sonin.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хууль бус охин Елизавета Руднова (Кривоногих) Францын урлагийн L’association нийгэмлэгийн менежер болсон талаар сэтгүүлч Настя Родионова мэдээлжээ. Энэхүү мэдээллийг тус байгууллагын удирдлагууд түүнд хэлсэн байна.

21 настай Руднова Парисын Albatros болон L Galerie студид ажилладаг бөгөөд тэнд дайныг эсэргүүцсэн уран бүтээлчид, тэр дундаа Украины уран бүтээлчдийн бүтээлийг дэлгэн тавьдаг ажээ. 


2024 онд тэрбээр Францын нийслэлд байрладаг ICART менежмент, урлагийн сургуулийг төгсчээ.


Путины хууль бус охин Парист сурдаг талаар анх Украины TSN хэвлэл мэдээлсэн бөгөөд тус хэвлэлийн мэдээлснээр уг бүсгүй Елизавета Олеговна Руднова гэдэг нэрээр амьдардаг ба олон нийтийн сүлжээнд Луиза Розова хэмээх нууц нэрийг ашигладаг гэжээ. 

Олег Руднов нь 2015 онд нас барсан Путины дотны найз бөгөөд тэрбээр Санкт-Петербург хотын хэвлэлийн менежерээр ажилладаг байсан гэнэ.


Тэрбээр амьд ахуйдаа ерөнхийлөгчийн нууц даалгаврыг гүйцэтгэдэг байсан бөгөөд ялангуяа Елизаветагийн ээж Светлана Кривоногихад түүний нэр дээр үл хөдлөх хөрөнгө худалдаж авч өгсөн гэж Proekt сайт мэдээлжээ. 


Эрэн сурвалжлах сэтгүүлчид мөн Кривоногих Путинтэй танилцахаасаа өмнө Санкт-Петербург хотын нийтийн байранд амьдарч, цэвэрлэгч хийдэг байсныг тогтоосон байна.

2003 онд охиноо төрүүлсний дараа тэрбээр "Россия" банкны хувьцаа зэрэг хэд хэдэн компанийн капиталд нэгэн зэрэг хөрөнгө оруулалт хийж, Москва, Санкт-Петербургийн Каменный арал дээр тансаг зэрэглэлийн орон сууц худалдан авч, Ленинград муж дахь "Игора" цанын бааз, Ленинградын төв театрын хамтран эзэмшигч болжээ. 


Мөн «Важные истории» сайт Кривоногих Монакод Монте Карло казиногийн ойролцоо Газар дундын тэнгисийн үзэмжтэй орон сууц эзэмшдэг болохыг тогтоосон бөгөөд 2010 онд түүний хөрөнгийг 7.7 тэрбум рубль (энэ нь тухайн үеийн ханшаар 100 сая доллар) гэж үнэлжээ.

Харин Кремль Путиныг Кривоногихтэй холбоотой гэдгийг үгүйсгэж, тэд энэ нэрийг анх удаа "сонсож" байна гэж мэдэгдсэн байна.


Эх сурвалж: moscowtimes.ru

Ж.Бат