
МУИС-ийн “Бодлогын мэдээ”- Policy News 2025.05 № 25 сэтгүүлд өгсөн анхны хувилбарыг уншигчиддаа толилуулъя.
Олон улсын харилцаанд тоглоомын шал өөр дүрэм оруулж ирэхийг Дональд Трамп хүссэн, тэр хүсэлдээ хөтлөгдөөд дэлхийг бужигнуулах их авантюраа хэрэгжүүлэх гэж махаа идэж байгаа дүр зураг Цагаан ордноос харагдана.
Трампын бужигнуулсан дэлхий дахинд нөхцөл байдал сансрын гэрлийн хурдаар өөрчлөгдөж байна. Бид, энэ цаг үеийн дэлхийн бүх хүн онц сонирхолтой цаг үед аж төрж, АНУ-ын түүхэнд, дэлхийн түүхэнд тохиож байгаагүй сонин этгээд гаж үзэгдлийн гэрч болохын босгон дээр байна.
Трампын авантюрыг тоймлобол:
1.1970-аад оны стратегийн гурвалжинг мөрөөдсөн Трамп тэр үед Хятадыг дэлхийд ганцаардлаас нь амжилттайгаар гаргаж ирсэн Р.Никсоны туршлагыг нэвтрүүлэх гэсэн биш зөрчилтэй зам руу халтирлаа. Гадаад харилцааныхаа стратегийг анхнаасаа буруу тооцоолсон нь харагдлаа. Хятадыг олон улсын тавцанд шахаж сулруулан ялагдуулахын тулд Оростой холбоотон болох гэсэн Трампын тооцоо үр дүнд хүрэхгүй. Орос бол, тэр дундаа Путины өнгөн дээрхи одоогийн Оросын эрх баригчид Трампыг зөвхөн хуурна. Орос-Хятад хоёр 30 жил АНУ-ын эсрэг, Өрнөдийн эсрэг, АНУ-ын манлайлал давамгайллын эсрэг хамтран тэмцээд де-факто улс төр-цэрэг-стратегийн холбоотнууд болчихсон, эдүгээ Орос-Хятадын бат бэх харилцааг гаднаас хэн ч эвдэж чадахгүй гэдгийг Трамп ойлгохгүй, харин ч Орос руу хүч хаяж, Украины эсрэг дайнд нь бараг хамсаатан болж орохын наагуур аашилж байна. Орос, Хятад нь аль хэдийнээ ахан дүүс болчихсон, Орос нь Хятадаас асар их хамааралтай, тэр хамаарлаа Хятад юугаар ч солихгүй, Орос дахь барьцаа цааш ахиулсаар байгааг Цагаан ордонд олж харж чадахгүй байна гэдэг нь өөрөө шоглоом юм. Трамп өөрөө тэр шоглоомныхоо золиос болж, АНУ стратегийн үнэнч холбоотнуудаа (НАТО, Европын Холбоо, Япон, Энэтхэг гэх мэт) алдаж, АНУ-ын аугаа их нэр хүнд олон улсын тавцанд унана гэдгийг Трамп ухаарахгүй байна. Трампгүйгээр болж бүтэх, өөрсдийгөө авч явж чадахаа харуулах гэсэн европчуудын чармайлт одоо явж явж “АНУ-гүйгээр” гэдэг рүү шилжлээ. G7 дотроо ч АНУ ганцаардах зам руу шулуудлаа.
2.Трамп түүхэнд урьд хожид дэгдэж байгаагүй худалдааны дайны өдөөгч автор боллоо. “Түрэмгий тариф” гэсэн нэршил АНУ-нд ирж наалдлаа. АНУ-ын өмнөх ямар ч Ерөнхийлөгч ийм алхмыг зориглон, эсвэл муйхарлан хийж байгаагүй юм. АНУ-ын түүхэнд “1929.10.24” онцгой бичигддэг. Одоогоос 96 жилийн өмнө Нью-Йоркийн хөрөнгийн биржид “Хар пүрэв гараг” тохиосон нь “Их хямрал”-ын эхлэл, тэр ч бүү хэл дэлхийн II дайн дэгдэхийн нэг гол шалтгаан болсон. 1932 оны сонгуульд ялж засгийн эрх авсан шинэ Ерөнхийлөгч Франклин Рузвельт тус улсыг “Их хямрал”-аас гаргасан түүхэн гавьяатан мөн. Тэгвэл энэ цаг үед АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч нь өөрөө оройлон даян дэлхийг худалдаа-тарифын том мөргөлдөөнд рүү түлхэж оруулаад үр дүнг нь төсөөлөхөхийн аргагүй болгочихлоо. Тэгснээрээ дэлхийн эдийн засаг-бизнес-худалдааны дэг журмыг эвдэн шинэ “Их хямрал”-ын эхийг тавьсан байх магадлалтай. “1929”, “2025” онуудыг харьцуулж үзвэл ойролцоо адилавтар зураглал харагдаж байна.
3.Бас л нэгэн зууны тэртээх үйл явдал АНУ-д тохиож магадгүй байна. Дэлхийн нэгдүгээр дайныг дуусгасан гавьяатан, 14 зүйлт саналаараа дайны ялалтыг хангаад зогсохгүй, дайны дараахи дэлхий дахиныг, юуны өмнө Европыг төвхнүүлэх эхлэлийг тавьсан, Олон улсын харилцааны Версалийн тогтолцооны гол автор Вудро Вильсоны их үйлсийг АНУ гацааж зогсоосон төдийгүй АНУ-ыг Европын холбоотнуудаас нь салгаж АНУ-ыг тив дээр нь хашиж зожигруулсны гайгаар Европт фашизм, нацизм амилаж, Япон милитаризмын зам сонгож, тэр нь явсаар дэлхийн II дайнд хүргэсэн тэр гашуун түүхийг Трамп хэзээ ч уншиж сонсоогүй мэт авирлан дэлхий дахиныг доргиосон худалдааны дайндаа ганцаардан, холбоотнууд түншүүдийнхээ өмнө тун хүнд байдалд эх орноо оруулчихаад байна.
4.Жо Байден Трампад ийм дүгнэлт өгчээ:–Трампын Засаг захиргаа 100 хүрэхгүй хоногийн дотор маш их хохирол, сүйрэл учруулсан нь үнэхээр гайхал төрүүлж байна гэжээ. “Трамп АНУ-ыг Үндсэн хуулийн хямрал руу түлхлээ. Автократ дэглэмийн олон шинж тэмдэг ил боллоо. Хуулийн дээр өөрийгөө гаргаж тавихыг оролдож байна. Хүчээр муйхраар дайрч бодлогоо тулгах зам руу орлоо. Ердөө л авторитаризм харагдаж байна” хэмээн америкийн шинжээч Юрий Рашкин тэмдэглээд өнөөгийн Трампын муйхар тулгалтыг 1917 оны Орост большекууд, 1933 онд Германд нацистууд, 2000 онд Путин Орост засгийн авсантай зүйрлэж гүйцэтгэх засаглал нь хууль шүүхийнхээ дээр гарч бодлогоо тулгаж хэрэгжүүлдэг түүхэн жишээнээс дурджээ. Энд маш ноцтой зүйлийг сэрэмжлүүлж байна.
5.Трампын эхний “100 хоног”-ийн (англиараа 100 өдөр) үйл ажиллагааг Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан Намын бүлгийн удирдагч Хаким Жеффрис дүгнэхдээ “Трампын засагласан эхний 100 хоног бол хаос, харгислал, авилгын 100 хоног боллоо” гээд Америк орныхоо талаар Трампын гаргаж буй шийдвэрийг яаралтай цэгнэн үзэхийг Бүгд найрамдахчууддаа хандан уриалжээ. Жеффрисийн үзэж байгаагаар бол Цагаан ордон дахь одоогийн Засаг захиргаа бүрэн дампуураад байгаа ажээ. Сенатч Мак Келли (NASA-д астронавт явсан) хэлжээ:–Трамп тангарагаа өргөж ажилдаа орсноос хойш 100 өдөр өнгөрчээ. Тэгээд бид ямар үр дүнд хүрэв? Улс орон ядуурлаа, авилгажлаа, аюулгүй байдал суларлаа. Гэвч би тэмцлээсээ ухрахгүй, бууж өгөхгүй, Та ч бас тэгэхгүй байгаарай гэжээ.
6.Трамп гэдэг хувь хүний хүмүүжил, араншин, сэтгэл зүй, боловсролын түвшин АНУ-ын ба дэлхийн улс төрийг бужигнуулах хэмжээнд очиж байна. Трампыг хүчирхэг мөртлөө барьцгүй авантюрист гэж олон улсад оношилдог болжээ. Үнэхээр гайхамшигтай шоу тоглолт хүн төрөлхтөн үзэж байна. Трамп өглөө юу бодож сэрдэг, өдөр яаж шийддэг, оройг яаж дуусгадаг нь тэр чигтээ театрын, эсвэл кино урлагийн үзүүлбэр ч юм шиг. Трампын тухай бүх төсөөлөл, түүний бодлого төлөвлөлт, шийдвэр гаргах, тэр ч бүү хэл хууль дүрэм, журам, тоглоомын дүрмийг бүгдийг нь нулимаж болдогийн сонгодог жишээ нь Трамп өөрөө болж байна. Трампын хэлсэн ярьсанд итгэхэд тун хүнд боллоо. Ер нь өөрт нь итгэл үнэмшил, зарчим, бүр боловсрол гэж байна уу гэдэг дээр ч эргэлзэх боллоо. Хамгийн хүнд байдалд АНУ, эх орон нь, америкчууд өөрсдөө орчихоод байна.
7. Трамп Орос-Украины дайны тухай маш гэнэн, хийсвэр ойлголттой, эсвэл тэгж тархиа угаалгадаг, эсвэл боловсрол мэдлэгийн түвшин нь тэр болов уу гэмээр этгээд сонин байр суурьтай. Үе үе солигдоно. Олон улсын хууль, эрх зүй, дайны хууль, дайны дүрэм, дайны гэмт хэрэг, аливаа улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын тухай Трамп тун өрөөсгөл ойлголттой нь харагдаж байна. Ганц жишээ. ОХУ-ын зэвсэгт хүчин Украины Сумы муж руу цохилт өгч эрдэнэт 35 хүний аминд хүрч, 117 хүн шархадсаны дараа Трамп Зеленскийг буруушаасан мэдэгдэл хийж байв. Зеленскийд хандаж “Өөрөөсөө 20 дахин илүү том хэмжээний дайсны өмнөөс дайн эхлүүлж, хэн нэгэн зэвсэг өгнө гэж найдах хэрэггүй байсан юм. Зеленский үргэлж зэвсэг худалдаж авах гээд л явж байдаг. Дайн эхлүүлэхдээ ялж чадах эсэхээ мэдэх ёстой байсан” гэсэн нь нэг ёсны украинчуудыг доромжилж тавласан хэрэг юм. Путинд ухрах араа байхгүй, “Хүйтэн дайн”-д ялагдсандаа өширхөөд Өрнөдтэй дайсагнаад, ядаж хуучин Зөвлөлт Холбоот Улсын нутаг дэвсгэрээ буцааж авах гээд энд тэндгүй дайн мөргөлдөөн, гибрид дайн хийгээд байна гэдэг нь Трампаас бусад бүх хүний нүдэн дээр ил байхад Трамп цор ганцаараа Путинээс энх тайван горьдсон хэвээрээ. Буруутгавал өөрөөсөө бусдыг нэгэн зэрэг буруутгана. “Гурван хүнээс болж олон сая хүн амиа алдаж байна. Нэгдүгээрт Путин, хоёрдугаарт ямар чөтгөрөө хийгээд байгаагаа мэдэхгүй явсан Байден, гуравдугаарт Зеленский” гэж ярьдаг.
8.Өөрийгөө хэт үнэлсэн, хэт махруу, бухимдуу, тууштай чанарыг нь харьцуулна гэвэл ОХУ-ын одоогийн Ерөнхийлөгч Путин Трампад дөхөж магадгүй юм. Трамп, Путин хоёрт нэг ижил чанар байгаа нь ердөө эрх ашгийг хэт дээдлэх зарчим! Трамп бол 2020 оны сонгуульд ялагдсандаа, улс төрд эрт орж чадаагүй дээ, өмнөө Обама, Байден гэж Ардчилсан Намын хоёр Ерөнхийлөгчийг оруулчихсандаа насан туршдаа өширхөж гомдсон хүн юм. Трамп бол өшөрхүү, өнгөрсөн цагтаа харамсагч хүн юм. “Би байхгүй яав даа. Би даан ч байж чадаагүй юм шүү дээ, тэр үед” ердөө философи нь энэ! Түүний хэлсэн үгс улиг болсон, яг л зурагдсан пянз гэсэн үг. “Хэрэв Байдены оронд би байсан бол Орос-Украины дайн дэгдэхгүй байсан, би байсан бол 2023 оны 10 дугаар сарын 7-нд ХАМАС Израиль руу довтлохгүй байсан. 2014 онд Украин Крымээ Орост алдаж, Донбасстаа иргэний дайн дэгдээлгэсний буруутан нь Обама. Обама байсны гайгаар тэр хямрал дэгдсэн. Бушийн үед оросууд Гүржийг авсан, Обамагийн үед Крымыг оросууд авсан, би байсан бол тэгүүлэхгүй байсан. Ямар азаар би одоо ирэв ээ”–энэ бол Трампын хөдлөшгүй итгэл үнэмшил нь.
