sonin.mn

БНХАУ-ын Тяньжинь хотноо дэлхийн эдийн засгийн чиг хандлага болон аж үйлдвэрлэлийн өөрчлөлт шинэчлэлтийн гол барометр болох “Зуны Давос” чуулга уулзалт болж байна.

“Зуны Давос” чуулга уулзалт нь цар хүрээ, оролцогчдын тоогоороо сүүлийн жилүүд дээд амжилтыг шинэчлэн тогтоож буй бөгөөд мягмар гарагт эхэлсэн 2025 оны чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 1,700 гаруй төлөөлөгч оролцож байна.

Уг чуулга уулзалтыг Дэлхийн эдийн засгийн форумын (WEF) “Шинэ манлайлагчдын чуулга уулзалт” гэж мөн нэрлэдэг бөгөөд энэ оны чуулган нь “Шинэ эриний энтрепренершип” сэдвийн хүрээнд болж байна.  


Дэлхийн эдийн засгийн ирээдүйг тольдсон таван чиглэл


16 дахь удаагийн “Зуны Давос” чуулга уулзалтад оролцогчид дэлхийн эдийн засгийн тулгуур асуудлуудыг бүхэлд нь хамарсан таван үндсэн чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж, санаа бодлоо солилцож байна. Үүнд:


1.  Дэлхийн эдийн засгийн чиг хандлага: Хямрал, инфляц, худалдааны шинэ сорилтуудыг шинжлэх.


2. Хятад улсын эдийн засгийн хэтийн төлөв: Өндөр чанартай өсөлт, олон улсын нээлттэй бодлогын үр нөлөөг харуулах.


3. Аж үйлдвэрийн өөрчлөлтүүд: Технологийн шинэчлэл, автоматжуулалт, салбарын дижитал шилжилтийг онцлох.


4. Хүн ба байгаль дэлхийд хөрөнгө оруулалт: Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалалд чиглэсэн тогтвортой хөрөнгө оруулалтын хэлэлцүүлэг.


5. Шинэ эрчим хүч ба материалууд: Ногоон эрчим хүч, сэргээгдэх технологи болон шинэ материалын шинжлэх ухааны хөгжлийг дэмжих.


“Зуны Давос” нь бизнесийн ирээдүй, технологийн дэвшлийг илүү чухалчлан авч хэлэлцдэгээрээ жил бүрийн 1-р сард Швейцарийн Давос хотноо болдог Дэлхийн эдийн засгийн чуулганаас ялгаатай.


Зохион байгуулагч Хятад улс дотоодын эдийн засгаа өндөр чанартайгаар хөгжүүлэх, нээлттэй бодлогыг тууштай хэрэгжүүлэх, дэлхийтэй эдийн засгийн үр өгөөжөө хуваалцах байр сууриа улам бүр бататгаж байна.




Ногоон эрчим хүчний шинэ эрин ба тогтвортой хөгжлийн туршлага


Уг чуулга уулзалтын зохион байгуулалт ч өөрөө ногоон эрчим хүч, тогтвортой хөгжлийн үлгэр жишээ болж байна. Чуулга уулзалт болж буй Үндэсний конвенц, үзэсгэлэнгийн төв нь нарны эрчим хүчийг ашиглах фотоволтайк системээр 100 хувь хангагдсан байна. Ингэснээр 800,000 кВт.цаг сэргээгдэх эрчим хүч ашиглан 300 тонн нүүрсний шаталт, 600 тонн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулсан байна.

Төвийн дотоод засал чимэглэл нь дахин боловсруулсан материал, загасны тороос гаргаж авсан байгалийн гаралтай будгаар хийж, оролцогчдыг шинэ эрчим хүчний автомашинуудаар тээвэрлэж буй зэрэг нь ногоон үзэл баримтлалын хэрэгжилтийн нэгэн илрэл юм.




Хиймэл оюун ухаан — Дэлхийн эдийн засгийг дэмжих түлхүүр


Чуулга уулзалтын бас нэгэн гол цөм нь хиймэл оюун ухаан (AI). “AI Plus” стратеги нь Хятадын эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, бодит үйлдвэрлэлд AI-г нэвтрүүлэх замаар бүтээмжийг хэдэн зуу дахин өсгөх боломжтойг шинжээчид онцолж байна.

Тус салбар дахь Хятадын үүргийг онцлон “Хятадын AI-ийн арга барилыг ойлгох нь” сэдэвт тусгай хэлэлцүүлэг ч зохион байгуулсан бөгөөд “хиймэл оюун ухааны хөгжил бол аж үйлдвэрийн шинэ хувьсгал” гэж чуулганы индрээс Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр тодорхойлон хэлсэн нь энэ технологийн хурдтай хөгжлийн үнэлэмжийг тодотгож өглөө.


Дэлхийн хамтын ажиллагаа — Шинэ түлхүүр


WEF-ийн зүгээс дэлхийн эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөвийг 20 жилийн доод түвшинд хүрсэн гэж үнэлсэн бол “Зуны Давос”-т оролцогчдын үзэж буйгаар, олон улсын хамтын ажиллагаа, нээлттэй инновацийг сэргээх нь дэлхийн эдийн засгийг хөхиүлэн дэмжиж, хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ “түлхүүр” болно.

2025 оны эхний таван сард Хятадын улсын экспорт, импортын хэмжээ 2.5 хувиар өссөн нь дэлхийн зах зээлд Хятадын оролцооны тогтвортой байдлыг илтгэж байна.


WEF-ийн ерөнхийлөгч Борге Бренде хэлэхдээ “Хятадтай хамтран ажиллах нь улам бүр эрчимжиж байна. Хятадын эдийн засгийн дунд болон урт хугацаанд төлөвийг би өөдрөгөөр харж байна” гэлээ.


Харин БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян чуулга уулзалтын нээлтийн үеэр үг хэлэхдээ “Дэлхийн эдийн засаг, худалдааны тогтолцоо улам олон янз болж, уламжлалт худалдаа саарсан ч шинэ чиглэлийн худалдаа идэвхтэй өсөн нэмэгдэж байна” хэмээн онцолж, олон улсын эдийн засаг, худалдааны шинэ дүр зураг бий болж буйг тэмдэглэсэн юм.


Үүнээс үзвэл, улс орнуудын хөгжил харилцан уялдаа холбоотой бөгөөд дэлхий нийтээрээ хамтын өсөлтийг чухалчилж, эв санаагаараа нэгдмэл байж хамтран ажиллах нь чухал байна.


Г.Солонго