5-р сарын 19-нд Хятад улс 4-р сарын үндэсний эдийн засгийн хөгжлийн тайланг албан ёсоор гаргалаа.
Энэ он гарснаас хойш АНУ дэлхийн улс орнуудын эсрэг гаалийн татвараа нэмж, ялангуяа 4-р сард Хятадад олон удаа "харилцан татвар ногдуулна" гэж зарласнаас хойш Хятад улс үүний эсрэг хатуу арга хэмжээ авсан байна. Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "Гадааддаа өсөн нэмэгдэж буй цочрол, дотооддоо давхцаж буй олон бэрхшээл, сорилттой тулгарсан Хятадын эдийн засаг тогтвортой урагшилж, өнөөдрийн энэхүү хялбар бус амжилтад хүрсэн юм.
Эхний дөрвөн сард Хятадын эдийн засгийн гол үйлдвэрлэл, эрэлт хэрэгцээний үзүүлэлтүүдийн өсөлтийн хурд өнгөрсөн оноос илт хурдацтай гарсан байна. Өргөн хэрэглээний барааны нийт жижиглэнгийн борлуулалт болон үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн индексийн жилийн өсөлтийн хурд өмнөх гурван сарынхаас 0.1 нэгжээр илүү байна. Дөрөвдүгээр сард 41 гол салбараас 36 салбар нь өмнөх оны мөн үеэс өсч, өсөлтийн хүрээ 80 хувиас давсан байна. Тоо баримтаас харахад эхний дөрвөн сард Хятадын эдийн засаг дарамтыг даван туулж, тогтвортой өсөлтөө хадгалан, шинэ хөгжлийн чиг хандлагыг үргэлжлүүлэв.
1-4-р сард Хятадын бараа бүтээгдэхүүний импорт экспортын өсөлтийн хэмжээ 1-р улирлынхаас 1.1 нэгжээр илүү байж, экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.5 хувиар өссөн байна. Хятадын автомашины үйлдвэрлэл, борлуулалт анх удаагаа тус тус 10 саяас давж, BYD-ийн экспорт өнгөрсөн оны мөн үеэс 110 хувиар өсжээ.
Энэ он гарснаас хойш Хятад улс "хоёр шинэ" бодлогын хэрэгжилтийг өргөтгөх хүчин чармайлтаа эрчимжүүлж, хэрэглээгээ нэмэгдүүлэх тусгай арга хэмжээ авч, гадаад хамтын ажиллагаагаа тасралтгүй бэхжүүлж, эдийн засгийн сэргэлтийг тууштай дэмжсэн байна. Ялангуяа 4-р сараас хойш Хятад улс макро эдийн засгийн илүү идэвхтэй, үр дүнтэй бодлого хэрэгжүүлж, гадаад сорилтын эсрэг хүчтэй, үр дүнтэй хариу арга хэмжээ авчээ. Тухайлбал, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авахад оруулсан хөрөнгө оруулалт эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеэс 18.2 хувиар нэмэгдэж, нийт хөрөнгө оруулалтын өсөлтөд 64.5 хувиар нөлөөлсөн байна. Саяхан Хятад улс мөнгөний бодлогын хэд хэдэн арга хэмжээ авч, заавал байлгах нөөцийн хувь хэмжээ, зээлийн хүүг цаашид бууруулах зэрэг арга хэмжээ хэрэгжүүлснээр эдийн засгийг цаашид сэргэхэд түлхэц үзүүлэх боломжийг хангажээ.
Amway компанийн дэлхийн Гүйцэтгэх захирал Майкл Нелсон Хятадын төв радио телевизийн сэтгүүлчид хэлэхдээ, Хятад улс сүүлийн 20 гаруй жил дараалан Amway-ийн дэлхийн хамгийн том зах зээл байсаар ирсэн. Тус компани 2023-2027 онд Хятад дахь бүрэн сүлжээний үйл ажиллагаагаа нэгтгэхийн тулд ойролцоогоор 2.1 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна гэжээ.
Түүнчлэн, Хятадын шинэлэг инноваци бодлогууд нь дэлхий дахинд хөгжлийн шинэ эрч хүч авчирч байна. Эдүгээ Хятад улс судалгаа шинжилгээний ажилтны тоогоор дэлхийд нэгдүгээрт, судалгаа шинжилгээний нийт санхүүжилтээр дэлхийд хоёрдугаарт орж, гадаадын аж ахуйн нэгжүүдэд шинийг санаачлахад таатай нөхцөл бүрдүүлж байна.
Одоогийн байдлаар Хятад Америкийн эдийн засаг худалдааны хэлэлцээ ихээхэн ахиц дэвшил гаргаж, дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдлыг зохих хэмжээгээр намжаасан ч олон улсын орчин ээдрээтэй, тодорхойгүй хүчин зүйл олон, хүнд хэвээр байна. Эрсдэл, сорилтын өмнө Хятад улс өөрийн ажлуудаа сайтар хийж, өндөр түвшний нээлттэй байдлыг өргөжүүлэхийг тууштай баримталсаар байх болно." гэжээ.
Баасан - 04 сарын 03,
2026
Сэтгэгдэл0