sonin.mn

РЮССЕЛЬ, 2025 оны зургаадугаар 23 /DW/. НАТО-гийн гишүүн орнуудын батлан хамгаалах зардлыг 2035 он гэхэд ДНБ-ий 5 хувьд хүргэх ёстой. Умард Атлантын эвслийн гишүүн 32 улс энэ сарын 24-25-нд Гааг хотноо болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө ийм тохиролцоонд хүрсэн тухай dpa, AFP, Reuters агентлагууд дипломат эх сурвалжийг эш татан мэдээлжээ. 

Зургаадугаар сарын 25-нд албан ёсоор батлах ёстой дээд хэмжээний уулзалтын эцсийн баримт бичигт дурдсанаар, НАТО-гийн гишүүн орнууд одооноос эхлэн ДНБ-ийхээ 3.5 хувийг батлан хамгаалахын хэрэгцээнд зориулах ёстой. Харин үлдсэн 1.5 хувийг терроризмын эсрэг тэмцэл болон танк явах гүүр, төмөр зам, боомт зэрэг цэргийн дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байна. 




НАТО-гийн гишүүн орнууд батлан хамгаалахын зардалд ДНБ-ийхээ 2 хувийг зарцуулах үүрэгтэй. Харин энэ хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Оросоос учирч буй аюул улам бүр нэмэгдэж, мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европыг хамгаалах үүрэг хариуцлагыг европчуудад өөрсдөд нь хүлээлгэх шаардлага тавьж буйтай холбон тайлбарлажээ. 




Эвслийн гишүүн орнууд батлан хамгаалахын зардлаа ДНБ-ийхээ 5 хувьд хүргэхээр тохиролцсоныг НАТО дахь АНУ-ын Байнгын төлөөлөгчийн газар сайшаажээ.



Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг