сонин mn
“Токио-2020” зуны ХХХII олимпын наадам эхлэхэд 144 хоног үлджээ. Энэ өдрүүдэд дэлхийн улс орнуудын баг тамирчид бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй базаасаар байна. 1894 оноос эхлэлтэй олимп анх удаа цар тахлын улмаас товлосон хугацаагаа нэг жилээр хойшлуулсан ч олимпын үзэл санааг түгээгчид цар тахлыг сөрсөөр ийнхүү ялан дийлж буй баяраа хүн төрөлхтний спортын их баяр цэнгэлтэй хамтатгах гэж байна. Ирэх зун олимп болно гэсэн их хүсэл тэмүүлэл, итгэлээр дэлхийн тамирчид бэлтгэлээ хийж, спорт сонирхогчид ч тэсэн ядан хүлээсээр байна. Зуны олимпын наадамд 13 удаа оролцохдоо хоёр алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн монголчууд 14 дэх удаагаа зуны олимпод өрсөлдөхөөр олон улсын хүүхдийн “Найрамдал” төв болон Техник спортын төвд тамирчдаа бэлтгэлд гаргаад байна. “Найрамдал”-д бокс, жүдо, чөлөөт бөх, ширээний теннис, таеквондо, пара жүдо, пара таеквондо, пара цанынхан, харин Техник спортын төвд буудлага, байт харваа, хүндийн өргөлт, пара байт харваа, пара буудлага, пара хөнгөн атлетик зэрэг спортын 15 төрлийн баг тамирчид бэлтгэлээ базааж байна. Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчдаас энэ сараас эхлэн зургаадугаар сарыг дуустал жүдо, чөлөөт бөх, бокс, каратэ, байт харваа, ширээний теннис, сагсанбөмбөгийн 3х3 төрлийн эрэгтэй баг тамирчид албан ёсны эрх авахаар бэлтгэж байна. Үүнийг задалж сийрүүлье.
 
Бокс
 
Энэ төрөлд эрэгтэйчүүдийн найман жинд 186, эмэгтэй таван жинд 100 тамирчин, нийт 286 тамирчинд эрх олгох юм. Нийт тамирчдын 40 хувь нь Ази, Номхон далайн орнууд, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын эрхээ хүртсэн. Тэгвэл үлдсэн 53 /эрэгтэй 32, эмэгтэй 21/ эрхийн төлөө тамирчид өрсөлдөх байсан ч ОУОХ-ны Боксын асуудал эрхэлсэн Ажлын хэсгийнхэн “Парис-2021” дэлхийн эрхийн сүүлчийн тэмцээнийг цуцалснаар Африк, Америк, Ази-Далайн орнууд, Европ тив, бүс нутгуудад жин тус бүрт нь тэнцүү хуваарилахаар болсон. Түүнчлэн олимпын эрх хүртээгүй ч хамгийн өндөр оноотой боксчинд нэр зааж олгохоор бүх жинд тус бүр нэг эрх хадгалж, бүх тэмцээн өндөрлөсний дараа эцэслэн зарлахаар шийдвэрлэсэн юм. Иймд тивийн аваргаас эрхээ хүртэж чадаагүй боксчид сүүлийн дөрвөн жилийн буюу 2017-2020 оны хооронд оролцсон олон улсын тэмцээний чансааны онооны дагуу тив тус бүрээс олимпын эрхийг дээр дурдсан квотын дагуу олгоно. Тодруулбал, олон улсын чансаанд дээгүүр тамирчид олимпын наадамд оролцох эрхээ шууд авна гэсэн үг.
 
Жүдо
 
Жүдочдод олимпын эрхийн оноогоо нэмэх таван боломж бий. Үлдсэн таван боломжийнхоо эхнийхийг нь ашиглахаар манай жүдочид гурав хоногийн өмнө Ташкентад очсон. Монголын жүдочид эрэгтэй долоо, эмэгтэй дөрвөн жинд өрсөлдөх боломжтой. Мөн багийн барилдаанд оролцох боломжоо бүрдүүлсэн. Зургаадугаар сар хүртэл чансааг хадгалж чадвал Токиог зорих тамирчдын гол цөмийг тэд бүрдүүлэх учиртай. Такшентаас гадна Гүржийн Тбилис, Туркийн Анталия, Францын Парисын “Их дуулга”, мөн Унгарын Будапештад болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Дээрх тэмцээнүүд бүгд олимпын эрхийн оноо олгох юм. Улмаар зургаадугаар сарын 28-ны өдөр хамгийн өндөр оноо цуглуулсан жин тус бүрийн 18 тамирчин буюу нэг жинд нэг улсаас нэг тамирчинд Токиогийн олимпын эрх олгож байгаагаа зарлах юм.
 
