sonin.mn
Монголын тамирчид зодог тайлсныхаа дараа юу хийдэг вэ. Энэ асуулт олон хүний анхаарлыг татдаг нь дамжиггүй. Социалист нийгмийн үеийн тамирчдаас олонд танигдсан, амжилтаараа өөрийгөө алдаршуулж чадсан нь өнөөдөр дасгалжуулагчийн ажил хийж олон арван шавиараа хүрээлүүлэн давгүй сайхан явна. Тэд олон түмнээр өнөөдөр ч хүндлүүлсээр байгаа. Харин тив, дэлхий, олимпод бус дотооддоо шилдгүүдийн тоонд багтаж явсан архагуудыг хэн ч танихгүй. Тэдний алтан үеийн дурсамж зөвхөн сэтгэл зүрхэнд нь л хадгалаастай үлджээ. Тэгвэл шинэ цагийн тамирчид арай л өөр. Ядаж л бэлтгэл сургуулилалт, тэмцээн уралдааны хажуугаар их сургуулийн дипломтой төгсөж байна. Гэхдээ бүгд биш. Яг энэ сэдвээр БТСУХ-ны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн спортын тэмцээн, наадмын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Э.Ундрамтай ярилцлаа. Түүнийг спорт сонирхогчид Азийн наадмаас эмэгтэй боксчидоос анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан гэдгээр нь анхдахгүй мэднэ. Ярилцлагыг хүлээн авна уу.
 
-Ярилцах санал хүлээж авсанд баярлалаа. Боксын спортод хөл тавьсан үеийн дурсамжаар ярилцлагаа эхлүүлэх үү. Таныг жингээ хасах зорилгоор бокс тоглож эхэлсэн гэж сонссон?
 
-Маш их баярлалаа.  Тийм ээ, би багаасаа л унаган махтай хүүхэд байсан. Одоо ч бас унаган мах нь хэвээрээ л байна. Нэлээд хожуу 21 нас хүрэх жилээ анх боксоор хичээллэж эхэлсэн. Нэг удаа дүүгээ харсан чинь миний нүдэн дээр жин нь буугаад гоё болж байна гээд болдоггүй. Тэгээд дүүгээсээ гуйсны эцэст анх 2009 оны нэгдүгээр сарын 22-нд Спортын төв ордны боксын зааланд Л.Энхбаатар багш дээрээ очиж билээ. Би энэ өдрийг ерөөсөө мартдаггүй юм. Анх боксын заалыг бүтэн нэг тойрч чаддаггүй байсан. Тэгсэн төд удалгүй тамирчин болж, бүр том тэмцээнээс медаль авсан даа. Дүү маань энэ спортоор хичээллээд жин хасаад, галбиржаад нүдэн дээр өөрчлөгдсөн. Мэдээж анх бэлтгэл хийх тийм амар байгаагүй. Хэцүү байсан ч шантрахыг хүсээгүй. Надад улам л гоё санагдах болсон.
 
-Боксоор маш богино хугацаанд хичээллэсэн. Хэрвээ өнөөдрийг хүртэл спортоо орхиогүй байсан бол ямар амжилт үзүүлсэн байх бол. Энэ талаар боддог уу?
 
-Яг өнөөдөр би тамирчин байхаасаа мөрөөддөг байсан байгууллагадаа ажиллаж байна. Гэхдээ нэг хэсэг боддог байлаа. Хэрэв би тамирчин байсан бол ямар хэмжээний амжилт үзүүлсэн байх бол гэж. Багш маань одоо ч гэсэн намайг амжилт үзүүлнэ гэдэгт итгэсээр байгаа нь сайхан юм. Надад өөрөөс минь ч илүү итгэдэг багштай байна гэдэг заримдаа их хэцүү шүү. Намайг сургуульд сурахаар явлаа гэдгийг сонсоод багш надад ингэж хэлсэн юм. “Ундрам аа, миний охин яг тамирчин болж байгаа үе дээрээ спортоо орхиод явж байна. За яах вэ. Багш нь чиний сонголтыг хүндэтгэнэ” гэж билээ. Магадгүй би сургуульд яваагүй бол багшийнхаа хүссэнд хүрэхгүй ч дөхсөн хэмжээний амжилт үзүүлэх байсан. Гэхдээ одоо энэ талаар ярих тийм ч зохимжтой биш. Спортын салбарт арын албанд ажиллах сайхан байна. Энэ завшааныг ашиглаад намайг эгнээндээ нэгтгэсэн Ц.Шаравжамц даргатай БТСУХ-ны найрсаг хамт олондоо баярлалаа гэж хэлье.
 
-Таныг хүмүүс 2010 оны Гуанжоугийн Азийн наадмаас мөнгөн медаль авсан анхны эмэгтэй тамирчин гэдгээр нь илүү сайн мэднэ. Тухайн үед боксын шигшээ баг маш тааруу амжилттай оролцсон шүү дээ. Хамгийн өндөр амжилтыг та гаргаж байсан санагдана. Тэр сайхан дурсамжаа одоо нэг сөхөж, хуваалцвал ямар вэ?
 
-Боксоор хичээллээд 19 сарын хугацаа л өнгөрч байсан үе шүү дээ.
 
Ардын багш Д.Банди агсан, гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг, Д.Батсүрэн, миний багш Л.Энхбаатар нарын удирдлага дор тэрхүү том тэмцээнд оролцож байлаа. Эрэгтэйчүүд 10, эмэгтэйчүүд гурван жинд өрсөлдсөн. Үнэнийг хэлэхэд яг ямар тэмцээнд оролцож байгаагаа ч мэдээгүй. Хилийн дээс алхах нь гэж л их баярлаж байсан санагдана. 
 
Боксын эрчүүд маань ч намайг “Хөөрхий минь. Эвий, эвий газар үзээд ирэх гэж байгаа юм. Анхны том тэмцээн нь Азийн наадам боллоо. Чи азтай юмаа” гэж байлаа Би ч нэг их юм яриагүй. Маш тайван байсан. Бүх анхаарлаа бэлтгэлдээ хандуулсан байсан учраас тэр тэмцээний талаар сонирхоогүй. Мэдэхгүй юм чинь сонирхоод яах вэ дээ. Эмэгтэйчүүдийн шигшээ багийн хувцас гэж байгаагүй. Эмэгтэйчүүдээрээ мөнгөө нийлүүлж байгаад хувцас хийлгэж, тэрийгээ өмсөөд л явсан. Өмсөх пүүз ч байхгүй. Тэмцээнд явахын өмнөх өдөр аав минь надад пүүз авч өгч байлаа. Хүмүүс онгоцонд суухдаа догдлоод л. Харин надад ямар ч мэдрэмж төрөөгүй. Маш тайвнаар явсаар байгаад Гуанжоуд очиж, байрлах байрандаа буусан. Гурван эмэгтэй нь нэг өрөөнд ордог юм байна. Өрөөндөө ороод байж байтал Монголын боксын холбооноос хангамж гээд цүнх дүүрэн “Адидас” хувцас өглөө. Шууд шоконд орж байгаа юм чинь. Нөгөө гоё хувцсаа хараад тэмцээн шууд мартагдсан. Гэтэл дараа нь Монголын үндэсний олимпын хорооноос биднийг хувцас, хангалтаа аваарай гэж зарлалаа. Дахиад л шок. Нэг дор хоёр, гурван хувцас авахаар бөөн баяр болж байгаа юм. Л.Энхбаатар багш биднийг тайвшруулах гэж үзнэ. Бид гурав нөгөө хувцсаа харж хөөрөөд л… Үнэхээр гоё байсан. Ингээд л тамирчин болдог юм байж гэсэн бодол толгойд орж ирсэн шүү. Азийн наадам эхлэхээс гурав хоногийн өмнө Гуанжоуд очсон. Өглөөний бэлтгэлд гарах бүртээ хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба ахаар бахархаж байгаа юм чинь. Тэр хүн бидэн дундаас хамгийн их жингээ хасдаг нь. Тэгсэн атлаа маш тайван. П.Сэрдамба ахыг хараад л “Аргагүй дэлхийн зэрэгтэй том тамирчны сэтгэл зүйл өөр байдаг юм байна” гэж бахархсан. Тэгээд П.Сэрдамба ах шиг болно гэж боддог байлаа. Энэ хүнийг жингээ хасаж байхыг нь харахаар өөрийн эрхгүй л айна. Ийм том тамирчин надтай цуг явж байхад маш их хичээх хэрэгтэй гэж бодсон. Н.Төгсцогт гавьяат маань бас хамт явж байлаа. Бүгдийг нь хараад сүрдэж явлаа.
 
