sonin.mn

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-2013 оны төсвийг хэлэл­цэж байсан ч одоо­гоор гац­чи­хаад байна. Ирэх оны тө­­­сөв энгийн ир­гэн­дээ чиг­лэ­­сэн үү, эрх мэдэлтнүү­дэд зо­­риу­лагдсан уу?

-Хямрал болох гэж байна. Дэл­хийн эдийн засгийн худалдан авалт удааширч байгаа хэцүү цаг үед төсвийн талаар ярих ёс­той. Төсвийн өөрийнх нь үзэл баримтлал бол орлого, зар­ла­га хоёр юм. Орлогоо яаж нэ­мэг­дүүлэх вэ гэдэгт онцгой ан­хаарах ёстой. Юугаар яаж мөн­гө олох вэ гэдгээ сайн няг­тал­маар байгаа юм. Зарлага нь өөрөө урсгал, хөрөнгө оруу­лал­тын зардал гэж хоёр ху­вааг­дана.

 

Тэгэхээр урсгал зард­лыг яаж  танаж байгаа, хө­рөн­­гө оруу­лалтын зардал дээр мөн­гө хий­дэг, ажлын байр бий бол­дог, үйлдвэрлэл, нэмүү өр­төг бий болгох үйлдвэр нь хаа­на байна гэдгийг хайх ёстой. Эдийн засгийн удаашралын үед сайн улстөрчидтэй улс орон үйлд­вэрлэл рүүгээ анхаарч эхэл­дэг. Завсар зайгүй түүхий эд авахаа болиод жаахан амс­хийж эхэлдэг.

 

Энэ үед нь металлур­гийн үйлдвэрийн төслийг яарал­тай явуулах хэрэгтэй. Тө­мөр замын төслийг анхаарах ёс­той. Хүмүүсийг мөнгөтэй бол­гох, ажлын байртай болгох асууд­лыг анхаарах ёстой. Ху­мих­гүй­гээр тэлэлтийн бодлого явуул­маар байна. Би нэг сонин жишээ хэлье. Рузвельтийн  үед 30, 40-өөд оны үед АНУ-ын эдийн засаг хямарч эхэлсэн бай­даг.

 

Хямралын үед ихэнхи эдийн засагчид зардлаа ху­миад, ажилгүйдлийг нэмээд, хү­мүү­сийг ажилтай болгоод төс­вөө хумиад эхэлдэг. Гэтэл  Руз­вельтийн хийсэн амжилт гэвэл, тэр үед томоохон программ хө­төл­бөр гаргаад хүмүүст мөнгө өг гэдэг төсөв зохиосон юм. Хям­ралын үед нь нурдаггүй гур­ван өндөрлөг, Калифорнийн “Ал­тан хаалга гүүр” баригдсан юм шүү дээ.

 

Маш олон орон сууц, зам барьсан. Нэг хүнд мөн­гө өгч ухуулаад, дараа нь өөр хүнд мөнгө өгч нүхийг нь бу­луул гэдэг тогтолцоо явж бай­сан. Хүнд ойлгуулахын тулд ин­гэж хэлээд байна. Хүмүүсийг мөн­гөтэй байлгаж, харин олон тен­дер зарладаггүй. Хүмүүсийг ажил­тай байлгах гэж энэ үйл ажил­лагаануудыг явуулдаг. Ма­найд тендер зарлахаар хэд­хэн улстөржсөн хүмүүсийг баяжуу­лаад, нөгөөдүүл нь гадагшаа явж казино тоглох тухай яриад бай­на.

 

Олон хүмүүсийг орлоготой болгож, ажилтай болгоно гэж байх хэрэгтэй. Шууд 21 мянга шиг тараа гэж хэлэхгүй. Хүмүүсийг мөнгөжүүл гэж хэлээд байна. Тэр хүмүүсийн мөнгөжүүлсэн мөнгөнөөс талхны үйлдвэр ажилтай болно, талхны цехийн хүмүүс ажилтай болно. Мөнгөжүүлэхгүй бол хүмүүс гамбир хийдэг болно. Талхны үйлдвэрүүд хямарна. Ингэснээр жинхэнэ хямралаа өөрсдөө даллан дууддаг байхгүй юу.

 

Төсөвт нэлээд шүүмжлэлтэй хандсан. Төмөрлөгийн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн цогцолбор, Төмөр замын томоохон проект зэрэг  томоохон бүтээн байгуулалтад бүх хүчээ төвлөрүүлмээр байна. Жалгын нэг тарсан аймаг, сум бүхэнд сургууль цэцэрлэг авах гэж хоорондоо үзэхийн оронд бүх хүчээ төвлөрүүлж байгаад үндэстэн даяар хэрэгтэй 1-2 төсөл хөтөлбөрт анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Төсөв ийм байх учиртай. Энэ шинэтгэлийн бодлого хаана байгааг хайгаад байгаа юм.

 


-Нэг талаас улстөрчийн хувиар нөгөө талаас Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгчийн  ажлаа хийж, анхаарал татаж байгаа салбарт тусгагдсан төсөвт хяналт хийж чадаж байна уу. Тухайлбал, боловсролын салбарт ажиллагсадын  тэтгэмж маргаан дагуулж байна?

-Монголын бусад сал­барын ажилчид бүгдээрээ эрүүл мэндийн салбар, боловс­ролынхон шиг эвлэлдэн нэгдэж, эрх ашгаа тунхагладаг болооч ээ гэдгийг хэлье. Нэг хошин яриа байдаг даа. Яаж Жон шиг байртай машинтай болох, хэрхэн Саша шиг боловсролтой болох вэ гэж Орос, Францууд боддог юм байна. Харин монголчууд сайн яваад байгаа Доржийг яаж над шиг болгох вэ гэж боддог гэж байгаа юм.

 

Энэ буруу гажигтай сэтгэлгээ. Бид дуурайх ёстой. Эвлэлдэн нэгдэж байгаа хөдөлгөөн салбар болгонд өрнөх ёстой. Бусад салбарууд хажууд байгаа Дулмаа ажлаас халагдах бололтой би лав биш юм байна гэж ханддаг нь хамгийн аюултай. Төсвийн хэлэлцэхээс өмнө төсвийг бүрдүүлдэг, бая­лаг бүтээдэг хувийн хэвшилд болон төрийн албанд байгаа бүх ажилчин, албан хаагчидтай зөвлөлдөх ёстой.

 

Уулзаж хэлэлцэх нь дур зоргын бус хуульд тусгагдсан эрх. Татвар төлж байгаа, ажлын байр бий болгож байгаа бизнесмэнүүдийн төлөөлөлтэй уулзах ёстой. Дараа нь Үйлдвэрчний эвлэл, Засгийн газар хоорондоо уулзаж төсвөө яах вэ гэдгээ ярилцах хэрэгтэй байгаа юм. Айлд ороод ирсэн мөнгөөр энэ жил юу хийх вэ гэдгээ аав, ээж, хүүхэд, эмээ өвөө сууж байгаад ярьдагтай адилхан.

Түүнийг ерөөсөө ярихгүй байна. Эрүүл мэндийн болон боловсролын салбарын ажилтнуудад талархаж байна. Бүгд ингэж босоорой гэж хэлмээр байна. Төсвийн өмнө өөрсдийнхөө эрх ашгийг ярьж сурах хэрэгтэй.

 


-Боловсролын салбарт төсөвлөсөн мөнгө нэмэгдсэн гэсэн үү?

-Тэгсэн. Сая хуралдсан Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хурал дээр боловсролын салбарт 13 тэрбум төгрөг нэмж өгөхөөр болж байна. Мэдээж энэ бол бидний хүсч байсан зүйл биш ч гэсэн бид тэмцэл хийж, муу сайнаа дуудуулаагүй бол 13 тэрбум ч байхгүй байж болох байлаа. Энийг ямар байдлаар яаж өгөх вэ гэдгээ ярилцах ёстой.

 

Тэтгэвэрт гарахын өмнөх тэтгэмжийн хуулиа байхгүй болгох тухай ярьж байсан бол өнөөдөр яаж хойшлуулах, хэрхэн уян хатан хэрэгжүүлэх тухай ярьж байна шүү дээ. Багш нар мөнгө авна гээд байгаа юм биш. Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд сайн боловсрол эзэмшүүлэхийн тулд ажиллах нөхцлийг нь хангаж өгөөч ээ гэдэг асуудлыг тавьж байгаа. Эрүүл мэндийн салбарынхан ч ийм асуудалтай байгаа.

 

Нааштай үр дүн гарч байна. Эрүүл мэнд, боловсролын салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо холбогдох яамдуудтайгаа, Ерөн­хий сайдтай уулзаж яриа хэлэлцээрийн үр дүнд хэлэлцэгдэж байна.

 


-Ерөнхий сайдын багцад төсөвлөгдсөн  50 тэрбум төгрөгийг ямар бүтээн бай­гуу­лалтад, ямар байдлаар зарцуулахыг тодорхой бол­госон уу. Гишүүдийн нэг тэрбум төгрөгийг тойргоос хассан ч энэ мөнгөнд орчихсон юм биш үү гэж хардаж байсныг санаж байна?

-Хэрвээ тийм байгаа бол энэ мөнгө хэзээ ч байж болохгүй гэж хэлмээр байна. Хатуу байр суурьтай байгаа. Олонхиор түрээд асуудлыг шийдчихвэл эсрэг байр сууриа хамгаалсаар байна. УИХ-ын гишүүнийн хувьд хууль тогтоох, ард иргэдийг төлөөлөх эрх хэмжээгээ хэтрүүлж, мөнгөний чэкэн дээр гарын үсэг зурдаг энэ завхарсан байдлаа зогсоох ёстой. Ингэснээр улс орон цаашаа хөгжинө.

 

Бид чэкэн дээр гарын үсэг зурдаг аймгийн Засаг дарга, Ерөнхий сайд,  дүүргийн Засаг дарга, сайд нарыг яаж хянах юм. Би төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болохоос биш гүйцэтгэх захирал биш. Сургуулиар бол захирал болохоос хичээлийн эрхлэгч биш. Иргэдээс өгсөн хариуцлагатай үүрэгт ажлаа хийхийн төлөө ажиллаж байна.

 


-Гишүүдийн нэг тэрбум төгрөгийг хасчихвал тойрогт хийгдэх бүтээн байгуулалт хумигдахгүй биз дээ. Хумигдана гэж үзэх хүмүүс олон байгаа шүү?

-УИХ-ын гишүүдийн мөнгө байхгүй болсон ч гэсэн тухайн аймагт зарцуулагдах мөнгийг Засаг дарга дангаараа шийдэхгүй. Тухайн аймгийн үйлдвэрчний эвлэлийн төлөөллийн байгууллага, нийт бизнес эрхлэгчидтэй хамтарч сууж байгаад хэрхэн үр дүнтэй зарцуулах ямар хяналт тавих вэ гэдгийг маш хүчтэй шахаж шаардана. Гишүүний мөнгөндөө биш.

 

Бүх аймагт байгаа хөрөнгө оруулалт болон урсгал зардлуудад хяналт тавьж явна. Би өөрөө бүгдэд нь хяналт тавихгүй ч хяналт тавих боломжийг иргэдэд олгох нь миний болоод бусад гишүүдийн ажил. УИХ-ын гишүүн мэдэх ёсгүй. Тухайн нутгийн иргэд, бизнесмэнүүд шийдэж, тэрнийг нь хэрэгжүүлэхэд Засаг дарга нар үйлчилж, оролцож болно. Хяналтыг иргэд болон бизнес эрхлэгчид тавина гэдэг энгийн зарчим руугаа ормоор байна.

 


-Ирэх оны төсвийн төсөлд Засгийн газар, Ерөнхий сайдын багцад цацраг идэвхт ашиг малтмал ашиглах, уран олборлох талаар тусгаад байсан. Энэ асуудлаар нэлээд хүчтэй шүүмжлэл өрнүүлсэн. Үр дүн гарсан уу?

-Гарсан. Уран олборлохын эсрэг асуудлыг манай хэсэг гишүүд тэмцсэн. Төрийн бус байгууллагууд хүчтэй дэмжсэн. Үүний үр дүнд 2013 оны төсвөөс хасуулж чадсан. Ураны асуудал байхгүй. Харин 2016 он хүртэлх Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс хасч чадаагүй. Тэгэхээр ирэх жил дахиад л тэмцэнэ гэсэн үг. Жил болгон анхааралтай байж тэмцэнэ.

 

Иргэд минь ээ, Уран олборлох ажлыг Монголд огтхон ч хийж болохгүй. Үүний эсрэг хатуу байр суурьтай байж тэмцэх ёстой шүү. Өвөг дээдсийн маань буян байна даа. Өмнөх баялагаа олигтой ашиглаж чадаагүй байж  юм, юмыг сэглэж болохгүй. Энэ асуудлаар иргэд болон ТББ-ынхантай хамтран тууштай тэмцэнэ гэдгээ илэрхийлж байна.

 


-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл боловсруулж байгаа гэсэн. Өмнөх хуулиас ялгаатай тал нь юу байв?

-Оюутолгойн том мэтгэл­цээний дараа Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчлэл рүү орно. УИХ-д ажиллах дөрвөн жилд юуны өмнө уул уурхайг шударга болгох, эрүүл мэндийн үйлчилгээг шинэ шатанд гаргана гэсэн хоёрхон зорилт тавьж байгаа. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл явж байна. Өмнөхөөс юугаар ялгаатай вэ гэдгийг асуух нь зүйтэй.

 

Гэхдээ үнэхээр сайн хууль болсон. 20 орчим гишүүн дэмжсэн.  Даат­гуулагчаа тойрсон эрүүл мэндийн тогтолцоотой болох гэж энэ хуулийг зүтгүүлж байгаа. одоо бол эмнэлгээ тойрсон эрүүл мэндийн тогтолцоо байгаа. Өвчтөнүүд байгаа учраас эмнэлэг байгаа болохоос эмнэлэг байгаа учраас өвчтөнүүд байгаа юм биш шүү дээ. Цаад мөн чанар нь гэвэл, та нарын төлсөн эрүүл мэндийн даатгалын мөнгийг та нар өөрсдөө мэдэж, үзүүлсэн эмнэлэгтэй хариуцлага тооцож, мөнгө өгөх үү, үгүй юу гэдэг эрхийг чинь та нарт өгнө гэж байгаа юм.

 

Та нарын өмнөөс эмнэлэг ирсэн ч ирээгүй ч регистрээр хасалт хийгээд мөнгө аваад идээд байхад та нар дандаа хувиасаа мөнгө төлж эмнэлэгт үзүүлнэ. Гэтэл та нар мөнгөө төлчихсөн. Гэхдээ хувиасаа мөнгө төл­дөг дээрмийн тогтолцоог байхгүй болгоё. Ард түмний тогтолцоо байх ёстой. Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг. Монголчуудыг эрүүл мэндийн даатгалын тогтолцоо авраад байгаа юм биш.

 

Хамаатан садан, гэр бүлийн хүчтэй тогтолцоо яваад байгаа учраас нэг нэгийгээ хамжаад ч болов эрүүл явуулаад байна. Бүгдээрээ байраа барьцаанд тавьж байгаад хамждаг ч заримдаа уйлаад л тэр хүнээ алдаж байна. Яагаад энийг хараад суугаад яваад байгаа юм. Эрүүл мэндийн даатгалын мөнгө рүү улстөрчид гараа дүрээд, хутгаад орчихсон байна. Тэрнийг тас цохих ёстой. Даатгуулагчийг бяртай болгох гэж би энэ хуулийг өргөн барьж байгаа юм.

 


-Улс төрийн хүрээнд үүсээд байгаа нөхцөл байдлаар таны байр суурийг сонсмоор байна. Яагаад гэвэл та жагсагч, тэмцэгч байсан хүн. МАН-ын жагсаал, АН-ын бүх зүйл хууль ёсны гэсэн мэдэгдлийг хэрхэн дүгнэв. Бие даагчдын зөвлөл Ардын намыг дэмжиж байгаа гэсэн үү?

-Би намчирхсан улс төрөөс ангид байдаг. Хамгийн чухал асуудал бол энэ юм. Сонгуулийн асуудлаас үүдсэн хоёр намын маргаанд бие даагчдын зөвлөл оролцохгүй гэж “таталт” хийсэн. Нэг нам нь биднийг дэмжиж байгаа, нөгөөх нь дэмжихгүй байна гэж мэдээлэх нь зарчимгүй асуудал. Энэ хоёр намын хоорондын гэдсэндээ хөлөө жийлцсэн асуудалд бид оролцохгүй. Иргэдийнхээ асуудлын төлөө л явна. Аль нэг талд нь туйлширч орох эрхгүй. Энэ тал дээр дэмжсэн, эсэргүүцсэн ямар ч байр суурь илэрхийлэхгүй гэж үзсэн. Тэд юу гэж ойлгох нь бидэнд хамаагүй.

 


-Намын ажлаас болж төрийн ажил гацчихаад байхад хэдий болтол дуугүй явах юм бэ. Дуугарах ёстой хүмүүс нь та нар биз дээ?

-Би амьдралынхаа найман жилийн дандаа л жагсч, тэмцэж өнгөрөөж дээ. Жагсаал тэмцэл болгон маань дандаа л шинэ патент, шинэ тэмцэл, дарамт, зовлон зүдгүүр гүтгэлэг дундуур явж ирсэн. Тэр болгонд би цуучил шатаадаг байсан. Гороолж байлаа. Гэр барьдаг болсон. Дараа нь хаалга бөглөдөг болсон. Дандаа л патентууд шүү дээ.

 

Хэвлэлийн хурлаа яаж хийх, сэтгүүлчдэд чин сэтгэлээсээ ойлгуулах ёстой гээд амьдралаас олж авсан, түмний төлөө хийсэн ажил маань юм шүү дээ. МАН-ынханд их баярлаж байгаа. Миний урын санд дивантай жагсч болох юм байна гэсэн мундаг арга зам зааж өглөө. Ингэж хялбараар диван дээр суугаад жагсч болох байтал олон жил гадаа даарч, хөрч, чичирч тэрнээсээ болж өвчин тусч сандарч зүдэрч явснаа бодохоор би мөн ч тэнэг хүн юм аа даа.

 

Гоё диван тавиад л суучих байсан байна. Тэнэг дурак юм гэж бодлоо. Урын сан маань нэмэгдэж байна. Юм нааштай шийдэгдэх биз дээ. Хоёр намын хоорондын тэмцэл надад хамаагүй ээ.

 


-Маргааш /өнөөдөр/ дахиад “дивантай суулт” үргэлжлэх юм бол төсөв хэлэлцэх хугацаа улам л бага болно. Гарцаа яаж олох, хэрхэн нааштай шийдэх хэрэгтэй гэж бодсон бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч байна. Ард түмнээрээ сонгосон. Тэр хүн энэ асуудлыг зохицуулах талаар ажил хийж байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Бие даагчдын зөвлөл намчирхахгүй. Хуулийн төслүүд урагшаа явмаар байна. Оюутолгойн хэлэлцүүлэг мэтгэлцээн зэрэг олон ажил урагшаа явах ёстой байна. Тэглээ гээд АН-ыг дэмжээд кноп дармааргүй байна. МАН-ыг дэмжээд боль гээд гүйх утгагүй. Хэт намчирхсан байдлаа засмаар байна.

 


-УИХ-ын дэд дарга С.Баярцогт та хоёрын мэтгэлцээн хэзээ товлогдсон бэ?

-Ирэх сарын 7-14-ний өдрүү­дийн аль нэгэнд Төрийн ор­донд  мэтгэлцэх гэж байна. Мэтгэлцээнд би бэлэн байгаа. С.Баярцогт ч бэлэн гэсэн. С.Баярцогт гадаадад ажиллаж байгаа. Ирэх долоо хоногт ирнэ. Тэгээд мэтгэлцээний хийе гэсэн. Тиймээс би хүлээгээд байж байна. Мөн зохион бай­гуу­лалтын ажил үлдээд байна. Мэтгэлцээнд иргэдийн төлөөллийг оролцуулах, том дэлгэцээр гаргах боломжоор хангуулах хүсэлтэй байгаа шүү.

Б.Өнөртогтох
Эх сурвалж: "Монголын Мэдээ"