Чөлөөт бөх
 
Чөлөөтийнхөнд гурван тэмцээнээс эрхээ нэмэгдүүлэх боломж бий. Одоогоор эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг жинд эрхээ авсан тэд эхний дайралтаа ирэх сард Казахстаны Алматыд хийнэ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 9-нд Алматыд тивийн эрх олгох тэмцээн болох юм. Улмаар 12-ноос тивийн аваргад өрсөлдөх аж. Харин тавдугаар сард тивийн тэмцээнээс эрх авч чадаагүй тамирчид Болгарын Софид цуглана. Чөлөөтийнхөн одоо авсан хоёр дээрээ дахин 6-7 эрх нэмэх боломжтой.
 
Бусад
 
Монголчууд түүхэндээ анх удаа багийн спортоор олимпод оролцох гэж байна. Энэ бол сагсан бөмбөгийн 3х3 төрөл юм. Эмэгтэйчүүд хэдийнэ тийзээ захиалсан бол эрэгтэй баг ирэх тавдугаар сард Австрийн Грац хотод эрхийн тэмцээнд өрсөлдөнө. Эндээс эрх авч чадахгүй бол Будапештад сүүлчийн боломжоо ашиглана. Тэгвэл таеквондочдын хувьд Ази тивийн олимпын эрх олгох тэмцээн тавдугаар сарын 21-23-нд Йорданы Амман хотноо болох юм. Харин байтынхан зургаадугаар сарын 28-нд Парис хотноо олимпын эрхийн төлөө цэц сорино. Үүнээс гадна ширээний теннисчид 12 хоногийн дараа Катарын Дохад олимпын эрхийн тэмцээнд өрсөлдөх юм. Мөн спортын бусад төрлийн эрх олгох тэмцээний хувиар тодорхойгүй байгаа бол зарим төрөлд өмнөх амжилтаар нь шууд эрх олгох юм байна.
 
ЧУХАЛ САР
 
Гуравдугаар сар бол олимпизмын хувьд чухал хугацаа. Олон улсын олимпын хорооны хурлаар “Токио-2020”-той холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, эцэслэн батлах юм. Тиймээс олимпын хөдөлгөөнд оролцогчид уг хурлыг чимээ чагнан хүлээж байна. Тухайлбал, Токиогийн олимпын наадам болох үеэр спортын байгууламжуудад үзэгчдийг байлгах эсэх тухай шийдвэрийг энэ сард эцэслэн шийднэ. Энэ тухай “Токио-2020”-г зохион байгуулах хорооны шинэ тэргүүн Сэйко Хашимото мэдэгджээ. “Олимпын бамбарын буухиа эхлэх үеэр энэ асуудлыг бид нэг тийш нь цэгцлэх хэрэгтэй” хэмээн Хашимото хэлсэн байна. Олимпын наадмын бамбарын буухиа энэ сарын 25-нд Фүкүшима мужаас эхлэх бөгөөд 121 хоног үргэлжлэх юм. Бамбарыг Японы 47 мужаар буухиалан авч явахаар төлөвлөж байгаа аж. Зохион байгуулах хорооны шинэ тэргүүн Хашимото Сэйко ажлаа аваад долоо хонож байгаа бөгөөд өмнө нь олимпын асуудал хариуцсан сайдаар ажиллаж байв. Өдгөө 56 настай Сэйко олимпын наадамд долоон удаа оролцсон нэгэн. Ингэхдээ тэшүүрийн төрөлд дөрөв, дугуйгаар гурван удаа өрсөлджээ. 1992 онд гүйлтийн тэшүүрийн 1500 метрийн зайд хүрэл медаль хүртсэн байна. Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах зохион байгуулах хорооны тэргүүнээр Сэйког томилсныг сайшаагаад, түүнийг олимпыг аюулгүй, амжилттай зохион байгуулахад хувь нэмрээ оруулна гэж найдаж буйгаа илэрхийлсэн билээ.
Олон улсын хөнгөн атлетикийн холбооны “Алтан зам” тэмдэгтэй “Лэйк Бива Майничи” 76 дахь удаагийн марафон арлын оронд болж өндөрлөлөө. Шилэгдмэл 400 тамирчин оролцсон тус тэмцээнд Гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:09:26 амжилтаар гүйж тав дахь удаагаа олимпод оролцох болзлоо хангалаа. Өдгөө 39 настай тэрбээр дээрх амжилтаараа 33 дугаар байр эзэлсэн юм. Харин олон улсын хэмжээний мастер Ж.Олонбаяр 2:13:35 амжилтаар хувийн дээд амжилтаа шинэчлэн тогтоосон байна. Дэлхийн 218 оронд тархсан коронавирусийн цар тахлын улмаас уг тэмцээнд зөвхөн Японд бэлтгэлээ базааж буй гадаад тамирчид л оролцсон аж.
 
 
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин