sonin.mn

Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа 3.4 дэх жилдээ (1207 өдөр шөнө) шилжээд өрнөж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс Одессын хотын зөвлөлийн экс-депутат Игорь Димитриевийн бичсэнийг энэ удаа онцлов. Оросын Цэргийн тусгай ажиллагааны (“СВО”) дүнг гаргасан нийтлэл И.Димитриев бичсэнийг Dialog.UA сайт бүрэн эхээр нь ил болгосныг бүрэн эхээр нь орос хэлнээс буулгалаа. Энд sonin.mn сайтын редакцын байр суурь тусгагдаагүй болно. Игорь Димитриев бол бүр 2014 онд эх орноосоо Орост урвасан, 2022 оны хоёрдугаар сард оросын танканд сууж Киев рүү чиглэж яваад замаасаа буцсан. Киевт очоод шинэ Украины засгийн эрхийг барилцах төлөвлөгөөтэй явсан ба түүнийг Украин даяар “коллаборант Игорь Димитриев” хэмээн чичлэн шүүхэд дуудсан, одоо хаана байгаа нь үл мэдэгдэх нэгэн бөгөөд Азийн аль нэг улс руу зугтсан гэж үздэг. 


И.Димитриевийн нийтлэлд энэ дайныг өдөөснөөрөө ОХУ бүх талаар уруудан доройтсон, одоо мөхөл хүлээж байгаа гэсэн санаа нэвт шингэжээ. Өрнөж буй үйл явцыг тэрээр бодитой олж харсан бололтой. Гэмээ цайруулахаар бичив үү, аль оросууддаа сэрэмжлүүлж “Одоо наад тэнэглэлээ боль!” гэж анхааруулав уу, аль алин нь байх.


Димитриев:–Орос одоо лидер биш, бид хуурагджээ. Украины эсрэг одоогийн дайн нь Оросын хувьд жинхэнэ катастроф болжээ. “СВО” гэгчийн үр дүнд туйлын сэтгэл дундуур байна. Энэ дайндаа Орос нь Украинд ялагдсан төдийгүй, бүр геополитикийн үүрэг ролио ч алдлаа. 


2022 оны нэгдүгээр сард ОДКБ эвслийн цэргийг Казахстан руу оруулж байсан богино дурсамж ой санамжнаас арилаад алга болсон. Тэр үед Орос нь тогтвортой байдлын баталгаа, арбитр, хүчний төв гэж ойлгогдож байлаа. Гэтэл одоо тийм мэдрэмжээс үлдсэн юм юу ч алга.


Казахстан өөрийн замаараа итгэлтэй урагшлаж, өөрийн стратегийн аюулгүй байдлаа төлөвшүүлж байна. Их Британитай цэргийн хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурж, офицеруудаа британийн цэргийн академиудад бэлтгэж байна. Сингапур түнштэйгээ хамтран НАТО-гийн стандартын 155 мм голчтой сумны завод байгуулчихсан байна. Барууны загвараар нутаг дэвсгэрийн нөөц хүчний систем нэвтрүүлсэн байна. Ийм парадигм дотор Оросыг холбоотон гэж авч үзэхгүй, харин ч томхон ноцтой аюул занал гэж авч үздэг болсон байна. 


Азербайжан нь армяны Арцах гэдгийг ОДКБ-г тоож харалгүй эцэслэн устгалаа, тэр дунд нь оросын энхийг сахиулагчид ч амиа алдлаа.


2024 оны 12 дугаар сард иргэний агаарын тээврийн онгоцыг нь сөнөөсний дараа тэд Москвагаас уучлах гуйхыг илээр шаардаж, нөхөн төлбөр нэхэж, оросын төрийн байгууллагын салбар офисуудыг хаасан. Алиев ил тоглодог болсон, юу гэвэл Украинтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэн өргөжүүлж, хүмүүнлэгийн туслам үзүүлж, нэр төдий төвийг сахихаасаа бултсан. Армен нь өнгөрсөн үед Өвөр Кавказ дахь Оросын үндсэн гол холбоотон байсан бол одоо оросын орбитыг хэрэг дээрээ орхисон. Пашинян өөрөө ОДКБ-гаас гарлаа гэдгээ удаа дараа зарлаж, байнгын төлөөлөгчөө энэ эвслийн байгууллагаас татаж авсан, оросын суртал нэвтрүүлгийн сувгуудыг хаасан. Узбекистан ОДКБ-г 2012 оноос үл хэрэгсэж, тэгсэн мөртлөө Европтой түншлэлээ дээд хэмжээний уулзалт, салбарын хэлэлцээрүүдээр дамжуулан хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онд “чеченийн ул мөр”-тэй холбоотойгоор төрийн түшмэлийг хөнөөсөн хэргээр Москва, Ташкентын хооронд байдал хурцадсан.


Төвийг сахисан Финландын оронд өнөөдөр 1300 км-ээр НАТО-той Орос хиллэдэг болсон. Дэлхийн II дайнд төвийг сахиж байсан Швед хүртэл НАТО-гийн цэргийн хээрийн сургуульд оролцож, Украинд зэвсэг нийлүүлж байна. Бүх Хойд Европ нь Арктик ба Балтийн тэнгист зэвсэгт хүчнээ хамтран бэхжүүлж байна. Бүх Европ Оросын эсрэг нэгдмэл эвсэл болж хувирлаа. Герман нь цэргийн захиалгын үйлдвэрлэлийн хүч чадлаа сэргээн босгож байна.


Европын Холбоо цэргийн зардлаа ДНБ-ийнхээ 5%-д хүргэхээр баримжааллаа. Анх удаагаа Европын батлан хамгаалах нэгдсэн төсөв буй боллоо. Сири гэж саяхан болтол оросын геополитикийн нөлөөний үзмэрийн үүрэгтэй байсан бол одоо оросын тал баримтлагч этгээдүүдийг үй олноор нь цаазалдаг тавцан болж хувирлаа. 


Сири дэх оросын цэргийн бааз гэж Африкт нөлөөлж чадах уу даа гэж эргэлзэхээр хамгийн эмзэг сул газар болж хувирсан. Өнгөрсөн гурван жилд Евразийн аюулгүй байдлын архитектур үндсээрээ өөрчлөгдлөө. Орос бол цаашдаа бүс нутгийн лидер биш болсон, улс төрийн төв, тогтвортой байдлын баталгаа алин нь ч биш. Оросын геополитикийн жин нөлөө зөвхөн багассан төдийгүй бүр унасан. Оросын гадаад бодлогын бүх масштаб нь өнөөдөр Донецк ба Сума мужид явуулж буй тактикийн тулалдаан л болж хувираад байна. Аль вэ, Киев дэх дэглэмийг маш хурдан сольчихно гэсэн чинь Оросын өөрийнх нь геополитикийн капиталыг залгиж буй сунжирсан цуст аллага болгож орхилоо. Одоо оросын цэргийн бүх машин Украин тосгоныг дайрч эзлэхэд л төвлөрч байна. Урагшилдаггүй фронтын төлөө бүх хүч нөөц нь бараг шавхагдаж байна. Хаашаа явж байгаа нь бүр 2022 онд ойлгогдож байсан даа. Тэгэх тусмаа ОХУ-ын эрх баригчид Украины батлан хамгаалалтыг давах гэж бүр маниак маягаар зүтгэснийг яана.


Украиныг ялагдуулаад нураагаад авбал бүх асуудал аяндаа 2021 он руугаа орчихно гэж Кремльд итгэж байсан нь илт. Хэрэв тэр үед Украин нураад унасан бол дэлхий ертөнц эргэн тойрон шал өөр болох байсан биз.


Бид санкц тавигдана, зах зээлээ алдана, Хятадаас бүрэн бүх талаар хамааралтай болно чинээ төсөөлөөгүй. Ингэхэд ер нь Орос энэ бүхний хариуд юу олж авсан юм бэ? Америкийн Ерөнхийлөгчийн цагаа олоогүй цаасан малгайны үгс, Африкийн удирдагчдын айлчлалууд уу? Дэлхийн удирдагчид айлчлах санал тавиад тогтмол утас цохиод байгааг хариу нь гэх үү? Урьд цагт Орос бол албан ёсоор төвийг сахисан орнуудаас бүрдсэн буфер бүсээр хүрээлэгдэж байлаа. Одоо бол батлан хамгаалах цэргийн эвслүүдийн системээр бүслэгдсэн байна. Тэдэн дотор Москвад нэг ч холбоотон алга, зуучлагч ч алга. Энэ бол эргэлтгүй болсон тектоник хөдлөл юм. Геополитикийн тусгай ажиллагаа нь харин ч бүр шууд эсрэгээрээ явж байгааг баримтууд хэлээд өглөө – урвагч Димитриев.



Орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь