sonin.mn

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тус улсын Аюулгүй байдлын албаны дарга Василий Малюкийн Оросын янз бүрийн бүс нутаг дахь дөрвөн нисэх онгоцны буудалд хийсэн халдлагын талаарх илтгэлийг сонсчээ. 

Тэрбээр энэхүү ажиллагааны үр дүнг "гайхалтай" гэж нэрлээд, уг операцийг Украин бие даан гүйцэтгэсэн гэж онцолжээ.


"Уг ажиллагааг төлөвлөхөөс эхлээд үр дүнтэй хэрэгжүүлэх хүртэл 1 жил, 6 сар, 9 хоног зарцуулсан. Энэ бол бидний явуулсан хамгийн урт хугацааны ажиллагаа" гэж Зеленский өөрийн X-блог дээрээ бичсэн байна.


Владимир Зеленский энэхүү ажиллагааг бэлтгэхэд оролцсон бүх хүмүүсийг "Оросын нутаг дэвсгэрээс цаг тухайд нь татан гаргасан" гэж мэдэгджээ.

"Мэдээжийн хэрэг, бид одоо энэ талаар бүгдийг хэлж чадахгүй, гэхдээ Украины явуулсан энэхүү операци түүхийн сурах бичигт орно" гэж Зеленский нэмж хэлсэн байна.

Дараа нь Зеленский өөрийн X-блогтоо уг операцийн талаарх хэд хэдэн дэлгэрэнгүй мэдээллийг нийтэлжээ.


Тэрбээр уг цохилтыг өгөхөд 117 нисгэгчгүй онгоц, түүнчлэн "мөн тооны" операторууд оролцсон гэсэн байна.


Мөн энэхүү операцийг явуулсан төв байр нь тэдгээр бүс нутгийн аль нэгнийх нь ФСБ-ын төв байрны дэргэд байрлаж байсан гэжээ.

2025 оны 6-р сарын 1-ний ням гарагт Украины Аюулгүй байдлын алба томоохон хэмжээний тусгай ажиллагаа явуулсан бөгөөд энэ үеэр Оросын янз бүрийн бүс нутагт дөрвөн нисэх онгоцны буудал халдлагад өртжээ. 

Украины хэвлэлүүд энэхүү тусгай ажиллагааны нэрийг "Аалзны тор" гэж мэдээлсэн байна.


Эх сурвалж: newsru.co.il


Ж.Бат