sonin.mn

ЛОНДОН, 2025 оны тавдугаар сарын 21 /Politico/. Израилын тал Газын зурваст хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхийг хориглож байгаа тул Их Британи улс Израилтай хийж буй чөлөөт худалдааны хэлэлцээгээ түр зогсоожээ.  


Хэлэлцээг зогсоох шийдвэрийг Баруун эрэг дэх палестинчуудын эсрэг хүчирхийллийг дэмжиж буй гурван хувь хүн, хууль бусаар байгуулагдсан хоёр харуулын цэг, хоёр байгууллагад хориг арга хэмжээ авахаар тусгасан багц арга хэмжээний хүрээнд зарласан байна.


Газын зурвас дахь энгийн иргэдийг өлсгөлөнд автуулж, орон гэрээ орхиход хүргэж, 11 долоо хоногийн турш үргэлжилсэн бүслэлт болон хуурай замын цэргийн ажиллагааг Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Лэмми зэмлэн буруушаасныг мягмар гарагт парламентын Доод танхимаас гаргасан мэдэгдэлд дурджээ. “Ерөнхий сайд болон бусад орнуудын удирдагчдын өчигдөр хэлсэнчлэн бид энэ нөхцөл байдлыг зүгээр хараад сууж болохгүй. Энэ нь хоёр талын харилцааны үндэс болсон зарчмуудтай нийцэхгүй байна.


Тиймээс бид өнөөдөр Израилын Засгийн газартай чөлөөт худалдааны шинэ хэлэлцээр байгуулахаар хийж буй хэлэлцээг түр зогсоосноо зарлаж байна” гэж Д.Лэмми хэлсэн байна.


Тэрбээр мөн Израилаас Их Британид суугаа Элчин сайдыг Гадаад хэргийн яаманд дуудсан гэдгийг нэмж хэлжээ. Их Британи улс Израилтай байгуулсан чөлөөт худалдааны гэрээгээ шинэчлэх яриа хэлэлцээг 2022 онд хийж эхэлсэн юм. Хэлэлцээний тав дахь үе шат 2024 оны дөрөвдүгээр сард болсон бөгөөд мөн оны долоодугаар сард Их Британийн шинэ засгийн газар хэлэлцээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг