sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пуужингийн довтолгооноос хамгаалах “Алтан дээвэр” (Golden Dome) нэртэй шинэ цогцолборыг байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Төслийн нийт өртөг нь 175 тэрбум ам.доллар байх аж.


Мягмар гарагт Цагаан ордонд хийсэн хэвлэлийн хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч уг шинэ системийг "гадаадын пуужингийн цохилтоос хамгаалах бамбай" хэмээн тодорхойлжээ.


Д.Трампын хэлснээр, шинэ цогцолбор нь дуунаас хурдан, баллистик болон далавчит пуужингуудыг устгах чадалтай байх аж. Энэхүү хамгаалалтын цогцолборыг газарт, тэнгист болон сансарт байрлуулах төлөвтэй байна. "Зарим радарын болон амдан сөнөөгч төхөөрөмжүүдийг сансарт байрлуулна" гэж Д.Трамп хэлжээ. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет уг хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, шинэ систем нь ердийн болон цөмийн цэнэгт хошуутай бүх төрлийн пуужин, нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг илрүүлж устгах зориулалттай хэмээн тодруулсан байна.


Д.Трампын хэлснээр, уг системийг ерөнхийлөгчийн бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө, өөрөөр хэлбэл “гурван жилийн дараа” ашиглалтад оруулах ёстой.


Түүний мэдээлснээр, Канадын эрх баригчид энэхүү пуужингийн довтолгооноос хамгаалах системд нэгдэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа ажээ. “Алтан дээвэр” төслийг АНУ-ын Сансрын хүчний орлогч дарга, генерал Майкл Гетлейн удирдана. Д.Трамп Израилын “Төмөр дээвэр” гэдэг ижил нэртэй пуужингийн довтолгооноос хамгаалах системийг дурдаад, Америкийн “Алтан дээвэр” нь уг системээс “илүү давуу төгс” байх болно гэдгийг онцолжээ.  


“Оддын дайн” хөтөлбөрийг дахин сэргээх гэж байна уу?


Цагаан ордны тэргүүн АНУ-д пуужингийн аюул учруулж болох улсыг тодорхой нэрлээгүй боловч “Алтан дээвэр” систем нь пуужингийн довтолгоог “дэлхийн өөр хэсгээс эсвэл сансраас илрүүлэн устгах чадалтай” гэж мэдэгдсэн байна. Д.Трамп мөн “40 жилийн өмнө Ерөнхийлөгч Рейганы эхлүүлсэн ажлыг дуусгана” гэж амлажээ.


1983 онд Р.Рейган пуужингийн довтолгооноос хамгаалах системийг сансарт байгуулах зорилго бүхий “Стратегийн хамгаалалтын санаачилга” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээ зарласан юм.


Р.Рейган “Зөвлөлтийн пуужингийн аюулыг сөрөн зогсох шаардлагатай” гэж мэдэгдсэн билээ. Тухайн үед хэвлэлүүд уг хөтөлбөрийг “Оддын дайн” хэмээн нэрлэж байв. Үүний улмаас АНУ, ЗХУ-ын харилцаа хурцдаж, зэвсэглэлээр хөөцөлдөх өрсөлдөөн эрчимжсэн юм. “Стратегийн хамгаалалтын санаачилгыг" 1993 онд зогсоожээ. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг