“60 гаруй гэрэл зураг, гэр бүл амьдралын бодит түүхийг өгүүлсэн 30 гаруй баримт, 40 гаруй эд өлгийн зүйл бий”
Монгол сурагчид Герман, Франц улсад суралцаж, боловсрол эзэмшиж эхэлсний 100 жилийн ой энэ онд тохиож олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар байна. Тухайлбал, аравдугаар сарын 29-ны өдөр ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Герман, Франц улсад анх суралцсан монгол сурагч, оюутан, багш нарын үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд хамтран санаачилж “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд - 100 жил” эрдэм шинжилгээний хурлыг Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулсан юм.
Тэгвэл өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 16-ны өдөр “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” сэдэвт архивын баримт, гэрэл зураг, эд өлгийн зүйл, ном бүтээлийн үзэсгэлэнг Монголын Театрын музейд нээлээ.
XX зууны эхэн хагаст Монгол Улс Герман, Франц зэрэг Өрнөдийн орнуудтай тогтоосон харилцаа нь 1911, 1921 оны үндэсний хувьсгалуудын залгамж, тусгаар тогтнолоо баталгаажуулах үндэсний эрх ашигтай холбоотой байсан бөгөөд Герман, Францыг зорьсон 45 орчим сурагч, оюутан XX зууны Монгол Улсын хөгжил дэвшилд салбар бүрдээ үнэлж барамгүй хувь нэмэр оруулж, өнөөгийн Герман, Франц улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааны суурийг тавьсан анхдагчид болсон юм. Тэдгээр эрхмүүд хэдийгээр төгсөж чадалгүй татагдсан ч тэдний дундаас Монгол Улсын Ардын багш, нэрт зохиолч, судлаач, дипломатчид зэрэг сэхээтнүүд төрж улс орныхоо соёл гэгээрэл, шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Харин энэ удаа алс газраас эрдэм өвөртөлсөн анхны эмэгтэйчүүдийн тухай онцолж байна. Иймд энэхүү үзэсгэлэнг С.Бадамжав, Г.Батсүх, Д.Пагмадулам, Д.Сурмаажав, Д.Цэрэнханд, Г.Хаалаа, Б.Юмхүү нарын үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд хамтран зохион байгуулжээ.

доктор Ц.Наранчимэг
Үзэсгэлэнгийн танхимын хананд өлгөөтэй түүхийн гэрч гэрэл зураг, архивын баримт, тэдний хэрэглэж байсан чемодан, оёдлын машин зэрэг эд өлгийн зүйлс харагдана. Энэ тухай үзэсгэлэнгийн зохион байгуулагч “Удмаа дээдэлье” ТББ-ын тэргүүн, доктор Ц.Наранчимэгээс тодруулахад “60 гаруй гэрэл зураг, гэр бүл амьдралын бодит түүхийг өгүүлсэн 30 гаруй баримт, 40 гаруй эд өлгийн зүйл, төрөлжсөн архивд хадгалагдаж буй баримт 38, хэвлэгдсэн ном 31 байна. Ингэхдээ урд өмнө нь түмний сонор, мэлмийд хүрээгүй баримтууд анх удаа дэлгэгдсэн” онцлогтой гэдгийг дурдсан юм.
Судлаач Ц.Наранчимэг нь Герман, Францад сурсан анхны эмэгтэйчүүдийн нэг С.Бадамжавын амьдрал, үйл хэргийг судалдаг билээ. Энэ тухайд тэрээр “Эдгээр арга хэмжээг зохион байгуулснаас хойш С.Бадамжав гуайг нэрт монгол эрдэмтэн Жамсрангийн Цэвээний гэргий байсныг хүмүүс мэдэж байна.
Тиймээс эдгээр хүмүүсийн үйл хэрэг, улс орныхоо соёл гэгээрэлд оруулсан хувь нэмрийг залуучууд маань сонирхон ирж шимтэн үзээсэй гэж хүсэж байна. Хэрэв эдгээр хүмүүс дээд боловсролоо бүрэн эзэмшээд сургуулиа төгсөөд ирсэн бол Монголын өнөөгийн нийгэм эдийн засаг, боловсрол шинжлэх ухаан арай өөр түвшинд байх байсан болов уу. С.Бадамжав гуайн орос, франц хэлнээс орчуулсан орчуулгууд тухайн үед сонгодог монгол хэлийг хадгалан үлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тухайлбал, Виктор Хюгогийн “Халхавчаар бэхлэгдсэн нэгэн гудамж”, “Заалдсан хоёр хүн” зэрэг олон бүтээлийн орчуулгын гар бичмэл хадгалагдан үлдсэн” хэмээсэн юм.
Түүнчлэн их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадулам бол эдгээр анхдагчийн нэг билээ. Иймд түүний намтар, үйл ажиллагаанд холбогдох архивын баримтуудын талаар түүхийн ухааны доктор Х.Мэндсайхан “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд - 100 жил” эрдэм шинжилгээний хурлын үеэр танилцуулсан юм.
Тэрээр “Өмнө нь Пагмадуламын тухай баримт ховор байсан тул зохиолч Нямаа гуайн аман түүх дээр тулгуурлан бичсэн анхны ном нь бий. Тэрээр их зохиолч Д.Нацагдоржийн гэргий бөгөөд Монгол эмэгтэйчүүдийн байгууллагын Бүсгүйчүүдийг боловсруулах тасгийн анхны эрхлэгчээр ажиллаж байсан.
Ийнхүү эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө тууштай тэмцэж байсан тэрээр Германд суралцах хугацаандаа Европтой харьцуулахад Монголын эмэгтэйчүүдийн эрх ашиг ямар түвшинд байгааг судалж, дуу хоолой болж байсан. Гэвч тайжийн гэргий гэдэг үндэслэлээр намын гишүүнээсээ хөөгдөж, сонгох, сонгогдох эрх чөлөөгөө хасуулж байсан. Тиймээс бид Үндэсний төв архивд түшиглэн түүний үйл хэрэг, хэлмэгдсэн тухай нь судалж, 2019 онд цагаатгасан” гэсэн юм. Харин энэ удаагийн үзэсгэлэнд түүний үйл хэрэг, амьдрал замналын түүхийг бодитоор өгүүлэх гэрэл зураг, архивын баримтууд дэлгэгджээ.
“Анхны сурагчаас Ардын багш”
Монголын анхны сурагч, анхны ардын багш Г.Батсүхын хэрэглэж байсан чемоданууд.
Г.Батсүх нь 1911 онд одоогийн Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн бөгөөд 1922 онд Нийслэл Хүрээний анхны бага, дунд сургуульд, 1926-1930 онд Герман улсад суралцжээ. Викерсдортод суралцсан 10 хүүхдийн нэг тэрээр Герман улсаас татагдаж ирээд Ардын гэгээрүүлэх яаманд бичээч, Үлгэр жишээ дунд сургуульд багш, Багшийн дунд сургуульд багш, Шинэ хүчний дээд сургуульд багш, Багшийн сургуульд багш, Ардыг гэгээрүүлэх яаманд Заах аргын хэлтсийн дарга, Улсын багшийн дээд сургуульд багш, ЗХУ-ын Москва хотын Сонгодог бүжгийн дунд сургуульд монгол сурагчдын хүмүүжүүлэгч багш, УБДС-ийн Газар зүйн тэнхимийн багш, эрхлэгчээр ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан юм. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж 1946 онд Монгол Улсын Гавьяат багш, 1981 онд анхны Ардын багш цол олгожээ.

доктор Б.Сүхээ
Энэ тухай түүний ач хүү, урлаг судлалын ухааны доктор Б.Сүхээ “Монголын гадаад харилцаа, боловсрол хөгжлийн түүхийн үндэс суурийг энэ эрхмүүд тавьж байсан бөгөөд тэдний салбар бүрд байгуулсан алдар гавьяаг судалж, тодруулах, залуу хойч үедээ мэдүүлэх нь чухал юм. Архивын баримтад миний эмээг хүний их эмчээр сурч байсан хэмээн тэмдэглэсэн байдаг. Гэвч хугацаа нь болоогүй байхад татагдаж, хожим газар зүйн багшаар дахин сурсан гэдэг. Харин манай өвөө Гэгээрлийн яамны дэд сайд Д.Дамбийням гэж хүн байсан бөгөөд 1937 онд хэлмэгдсэн харамсалтай түүхтэй. Иймд аав, авга эгч нар маань өвөөгөөр овоглож чадаагүй. Өдгөө хүүхдүүд маань өвөг дээдсийнхээ үйл хэрэг, гавьяаг танин мэдэж явна” хэмээсэн юм.
Тэгвэл анхны эмэгтэйчүүдийн нэг Д.Цэрэнханд нь 1911 онд эцэг Бунибазарын Дорж, эх Гомбожаагийн Чимэдрэгзэн нарын ууган охин болон мэндэлжээ.
Тэрээр Нийслэл Хүрээний бага, дунд сургуульд суралцаж байгаад 1926-1929 онд Герман улсад суралцаж, 1929-1930 онд Ардыг гэгээрүүлэх яаманд хуулан бичээч, жинхэнэ бичээчээр ажиллахын сацуу орчуулагч нарын түр сургуульд суралцаж, 1931-1936 онд багш, 1937-1968 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн номын сан, Улсын төв номын санд номын санчаар тасралтгүй ажиллажээ. Энэхүү үзэсгэлэнд түүний үенцэр Э.Дондмаа хүрэлцэн иржээ.

Э.Дондмаа
Тэрээр “Миний өвөө Ц.Батмөнх, Д.Цэрэнханд нар төрсөн эгч дүүсийн хүүхдүүд юм. Д.Цэрэнханд эмээ маань үр хүүхэдгүй хүн байсан. Ингэхдээ биднийг болон аавыг минь өөрийн үр хүүхэд мэт өсгөн хүмүүжүүлсэн. Эмээ маань Чингис хааны алтан ургийн тайж гаралтай хүн байсан болохоор сургуулиа төгсөж чадалгүй дуудагдсан байдаг. Эмээ маань намайг 10 настай байхад өөд болсон. Тэр хүртэл хамт байж бидэнд герман үг, дуу, шүлэг зааж өгнө. Мөн их зохиолч Д.Нацагдоржийн шүлгийг их цээжлүүлдэг байсан. Шүлгийг нь уншихдаа уйлаад байдаг байсан болохоор учрыг нь асуухад хамтдаа алс орныг зорьж, эрдэм номд шамдаж байснаа хүүрнэж, билиг авьяас ихтэй сайхан зохиолч залуудаа харамсалтайгаар хэлмэгдэж нас барсан хэмээж байсныг тод санаж байна” хэмээсэн юм.
“Хаалаа охины хүмүүжил, даруу төлөв ааш зан, гоо сайхныг гайхан биширч түүний явсны дараа үйлдвэрийн эзний хүү түүнд зориулан HALA нэртэй шоколад гаргаж байсан түүхтэй”
Харин Г.Хаалаа нь 1910 онд Зуун-Удын чуулганы дэд дарга, Жарууд аймгийн зүүн хошууны туслагч, дэд зэргийн тайж Гомбожавын тав дахь охин болж төржээ. Түүний жинхэнэ нэр нь Г.Саранчимэг ба гэр бүлийнхэн нь Хаалаа гэж энхрийлэн дууддаг байсан бөгөөд бичиг баримт дээр ийнхүү тэмдэглэгдэн үлджээ. Эцэг Гомбожав нь Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглах үед үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэн, 1913 онд өөрийг нь дагалдсан 100 орчим өрхийн хамт Богд хаант Монгол Улсад ирэхэд Хаалаа охин гурван настай байжээ.
Тэрээр 1926 онд Герман улсыг зорьж, Викесрдорфын чөлөөт дунд сургуульд сурч байсан насаар бага 10 хүүхдийн нэг ба “Тайж гаралтай, язгууртны хүүхэд” хэмээгдэн 1929 онд эхний ээлжид баруунаас татагдсан Д.Нацагдорж, Д.Пагмадулам, Н.Наваан-Юндэн, М.Гомбожав, Л.Намсрай, Д.Цэрэнханд нарын хамтаар буцан иржээ.
Түүний амьдарч байсан Герман айл "Шоколадны үйлдвэр"-тэй байсан ба тухайн гэр бүлийнхэн Хаалаа охины хүмүүжил, даруу төлөв ааш зан, гоо сайхныг гайхан биширч түүний явсны дараа үйлдвэрийн эзний хүү түүнд зориулан HALA нэртэй шоколад гаргаж байсан түүхтэй. Герман хэлийг төрөлх хэл шигээ эзэмшсэн Хаалаа эх оронд ирээд 1930-1934 онд Улаанбаатар хотноо өөрийн сурч байсан Викесрдорфын чөлөөт дунд сургуулийн орчин үеийн Валдорфын сургалтын арга барилын суурь болсон дэвшилтэт сурган хүмүүжүүлэх арга барилыг нэвтрүүлэхээр Хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байжээ. Улмаар 1934-1937 онд ЗХУ-ын Омск хотын Анагаах Ухааны дээд сургуульд элсэж, эм зүйч мэргэжлээр суралцсан. Түүнчлэн Герман, ЗХУ-д хамт суралцаж байсан Н.Наваан-Юндэнтэй гэр бүл болжээ. Хожим Н.Наваан-Юндэн өөрийн "Соёл Эрдэнэ” зохиолын Сарангуа бүсгүйн дүрээр хайрт эхнэр Хаалаагаа мөнхлөн үлдээсэн юм. Эдгээр эрхмүүдийн амьдрал үйл хэргийг өгүүлэх “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэн Монголын Театрын музейд үзэгчдийн хүртээл болж байна.
Д.Нацагдоржийн гэргий Пагмадуламын Дотоод яамны архивт үлдсэн цорын ганц хувь гэрэл зураг.
Д.Сурмаажавын Герман оёдлын машин. 1940-өөд он.
Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мягмар - 11 сарын 17,
2026
Сэтгэгдэл0