sonin.mn

Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил, тэр дундаа баяр наадмын өдрүүдээр хэрхэн ажиллах, гал түймэр, үерийн аюулаас эртнээс бэлтгэл базааж ажиллах талаар хэлэлцсэн байна. Мөн наадмын хоол, үйлдвэрлэл үйлчилгээний зөвшөөрлийг дүүргүүдээс олгож байгаа буюу жилийн жилд яригддаг хуушуур хийх зөвшөөрлийг 2024 оны хавраас эхлэн дүүргээс олгож байгаа аж. Хотын дарга Х.Нямбаатар уг шуурхай зөвлөгөөний үеэр



“Өнгөрсөн онд Улаанбаатар хотын мэдэлд байсан зарим ажил дүүргүүдэд шилжсэн. Үүний нэг хуушуур хийх зөвшөөрлийг ч гэсэн дүүргээс мэдэж байгаа. Гэхдээ энэ зөвшөөрлийг олгохдоо хуурч мэхэлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг зөрчил, алдаа гарах юм бол холбогдох албан тушаалтныг АТГ-т шалгуулна”



гэж мэдэгджээ. Өнгөрсөн онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дараах чиг үүргүүд дүүргүүд рүү шилжжээ. Тухайлбал, хоол, үйлдвэрлэл үйлчилгээний зөвшөөрөл, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчилгаа, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хөшөө дурсгал, усан оргилуурын арчилгаа, гэрэлтүүлэг, согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл, хог тээвэр, цуглуулалт, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, гадна зар сурталчилгааны самбарын зөвшөөрөл, нохой, муур устгалыг дүүргүүд рүү шилжүүлж, арчлалт хамгаалалтыг хариуцуулжээ.