9.Трамп өөрийнхөө төлөөлж буй Бүгд найрамдах намаа булшлах их аяныг эхлүүлсэн болов уу гэж би дүгнэж байна. Тэр АНУ-ын нийгэм-улс төрийг богино хугацаанд бужигнуулж чадлаа. Одоо БНН-аа хагалж, 2026 оны завсрын сонгууль, 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд БНН ялагдах шалтгааныг Трамп өөрөө санаачлав гэж америкийн ТВ, сайтуудаар яриад байна. “АНУ түүхэндээ холбоотнуудаасаа салах том эрсдлийн өмнө ирлээ” хэмээн Жон Болтон (ҮАБ-ын Зөвлөх нь асан) анхааруулсан. АНУ-ын 37 дахь Ерөнхийлөгч Ричард Никсон импичментээр унахын даваан дээр өөрөө саналаараа огцорсноос хойш 51 жилийн дараа Трамп инпичментлүүлж таарах болов уу. Тун удахгүй ТНБД нь түүнээс нүүр буруулж магадгүй, Трампын команд тарж мэдэхээр байна. 2028 он хүртэл Трамп 47 дахь Ерөнхийлөгчөөрөө хэвийн тайван, эрсдэлгүй ажиллаж чадна гэх итгэл АНУ-д ч, дэлхий дахинд ч байхгүй болж байх шиг байна. Импичмент хэзээ мөдгүй тулаад ирэх юм биш байгаа гэсэн хүлээлт сэтгэл зүй хааяагүй төлөвшиж байна.
Дүгнэж үзвэл АНУ түүхэндээ ийм гутамшигт байдалд орж байгаагүй, ийм гутамшигт байдлыг америкчууд тэсэхгүй, АНУ-д нийгэм-эдийн засаг, санхүүгийн том хямрал айсуй! Трампын тарьсан балагийг арилгах гэж АНУ том өртөг төлнө.
Д.Баярхүү
Сэтгэгдэл9
bayrxuu zub
Хошного трамп бөгспутин шиг нарциссмэн,,,,хоёулаа эрх мэдлийн туйлд гарсан нохойн бааснууд,,,””түрүүний бөөс толгойд гарах””””ын үлгэр юмшүүдээ,,,
хэт нэг талыг барьжээ. ардчилсан намынхан ч сайн сайхан нөхдүүд биш шүү. судлаач хүн бол хөндлөнгөөс харж бичих ёстой
Ха ха ха….АН-ыг сайн сайхан гэж огт бичээгүй байна….
Ардчилсан нам америкийн эдийн засгийг сэхээнд оруулсан
jorlongiin baas chi hol ochij nyalgad
Жо Байдены үед ажилгүйдэл хамгийн доод түвшиндээ очсон байсан одоо эргээд ажилгүйдэл нэмэгдэж байна….Трампыг дэмжиж байсан MAGA-чууд хүртэл одоо Трампыг огцруулахыг шаардаж эхэллээ
Америк ноёрхол үүрд мөхөж байгаа. Цаашид эцэс төгсгөл байхгүй уруудан доройтох замдаа орсон. Хятадын мандах эсэх тодорхойгүй бараг буцаад буурах бололтой. Энэтхэг ирээдүйд мандах биз.
Заримдаа Трамп гуайг бүр гайхах юм. Мөн ч их савалгаатай, хэвийн бус сэтгэл зүйтэй хүн байна гэдгийг дэлхийгээрээ нэг ярьж байх шиг байна даа.