sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 20 /DW/. Дональд Трампын засаг захиргаанаас зарласан “өөрийн хүслээр нутаг буцах” хөтөлбөрийн хүрээнд АНУ-аас сайн дураараа гарсан Хондурас болон Колумбийн 64 иргэнийг нутагт нь хүргэх анхны захиалгат нислэгийг үйлдсэн онгоцнууд тус хоёр улсад газарджээ. Энэ тухай АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яам даваа гарагт мэдээлсэн байна. 


Мэдээлэлд дурдсанаар, хууль бусаар оршин сууж байсан цагаачид гар утасны “CBP Home” аппликейшнд өөрсдөө сайн дураараа бүртгүүлсэн байна. Тэднийг нутагт нь буцаахын тулд Хьюстон хотоос дамжин өнгөрөх хоёр захиалгат нислэгийг үйлджээ.


Мөн эдгээр хүмүүс тус бүр 1000 ам.долларын тэтгэмж, үнэгүй тээврийн үйлчилгээ авсан бөгөөд АНУ-д хууль ёсны дагуу буцаж ирэх боломжтой юм. Хондурас руу буцсан 38 хүнд тус улсын эрх баригчид хүн тус бүрд 100 ам.доллар олгож, хүнсний талон өгч, ажилд ороход нь дэмжлэг үзүүлэхээ амлажээ. Харин Колумбийн эрх баригчид буцаж ирсэн 26 иргэнд “нийгмийн үйлчилгээ” үзүүлсэн байна.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг