
ЛОНДОН, 2025 оны долоодугаар сарын 21 /RIA Novosti/. Английн эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн шигшээ багийнхан тус багийн хамгаалагч Жессика Картерыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хүчирхийллийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж Европын аварга шалгаруулах тэмцээний /ЕАШТ/ хагас шигшээгийн тоглолт эхлэхээс өмнө өвдөг дээрээ сөхрөхгүй гэдгээ мэдэгджээ. Энэ тухай Английн багийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
Английн бүсгүйчүүд мягмар гарагт буюу маргааш Италийн шигшээ багтай тоглоно. Тус тэмцээний үеэр цахим орчинд арьсны өнгөөр ялгаварлах доромжлолд өртсөн тухайгаа Жессика Картер мэдэгджээ. Олон улсын хөл бөмбөгийн холбооны (FIFA) ерөнхийлөгч Жанни Инфантино түүнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
“Бид Жесс болон өнгөрсөн ба одоо цагт арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагдаж байсан бүх тоглогчтой хамт байгаагаа илэрхийлж байна. Хөл бөмбөгт ч, өөр аль ч салбарт ч хэн ч ийм доромжлолд өртөх ёсгүй. Улсаа төлөөлөн тоглоно гэдэг бол нэр төрийн хэрэг билээ. Гэтэл энэхүү үүргээ биелүүлж байх үед арьсны өнгөөр ялгаварлан гадуурхаж, зарим тоглогчдод өөрөөр хандаж байгаа нь буруу юм” хэмээн дээрх мэдэгдэлд дурджээ.
“Өнөөдрийг хүртэл бид тоглолтын өмнө өвдөг дээрээ сөхөрч арьсны өнгөөр ялгаварлах гадуурхах явдлыг эсэргүүцдэг байсан. Харин одоо хөл бөмбөгийн ертөнцөд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг эсэргүүцэх өөр үр дүнтэй арга хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Тиймээс багаараа хэлэлцэн мягмар гаргийн тоглолтын өмнө өвдөг дээрээ сөхрөхгүй байхаар шийдлээ. Энэ асуудалд холбоотой бүх тал хамтдаа сууж, цаашид юу хийхийг нухацтай хэлэлцэнэ гэдэгт бид найдаж байна. Харин одоогоор бид чухал тоглолтдоо бүрэн анхаарлаа төвлөрүүлэх болно” гэж Английн баг мэдэгдсэн байна.
Өвдөг дээрээ сөхрөх энэ үйлдэл нь 2020 онд АНУ-д африк гаралтай Америкийн иргэн Жорж Флойд цагдаагийн хүчирхийлэлд өртөн амиа алдсаны дараа олон нийтийн дунд түгжээ. Мөн "Black Lives Matter" (BLM) хөдөлгөөнийг дэмжих, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэлд эв санааны нэгдлээ илэрхийлж буйн бэлгэ тэмдэг болсон юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0