөнгөд халдсан тухай мэдээ гарсан байсан, энэ ямар учиртай вэ?
-Зураг нь гарсан оффис бол Бодь Интернэшнл ХХК-ийн өмч, эзэмшилд байдаг. Бодь Интернэшнл ХХК-ийн оффист нийтэд нь засвар хийх шаардлагатай байсан учраас доторх тавилга, эд зүйлсийг өөр тийш нь нүүлгэсэн юм байна лээ. Энэ зөвхөн нэг хүний өрөө байгаагүй.
Бусад өөр ажилтнуудын эд зүйлсийг бас түр хугацаанд нүүлгээд байгаа л даа. Барилгын засвар хийх гэж байгаатай холбогдуулан урьдчилан хэлсний дагуу эд зүйлсийг нь нүүлгэсэн болохоос сүйтгэсэн асуудал бол байхгүй.
-Банкны хувь нийлүүлэгчдийн их хэмжээний мөнгийг банкны удирдах албан тушаалтан хувь хүний нэр дээр байршуулсан тухай мэдээлэл хэр үндэслэлтэй вэ?
-Энэ бүгд огт ор үндэслэлгүй мэдээлэл. Энэ талаар Лу.Болдын гэр бүл гомдол гаргасны дагуу зохих хууль хяналтын байгууллага болон Монголбанкнаас шалгалтын ажлын хэсэг байгуулж, дүгнэлт гаргасан.
-Банкны цахим системийг сольсноос болоод банкны бүх мэдээлэл устаж магадгүй гэх юм?
-Голомт банк анх байгуулагдахдаа тухайн үеийн банкны систем болох ня-бо2 програмыг ашиглаж эхэлснээс хойш банкны хөгжил, харилцагчийн хэрэгцээ шаардлага, бүртгэлийн зарчим, стандартын өөрчлөлт зэрэгтэй уялдуулан 1997, 2002, 2009 онуудад банкны үндсэн бүртгэлийн системд бүрэн шинэчлэл хийж ирсэн.
Харилцагчдад дэлхийн жишигт үйлчилгээг хүргэх, цахим банкны үйлчилгээний хөгжлийг дэмжих, системийн найдвартай байдлыг дээшлүүлэх, тайлагналын системийг илүү боловсронгуй болгох зэрэг шаардлагын улмаас одоогийн ашиглаж буй Грэйпбанк системийг солих тухай шийдвэр 2 жилийн өмнө гарч, төслийн баг байгуулан ажиллаж эхэлсэн.
Удаан хугацааны сайтар хийгдсэн судалгааны үр дүнд дэлхийн шилдэг банкны систем нийлүүлэгчдийн нэг Инфосис компанийг сонгон гэрээ байгуулан ажиллаж байна. Энэхүү шинэ системийг ирэх онд нэвтрүүлэн дуусгахаар нарийвчилсан төлөвлөгөө гарган амжилттай хэрэгжүүлж байна.
Манай банкны системийн найдвартай байдал, бүртгэлийн системийг шинэчлэх ажлын явцад Монголбанкаас хэсэгчилсэн шалгалт хийж дүгнэлт гаргасан. Ер нь банкны мэдээллийн баазыг устгах, засч залруулах ямар ч боломжгүй гэдгийг онцолмоор байна. Ийнхүү ажлын шаардлагаар хийгдэж буй ажилд хүртэл хардах сэрдэх маягаар хандаж байгаа нь харамсалтай байна.
-Голомт банк дээрх асуудлуудаасаа болоод 2013 оны Хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуулийн хугацаанд хийж чадаагүй юм биш үү?
-Компанийн тухай хуульд заасны дагуу Голомт банкны 2013 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуульд заасан хугацаанд буюу 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хуралдсан.
Голомт банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг банкны ТУЗ-ийн 2013 оны 3 дугаар сарын 20-ны ээлжит хурлаар шийдвэрлэсэн бөгөөд ХЭХ нь 89.84 хувийн ирцтэйгээр хуралдаж зохих шийдвэрүүд гарсан.
Хуралд Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч ажиглагчаар оролцсон бөгөөд хурлын тэмдэглэл, шийдвэрүүдийг хуулийн дагуу Монголбанкинд хүргүүлсэн. Энэ хурлын талаар бие даасан хуулийн компаниар ч хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргуулсан.
Таны ярьж байгаагаар бүх зүйл хуулийн хүрээнд явагдаж байгаа гэсэн ч хувь нийлүүлэгч Лу.Болдын өмгөөлөгчийн гаргасан мэдэгдэлд өөр зүйл хэлсэн байна.
Компанийн зохистой засаглалтай гэдэг утгаараа манай гүйцэтгэх удирдлагын баг хувь нийлүүлэгчид болон ТУЗ-өөс хараат бус, бие даасан байдлаар ажилладаг.
Бид тэдний өгсөн хууль ёсны зөвлөмж чиглэлийн дагуу банкаа удирдан ажиллаж, бизнесийн өсөлт дэвшил гаргах, хууль журмыг чанд дээдлэн ажиллах үүрэгтэй. Иймээс хувь нийлүүлэгчдийн хоорондын маргаан үл ойлголцлыг шүүн тунгаах, аль нэг талын өнцгөөс ярих, дүгнэх нь гүйцэтгэх удирдлагын үүрэг биш юм.
Лу.Болд Голомт банкинд шууд хувь эзэмшдэггүй, харин Бодь Интернэшнл ХХК-ийн хувьцаа эзэмшигч юм. Хэрэв маргаантай асуудал байгаа бол компани дотроо шийдэх хэрэгтэй. Бид үйл ажиллагаагаа өргөжүүлж, харилцагчдынхаа итгэлийг улам хүлээж үргэлж хамгийн сайн, шилдэг үйлчилгээг хүргэх зорилго тавин ажилласаар байх болно.
Сэтгэгдэл0