-Тухайн наадамд боксынхны гол найдвар нь П.Сэрдамба, Н.Төгсцогт хоёр байсан шүү дээ. Гэтэл эрт ялагдсан. Тэр хоёрыг ялагдахад та юу бодов?
 
-Юу ч бодоогүй. Яг үнэндээ тухайн үед намайг хэн ч тоогоогүй. Угаасаа анхаарлын гадна байсан шүү дээ. Газар л үзэх гэж яваа. Тэгээд өглөө нь жингээ үзүүллээ. Яг сайхан таарч байна шүү, 73.8 кг жинтэй. Жин үзүүлсний дараа цайгаа уугаад, өрөөндөө байж байтал 12:00 цагийн үед сугалаа боллоо. Дуусгаад багш орж ирснээ “Сугалаа гарлаа. Хэн ч байж болно. Зүгээр өөрийгөө л харуулаарай” гээд рингэн дээр гартал ямар улсын тамирчинтай таарсныг хэлээгүй. Ингээд рингэнд гартал Кыргызстаны тамирчин байж. Тэр тамирчин 2010 оны тавдугаар сард Казахстаны Астанад болсон Азийн аварга дээр намайг голоод байсныг санаж байгаа юм. Рингэнд гарлаа. Сандарч, тэвдсэн зүйл алга. Маш тайван байгаагаа мэдэрсэн. Яаж вэ гэхээр рингэнд гараад зогсоход үзэгчдийн суудалд сууж байгаа хүний ханиалгах, бас чипс задалж байгаа нь маш тод сонсогдсон. Тулаан эхэллээ. Шүүгч “бокс” гэж хэлэхтэй зэрэгцээд багшийн хэлсэн үгийг сонслоо. Тэгээд л нэг мэдэхэд нөгөө Кыргызстаны тамирчныг хожсон байсан. Тухайн үед миний жинд найман тамирчин өрсөлдсөн. Нэг ялаад л хүрэл медалийн болзол хангав. Тэр ялалтаас хойш намайг вакумдаж эхэлсэн. Гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг багш намайг бэлдэж эхэллээ. Тэгээд би багшаас “Би рингэн дээр яаж гарах вэ” гэж асуухад “Юу ч битгий бод. Юу сурснаа л гарга. Өдий хүртэл бокс тоглохдоо аль түвшинд байгаагаа харуул. Өөрийнхөөрөө л бай” гэсэн нь намайг тайтгаруулсан даа. Мөнгөн медалийн төлөө Солонгосын тамирчинтай өрсөлдсөн. Надаас арай илүү туршлагатай. Тэмцээний турш тайван байсны хүчинд хожиж мөнгөн медаль хүртсэн. Намайг ялагчаар зарлаж байх мөчид дуучин BX-ийн дууны ая явахад дотно санагдаад өөрийн мэдэлгүй рингэн дээр бүжиглэж байлаа. Харин финалд Хятадын тамирчинтай тоглоход Д.Банди багшийн хэлснээр эхний оноог нь би авсан ч өнөөх тайван байдал алга болсон байсан. Тэгээд л хожигдсон. Гэхдээ огт харамсдаггүй. Нэг л мэдэхэд тэр том тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, боксынхноосоо хамгийн өндөр амжилт үзүүлсэн дээ. Медалиа зүүгээд гараад ирсэн чинь бүгд баяр хүргэж, урам өгсөн нь сайхан санагдсан. Тэр өдрийн тэнгэр минийх л байсан юм байлгүй.
 
-Азийн наадмаас медаль авсан хүн 2014 онд шигшээ багаас хөөгдсөн. Магадгүй энэ шийдвэр таныг спортоо орхиход маш том нөлөө үзүүлсэн биз?
 
