sonin.mn

Өнөөдөр олон улсын музейн 49 дэх өдөр тохиож байна. Энэ онд "Хурдтай өөрчлөгдөж буй нийгэм дэх музейн ирээдүй" сэдвийн дор олон улсын музейн өдрийн арга хэмжээг Бээжин хотод зохион байгууллаа. Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "Одоогийн байдлаар, Хятад улс олон төрөл хэлбэрийн баялаг агуулгатай, олон сэдэв бүхий, нөөцийг тэгш хүртэх боломжтой музейн тогтолцоог бүрдүүлээд байна. Хятадын Үндэсний түүх соёлын өвийн газраас Хятадын музейн салбарын хөгжлийн сүүлийн үеийн мэдээллийг гаргажээ. Тухайлбал, сүүлийн жилүүдэд Хятадад дунджаар хоёр хоногт нэг музей баригдаж ашиглалтад орж байна.


2024 оны эцсийн байдлаар 7046 гаруй музей бүртгэлтэй байгаа нь өмнөх оныхоос 213-аар нэмэгдэж, 200 мянган хүн тутамд нэг музей ногдож, үнэ төлбөргүй үйлчлэх хэмжээ 91.46 хувьд хүрчээ.


2024 онд Хятадын олон нутгийн музейд 43 мянган үзэсгэлэн, 511 мянган удаагийн танин мэдэхүйн үйл ажиллагаа зохион явуулж, давхацсан тоогоор 1 тэрбум 49 сая гаруй үзэгч хүлээн авчээ. Музейтэй танилцах хүн олшрохын хэрээр, томоохон үзэсгэлэн, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, өндөр чанартай соёлын бүтээлч бүтээгдэхүүн ар араасаа гарч, соёлын үйлчилгээ, соёлын бүтээгдэхүүний хангамжийг улам баяжуулж байна." гэжээ.