
6-р сарын 17-ны үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин, Туркменистаны ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар Астанад болсон Хятад, Төв Азийн дээд хэмжээний 2-р чуулга уулзалтад оролцох үеэрээ уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ, "Хятад, Туркменистан хоорондоо улс төрийн харилцан бат итгэлцэлтэй, хамтран ажиллах ихээхэн хүсэл эрмэлзэлтэй, харилцан нөхөх давуу талтай юм. Туркменистаны талтай хамтаар харилцан хүндэтгэж, хамтран ажиллаж хамтаар амжилтад хүрэх үндэс суурь дээр хамтын ажиллагааны нөөц бололцоогоо бүрэн нээж, хоёр талын хамтын ажиллагааны гүн, өргөн, цар хүрээг иж бүрэн өргөтгөж, Хятад, Туркменистаны хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг ахиулахад Хятад улс бэлэн байна. Хоёр тал "Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулах санаачлага болон “Торгоны замыг сэргээн хөгжүүлэх" стратегийг холбох ажлыг сайтар хэрэгжүүлж, хоёр орны байгалийн хийн хамтын ажиллагааны цар хүрээг өргөтгөж, баялгийн бус салбар дахь хамтын ажиллагааг нэмэгдүүлж, худалдааны бүтцийг сайжруулж, бүс нутгийн дэд бүтцийн түншлэлийн түвшнийг дээшлүүлэх нь зүйтэй. Харилцан соёлын жил арга хэмжээ зохион байгуулах үндсэн дээр соёлын солилцооны үйл ажиллагааг улам ихээр өрнүүлж, харилцан бие биенийхээ улс оронд соёлын төв байгуулах ажлыг түргэтгэж, ард түмний сэтгэлийн холбоосыг ахиулах ёстой. Хууль сахиулах, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлж, "гурван хүчин"-д хамтран цохилт өгч, кибер аюулгүй байдлын хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх хэрэгтэй гэв.
Бердымухамедов хэлэхдээ, Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин даргатай уулзаж байгаадаа маш их баяртай байна. Энэхүү дээд хэмжээний уулзалт нь Төв Азийн орнууд болон Хятад улс хоорондын хамтын ажиллагааг ахиулах төдийгүй Туркменистан, Хятадын хоёр талын хамтын ажиллагааг ахиулна гэдэгт итгэлтэй байна. Туркменистан, Хятадын харилцааг иж бүрэн, гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь стратегийн чухал ач холбогдолтой юм. Хятад улстай хамтын ажиллагаагаа иж бүрэн өргөжүүлж, Хятад улсад байгалийн хий экспортлохоо нэмэгдүүлж, машин үйлдвэрлэл, нэхмэл эдлэл зэрэг баялгийн бус салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, дэд бүтцийн түншлэлийг эрчимжүүлж, боловсрол, соёлын солилцоог ахиулж, хууль сахиулах болон аюулгүй байдлын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад улстай НҮБ зэрэг олон талт индэр дэх зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын шударга ёсыг хамгаалахад Туркменистан улс бэлэн байна гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0