
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 3 /BBC/. Америкийн “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс өөрийн хөрөнгийн ихэнх хэсгийг ирэх 20 жилийн хугацаанд Африкийн орнуудын эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг сайжруулахад зарцуулна гэдгээ мэдэгдсэн байна. Өдгөө 69 настай Б.Гейтс хэлэхдээ, эрүүл мэнд, боловсролоор дамжуулан хүний нөөц бололцоог нээж өгснөөр Африкийн бүх улс хөгжил цэцэглэлтийн замд орох ёстой гэсэн байна.
Тэрбээр Этиопын нийслэл Аддис-Абеба хотод үг хэлэх үеэрээ Африк дахь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахын тулд хиймэл оюуныг хэрхэн бүтээх талаар тунгаан бодохыг тус тивийн шинийг санаачлагч залуучуудад хандан уриалжээ.
Гейтсийн сангийн үйл ажиллагааг 2045 он гэхэд зогсоохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ үед 200 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолж буй хөрөнгийнхөө 99 хувийг нь хандивлана гэдгээ Б.Гейтс өнгөрсөн сард зарласан юм. “Би өөрийн хөрөнгийг ирэх 20 жилийн хугацаанд хандивлана гэдгээ саяхан амласан. Энэ хөрөнгө мөнгөний дийлэнх хэсгийг та бүхэнд тулгарч буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд зарцуулах болно” гэж тэрбээр Африкийн Холбооны төв байранд үг хэлэх үеэрээ мэдэгджээ.
АНУ-ын Засгийн газар Африкт үзүүлэх тусламж, тэр дундаа ХДХВ/ДОХ-ын халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэх хөтөлбөрөө Ерөнхийлөгч Дональд Трампын “Америк нэгдүгээрт” бодлогын хүрээнд зогсоосон нь тус тивийн эрүүл мэндийн салбарын ирээдүйн талаар санаа зовниход хүргээд байгаа юм.
Африкт олон жилийн турш үйл ажиллагаа явуулж ирсэн Гейтсийн сан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулахад анхаарлаа хандуулна гэж Б.Гейтс хэлжээ. Тус сангийн зүгээс мөн эх, нялхсын урьдчилан сэргийлэх боломжтой эндэгдлийг таслан зогсоох, хойч үеэ аминд халтай халдварт өвчнөөс ангид өсгөх, олон сая хүнийг ядуурлаас гаргах гэсэн гурван чухал зорилтыг эн тэргүүнд тавьж байгаагаа мэдэгдсэн байна.
Хөрөнгийнхөө 99 хувийг хандивласны дараа ч дэлхийн тав дахь баян хүн, тэрбумтан хэвээр байх магадлалтай гэж Bloomberg агентлаг мэдээлжээ.
Б.Гейтс 1975 онд Пол Аллентай хамтран “Майкрософт” компанийг үүсгэн байгуулсан бөгөөд удалгүй тус компани программ хангамж болон бусад технологийн салбарт тэргүүлэх болсон билээ. Б.Гейтс сүүлийн хэдэн арван жилд компанийнхаа ажлаас аажмаар хөндийрч, 2000 онд гүйцэтгэх захирлын албан тушаалаас огцорч, 2014 онд ТУЗ-ийн албан тушаалаа өгсөн юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Өмхий хог.
Үхээч чи,,,