sonin.mn

2025 оны 5-р сарын 24-нд, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Индонезийн ерөнхийлөгчийн ордонд тус улсын ерөнхийлөгч Субианто Прабовотой хэлэлцээ хийлээ.


Уулзалтын эхэнд Ли Чян дарга Ши Жиньпиний мэндчилгээг уламжилж, Хятад, Индонез нь харилцан итгэлцэлтэй сайн хөрш, сайн түнш орнууд гэдгийг онцлов. Тэрбээр, хоёр орон дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг угтаж буй энэ үед найрсаг нөхөрлөлийг улам бататгаж, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг олон салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.


Ли Чяны зүгээс хөгжлийн стратегийн уялдаа холбоог гүнзгийрүүлж, “Бүс ба Зам”-ын хүрээнд Жакарта–Бандунгийн хурдны төмөр зам зэрэг томоохон төслийг ахиулахын зэрэгцээ, шинэ эрчим хүч, хиймэл оюун ухаан, сансар судлал зэрэг шинэ салбаруудад хамтран ажиллахыг санал болгожээ.


Тэрбээр өнөөгийн дэлхий дахины сорилт бэрхшээлийн хариуд эв нэгдэл, хамтын ажиллагаа чухал болохыг онцолж, олон талт үзэл, чөлөөт худалдааг дэмжих, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад Индонезтой хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.


Ерөнхийлөгч Субианто Прабово Ши Жиньпин даргад талархал илэрхийлээд, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэн, хамтын хөгжлийг ахиулахад бэлэн байгаагаа тэмдэглэжээ. Тэрбээр Хятадын амжилттай туршлагаас суралцаж, хөдөө аж ахуй, боловсрол, ногоон эдийн засаг, хиймэл оюун ухаан зэрэг салбарт хамтран ажиллах, мөн Хятадын компаниудыг Индонезид хөрөнгө оруулахыг уриалав.


Түүнчлэн, “Өмнөд тэнгис дэх үйл ажиллагааны дүрэм”-ийн зөвшилцлийг ахиулж, тэнгисийн энх тайвныг хамтдаа хамгаалах, АСЕАН, БРИКС зэрэг олон талт индэр дээр Хятадтай уялдаа холбоогоо бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.


Уулзалтын дараа хоёр орны төлөөлөгчид эдийн засаг, банк санхүү, ханган нийлүүлэлтийн сүлжээ зэрэг салбарт хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна.