
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 2 /NHK/. Японд зуны улиралд хэт халах нь түгээмэл болж, зарим үед агаарын температур аюултай түвшинд хүрэх болсонтой холбогдуулан ажилтнуудаа хэт халуунаас хамгаалахыг компаниудаас ням гаргаас шаардаж эхэлжээ. Мөн ажилтнууд нь наранд цохиулсан тохиолдолд яаралтай тусламж үзүүлэхэд бэлэн байгаа эсэхийг шалгах шаардлагатай байна.
Барилгын салбарт ажилладаг хүмүүс халуунд цохиулах эрсдэл өндөр байдаг. Иймд ажилчдыг сэрүүцэхэд нь туслахын тулд агааржуулагч, мөстэй ус байлгах шаардлагатай ажээ. Түүнчлэн ажилчид яаралтай үед хэнтэй холбоо барихаа мэддэг байх ёстой байна. Мөн компаниуд эдгээр нөхцөл байдалд зориулсан зааварчилгааг боловсруулах гэнэ.
2024 онд Японд 1257 хүн ажлын байран дээрээ наранд цохиулсан нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болсон бөгөөд тэдний 31 нь нас барсан байна. Токио дахь мэдээллийн технологийн нэгэн компани наранд цохиулсныг илтгэх эхний шинж тэмдгүүдийг илрүүлэхэд туслах зорилгоор биеийн жинг хэмжин хянадаг системийг зохион бүтээжээ. Уг системээр ажилчдын биеийн жинг өдөрт хэд хэдэн удаа хэмжих бөгөөд ажилтнууд биеийн байдлынхаа талаарх асуултад хариулах ёстой байна. Үүний дараа наранд цохиулах эрсдэлийг үнэлэхийн тулд эдгээр өгөгдөлд дүн шинжилгээ хийх ажээ.
Японы Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, биеийн жингийн 1.5-аас дээш хувийг ихэвчлэн хөлсөөрөө алддаг хүн наранд цохиулах өндөр эрсдэлтэй бүлэгт хамаарна. Наранд цохиулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг өргөн хүрээнд хэрэгжүүлэхийн тулд жижиг бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг чухал ач холбогдолтой болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Тоёо их сургуулийн дэд профессор Китаока Дайсүкэ хэлэхдээ, Засгийн газар жижиг бизнес эрхлэгчдийг татаас болон бусад хэлбэрээр дэмжих нь маш чухал гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Түүний ярьснаар, татаас нь компаниудад хэт халуунаас үүдэлтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд илүү олон тоног төхөөрөмж худалдан авахад туслах ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0