-2014 он эмэгтэй боксынхны хувьд сонин жил байсан. Янз бүрийн явган ярианд өртлөө. Тааламжтай жил байгаагүй. Инчеоны Азийн наадам, Чэжүгийн ДАШТ-д амжилттай оролцож чадаагүй. Азийн наадмаас Нандиа хүрэл медаль л авсан. Тэрнээс үүдэн Монголын боксын холбооны хурлаар хэд хэдэн тамирчныг шигшээ багаас халж, цалингүй болгосон. Тухайн үед П.Сэрдамба гавьяат МБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. “Хэд хэдэн эмэгтэй тамирчныг шигшээ багаас халлаа. Та бүхэн цаашид тэмцээнд явахаар бол өөрсдөө зардлаа олоорой” гэсэн нь надад болон халагдсан тамирчдын сэтгэл зүйд маш том цохилт өгсөн. Тэгээд л дүүтэйгээ ярилцаад боксын спортоо орхиж байв. Нэр цохож байгаад л биднийг “шигшээ багаас хөөгдлөө” гэсэн нийтлэл, мэдээ гарахад ээж минь уйлж билээ. Дараа нь ээж “Боксын холбоо нэгэнт ийм шийдвэр гаргасан бол та хоёр өөрсдийгөө бод, сур” гэж хэлсэн. Би сурах замаа сонгож, дүү минь гэр бүл зохиогоод явсан. Миний хувьд тамирчин байхдаа зодог тайлсны дараа гадаадад сурах зорилготой байсан учраас түүнийгээ биелүүлсэн. Ингээд РЦНК-д орос хэлний дамжаанд сурч, ОХУ руу тэтгэлгээр суралцахаар бэлтгэж эхэлсэн.
 
-Эндээс тамирчны дараахь карьер эхэлж байна. Мэргэжил сонголтын талаар?
 
-Томоохон тэмцээнд оролцож явахдаа л мэргэжлээ сонгосон байсан гэх үү дээ. Тэр нь миний мөрөөдөл болсон. Тэмцээний арын албанд ажиллаж байгаа хүмүүсийг хараад бахархдаг байлаа. Эндээс л спортын менежмент гэдгийг судалж эхэлсэн. Улмаар шалгалт өгч тэнцээд ОХУ-ын Москва хотын Удирдлагын сургуульд спортын менежментийн чиглэлээр магистраар сурах боломж олдсон доо. Галина Габитовна багш маань “Ундрам аа, эмэгтэй хүнд боловсрол хэрэгтэй” гэж зөвлөдөг байлаа. Маш олон хүний тусламжтайгаар өнөөдрийн мэргэжлээ олсон юм.
 
-Тамирчны дараахь сэтгэл зүй тань ямар байв. Шууд ажлын байран дээр гарахад та бэлэн байсан уу?
 
-Маш хүнд байлаа. Үргэлж хөдөлгөөнтэй байдаг байсан надад сууж ажиллах үнэхээр хэцүү санагдсан. Нэг оффист хөдөлгөөнгүй сууна гэдэг там шиг санагдаж билээ. Эрүүл мэндийн хувьд хүртэл өөрчлөлт орж эхэлсэн. Амьдрахын тулд ажиллах ёстой учраас асар их тэвчээр гаргасан. Ажиллаж эхэлснээс хойш гурван сарын дараа ажлын мөн чанарыг жинхэнэ утгаар нь ойлгож байгаа юм. Сэтгэл зүйгээ ч өөрчилж чадсан. Дараа нь Москвад сурахаар явахад бүх зүйл өөр болж ирсэн. Цоо шинэ амьдрал руу орж, бүх зүйлийг шинээр эхлүүлж, өөр өнцгөөс харах болсон. Товчхондоо бол бодит амьдралтайгаа нүүр тулсан даа. Бэрхшээл тулгарахаар бүхнийг хаяад бэлтгэлээ хиймээр санагдах үе олон байлаа. Москва хотод сурснаар өөрийгөө өөрчилж, өөр түвшинд аваачиж чадсан.
 
-Тамирчны амьдралаас бодит ертөнцтэй нүүр тулахад бэлдэх хугацаа байгаагүй гэж үү?
 
-Байгаагүй. Байх ч боломжгүй. Ерөөсөө л бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанаас өөр зүйл боддоггүй байж. Жил бүр 1-2 том тэмцээнд оролцоно. Тэрэндээ бэлдэхийн тулд зөвхөн Спортын төв ордны зааланд мишок нүдээд байхгүй. Гадаад руу, орон нутаг руу цугларалтад гарна. Тэгэхээр хэзээд нь дараагийн амьдралдаа бэлдэх вэ дээ. Гэнэт л бодит амьдралтай нүүр тулсан шүү дээ. Одоо яах билээ гэж бодсон. Азаар ээж минь намайг зөв чиглүүлж, ирээдүйг зөв тодорхойлсон учраас би өдий зэрэгтэй явна. Тэгвэл өнөөдрийн тамирчид маань одооноос ирээдүйгээ тодорхойлох хэрэгтэй. Амьдралаа хэрхэн авч явах, ямар мэргэжилд суралцах гэх мэт. Спорт холбоод, улсын байгууллага нь тамирчдаа нийгэмшүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Залуу нас, эрүүл мэнд, амь насаа дэнчин тавиад амжилт гаргахын төлөө яваа тамирчдын дараагийн амьдрал, ирээдүйд мэргэжлийн байгууллага л санаа тавиасай гэж хүсдэг. Спорт бол золиос гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл залуу насаа, амьдралаа золиосолсон тамирчин карьераа дуусгаад юу хийх вэ гэдэг хамгийн том асуудал.
 
-Тэгвэл тамирчид дараагийн амьдралдаа бэлдэхийн тулд яах ёстой вэ?
 
-Эхлээд сайн төлөвлө. Мэдээж суралцах хэрэгтэй. Сурах боломж маш их бий. МҮОХ, БШУЯ, БТСУХ гэх мэт байгууллагуудад спортын чиглэлд тэтгэлгээр суралцах квот ирдэг юм билээ. Энэ сайхан боломжуудыг судлаад, суралцах хэрэгтэй. Үүнийг төлөвлөгөөндөө оруулаарай. Гадагшаа явж сурахын зэрэгцээ амьдрал үзнэ. Бодол санаа, сэтгэл зүй тань өөр болдог юм. Гадаад хэл заавал сураарай гэж уриалъя.
 
-Тамирчдаа нийгэмшүүлэхийн тулд хувь хүнээс, улсаас ямар хүчин зүйл шаардлагатай юм бол?
 
-Бидний үнэт зүйл бол хүсэл мөрөөдөл юм. Олимп, дэлхийн аварга болно гэдэг богино хугацааны зорилт. Тиймээс цаашид хэн байх вэ гэдгээ шийдэхийн тулд хүсэл мөрөөдлөө зөв тодорхойлмоор байна. Мөн спорт холбоо хүнлэг байж, улсын бодлого цэгцтэй байх ёстой. Энэ бол тамирчдыг нийгэмшүүлэх хамгийн энгийн хүчин зүйл гэж ойлгодог. Тамирчин байна гэдэг өөрөө маш хүнд хөдөлмөр. Тиймээс спортын холбоод зодог тайлж буй тамирчиддаа хүндэтгэлтэй хандаж, цаашид амьдралд итгэл үнэмшилтэй хандах урам зоригийг бий болгох хэрэгтэй.
 
-Тамирчдын олонх нь зодог тайлсны дараа хийсэн бүтээснээ эргэж хараад сэтгэл гутралд ордог тухай ярихыг олонтаа сонслоо. Тэгвэл зодог тайлсны дараа сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ?
 
-Зодог тайлсны дараа хэнд ч тоогдохгүй байгаа мэт мэдрэмж авна гэдэг сэтгэлийн хаттай шууд холбоотой. Би ч гэсэн тодорхой хэмжээгээр сэтгэл гутралд орж л байсан. Олны нүдэн дээр байдаг хэв маяг нь өөрчлөгдөж байгаа учраас ихэнх тамирчин сэтгэл гутралд ордог. Хүн өөртөө тулгарсан асуудлаа өөрөө л даван туулна. Тиймээс хэдийгээр мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авч болох ч өөрийнхөө дотоод сэтгэлийг чагнаарай. Дотоод хүнтэйгээ ярилцаж үзээрэй гэж хэлмээр байна. Сэтгэл гутралд эрэгтэйчүүд илүү өртөж, хүнд тусдаг. Зодог тайлсны дараа заавал хүнд хэцүү зам сонгох хэрэггүй, энгийнээс эхэл. Эрчүүд минь боломж байвал сураарай. Өөрийнхөө чадамж дээрээ дөрөөлж дараагийн амьдралын хэв маягаа тодорхойлж, бэлэн байгаарай гэж хэлье дээ.
 
Б.Мөнхзул
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин