sonin.mn

Хятад болон Төв Азийн орнуудын харилцаа эртний түүхтэй бөгөөд Торгоны замын нөхөрлөл өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Хятад-Төв Азийн дээд хэмжээний анхны уулзалтаас хойш хоёр талын аялал жуулчлалын харилцаа улам бүр нягтарч, иргэдийн харилцан ойлголцлын чухал гүүр болжээ. Одоогоор хоёр тал бие биенийхээ аялал жуулчлалын гол бүс нутаг болж, харилцан зорчих жуулчдын тоо эрс нэмэгджээ.


Жуулчдын харилцан зорчих тоо өсжээ


2025 оны зургадугаар сарын 1-нд Узбекистаны Ташкент хотоос 160 орчим зорчигчтой онгоц Хятадын Шиньжяны Үрэмч хот Тяньшань олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Энэ өдөр Хятад, Узбекистан хоорондын визгүй зорчих бодлого хүчин төгөлдөр болсон анхны өдөр байв. Уг бодлогын хүрээнд Узбекистаны анхны визгүй жуулчид Хятадад аяллаа эхлүүлжээ. Мөн 2023 оны арван нэгдүгээр сарын 10-наас Хятад, Казахстаны хооронд визгүй зорчих бодлого хэрэгжиж эхэлсэн бөгөөд хоёр орны иргэд харилцан визгүй аялж байна.


Казахстаны жуулчин Наталья Шиньжянд аялж явахдаа “Энд үнэхээр гайхалтай үзэсгэлэнтэй, хүмүүс нь ч маш найрсаг. Хөтчийн танилцуулга надад их таалагдлаа, энэ нутгийн соёл, зан заншлын талаар илүү гүнзгий ойлголттой болсон” хэмээв. Он гарснаас хойш Шиньжяныг зорих Төв Азийн аяллын багуудын тоо нэмэгдэж, Үрэмч хот Төв Азийн жуулчдын заавал очиж үзэх ёстой газрын нэг болжээ.


Аялал жуулчлалын платформуудын сүүлийн мэдээллээс харахад, он гарснаас хойш Төв Азийн орноос Хятадад ирэх аяллын захиалга өнгөрсөн оны мөн үеэс 106 хувиар, тэр дундаа Узбекистанаас ирэх жуулчдын захиалга 164 хувиар өсжээ. Төв Азийн жуулчдын хамгийн ихээр сонирхдог хотууд нь Гуанжөү, Ханжөү, Бээжин, Үрэмч, Ши-ань, Чэндү, Шанхай, Шэньжэнь, И-ү, Чиндао юм. Харин Хятадын жуулчдын Төв Ази руу аялах захиалга өнгөрсөн оны мөн үеэс 74 хувиар, тэр дундаа Узбекистан руу аялах захиалга 60 хувиар өсжээ. Төв Азийг зорьсон Хятадын жуулчдын дийлэнх нь Үрэмч, Бээжин, Ши-ань, Ханжөү, Чэндү, Шанхай, Гуанжөү хотоос аяллаа эхэлж, Ташкент, Алматы, Чимкент, Бухара зэрэг хотуудаар зочилж байна.




Олон төрлийн онцлог бүтээгдэхүүн


Хятад, Төв Азийн орнууд харилцан аялал жуулчлалын чухал чиглэл болсноор жуулчид тухайн нутгийн түүх, соёл, зан заншил, иргэдийн амьдралтай бүрэн танилцах боломжтой болжээ. Төв Азийн жуулчид Шиньжяны музейг үзэж, олон улсын том захаар зочилж, нутгийн онцлогтой амттан амсаж, байгалийн өвөрмөц үзэсгэлэнг сонирхдог. Харин Хятадын жуулчид Торгоны замын дагуух Төв Азийн алдартай хотуудаар аялж, хонины махтай будаатай хуурга, адууны мах зэрэг нутгийн онцлог хоолыг амталдаг.


Шиньжяны баруун бүсийн олон улсын аялал жуулчлалын агентлагийн хариуцлагатан хэлэхдээ: “Төв Азийн жуулчид Хятадын соёл, түүхэд ихээхэн сонирхолтой байдаг нь бидэнд аялал жуулчлалыг хөгжүүлэх сайн боломж олгож байна. Бид аяллын хөтөлбөрөө баяжуулж, Үрэмчийн сонирхол татах байдлыг улам нэмэгдүүлэхийг зорьж байна. Төв Азийн жуулчдад зориулж сувилахуйн аялал, худалдааны аялал зэрэг таван төрлийн маршрут боловсруулсан” гэжээ.


Хятадын залуучуудын аяллын агентлаг “Aoyou” компанийн төлөөлөгч хэлэхдээ, “сүүлийн үед Төв Ази Хятадын жуулчдын аяллын жагсаалтад багтах болсон. Казахстан баялаг аялал жуулчлалын нөөцтэй бөгөөд Алматы, Астана хотууд Хятадын жуулчдын сонирхлыг татдаг. Узбекистан ч эртний баялаг түүх, соёлтой учраас жуулчдыг ихээхэн татна. Хятадын жуулчид ихэвчлэн аяллын агентлагийн хөтөлбөрөөр багаар аялдаг бөгөөд дийлэнх нь тэтгэврийн насныхан байдаг” гэжээ.