sonin.mn

ФИНИКС, 2025 оны долоодугаар сарын 8 /new-science/. Америкийн бизнес эрхлэгч Илон Маскийн үүсгэн байгуулсан “Neuralink” компанид зохион бүтээсэн “N1” чипийг долоо дахь өвчтөнд суулгасан тухай тус компанийн түнш байгууллага болох мэдрэл судлалын "Барроу" хүрээлэн мэдээлжээ. “Neuralink компани PRIME судалгаанд оролцогчдын технологийн хөгжилд оруулсан хувь нэмрийг онцолсон тусгай шинэчлэлтийг гаргасан” гэж тус хүрээлэнгийн X нийгмийн сүлжээнд гаргасан мэдэгдэлд дурдсан байна.


N1 чипийг суулгах долоон мэс заслын зургааг нь Аризона муж улсын Финикс хот дахь энэхүү хүрээлэнд хийжээ. N1 имплант, R1 мэс заслын робот, мөн N1 User App гэсэн тархи-компьютерийн интерфэйсийн гол гурван бүрдэл хэсэг нь аюулгүй, үр дүнтэй эсэхийг нотлох нь PRIME судалгааны зорилго юм.



Өнөөдрийг хүртэл тархи-компьютерийн интерфэйсийн технологиудын нэг нь ч АНУ-ын хүнс, эмийн чанарын хяналтын газраас (FDA) зөвшөөрөл аваагүй байгаа юм. Харин “Neuralink” компани зохион бүтээсэн төхөөрөмж нь “дэвшилтэт технологи” статус авсан нь FDA-гийн шалгах үйл явцыг хурдасгалаа гэж тавдугаар сард мэдэгджээ. 



Энэхүү технологи нь хэл ярианы хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүмүүст туслах зорилготой юм. “Neuralink”-ийн чипийг тархиндаа суулгуулсан анхны хүн болох Ноланд Арбогийн тархитай холбогдсон чипийн зарим электродын байрлал өөрчлөгдсөн байна. Гэсэн хэдий ч компани имплантын ажиллагааны алгоритмыг яаралтай шинэчилж, уг асуудлыг шийдвэрлэсэн гэдгээ мэдэгдсэн юм.


Нуруу нугасны гэмтэл авсныхаа дараа имплант суулгуулсан Арбо өмнө нь гадаад орчинтой харилцахдаа ам, толгойгоо хөдөлгөж чаддаг боловч гар, хөл нь саажсан хүмүүст зориулсан тусгай үзүүртэй саваа болон таблет ашигладаг байсан бол одоо тэрбээр видео тоглоом тоглож, япон хэл сурч, “The Link” интерфейстэй холбоотой мэдрэлийн биологийг судалж эхэлжээ. 


Neuralink компани чипээ долоо дахь хүнд суулгаад байгаа бөгөөд тус компанийн чипийг суулгуулсан хүмүүс өдөр бүр "N1 Link" төхөөрөмжийг ашиглаж байгаа ажээ. Гэвч дэлхийн хэмжээнд ийм төхөөрөмж ашиглаж буй хүмүүсийн тоо одоогоор зуу хүрэхгүй байгаа юм. Хэрвээ ирэх жил имплантын тоо хоёр дахин нэмэгдлээ ч гэсэн дэлхийн хүн амын ердөө 0.0000025 хувьтай тэнцэнэ. 


Хятадын судлаачид ч мөн адил энэ технологийг идэвхтэй хөгжүүлж байна. Тухайлбал, Хятадын тархи судлалын хүрээлэн (CIBR) болон "NeuCyber NeuroTech" компани гурван өвчтөнд чип суулгах мэс заслыг амжилттай хийжээ. “Ирэх онд холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авсны дараа 50 орчим хүн оролцох албан ёсны туршилтыг эхлүүлнэ” хэмээн "CIBR"-ийн захирал, "NeuCyber"-ийн ахлах судлаач Ло Миньминь Бээжинд болсон форумын үеэр мэдэгджээ.


"NeuCyber NeuroTech" компани 2025 оны эцэс гэхэд чип суулгуулсан хүний тоог 13 болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь "Neuralink" зэрэг Америкийн компаниудтай өрсөлдөхүйц байр суурь эзлэхэд нь нөлөөлнө. Үр дүнтэй нейроинтерфейс бүтээх өрсөлдөөнд хэн тэргүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа боловч нэг зүйл тодорхой байгаа нь энэ технологи асар хурдацтай хөгжсөөр байна.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг