
Энэ долдугаар сарын 17-21-ний өдрүүдэд Өвөр Монголын Олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд болсон ӨМӨЗО-ны соёлын бүтээгдэхүүний 9 дэх удаагийн экспод Өвөр Монголын Шинжлэх ухаан техникийн хэвлэлийн газар амжилттай оролцож, “Хөх тал-Сонсдог ном” цахим хуудсан дахь “Гэсэр баатар”-ын тууль зэрэг видео бичлэг нь үзэгч сонсогчдын сонирхлыг татсан байна. Өвөр Монголын Шинжлэх ухаан техникийн хэвлэлийн газар нь 2018 оноос “Хөх тал・Сонсдог ном” дижитал соёлын брэндийг үүсгэн хөгжүүлж, одоог хүртэл гурван удаа шинэчлэн ашигласаар байна. Хамгийн сүүлийн үеийн V3.0 хувилбар нь видео бичлэг үзэх, интерфэйсийг монгол хятад хэлээр ашиглах зэрэг чадавхтай болсноороо онцлог гэнэ.
Уг платформ дээр өдгөө түүх, уран зохиол, хууль, зан үйл, шинжлэх ухааны мэдлэг, хүүхдийн уран зохиол зэрэг олон салбарын баялаг агуулгатай бөгөөд “Гэсэр” “Жангар” зэрэг туулийн үнэт эрдэнэ, хуурын үлгэр, холбоо зэрэг соёлын биет бус өвийн урлаг гээд нийт 7000 цагийн аудио бичлэгийн сантай.
Онцлон дурдахад Гэсэртэй холбоотой 200 гаруй цагийн видео бичлэгтэй бөгөөд 30 гаруй нэрт нэвтрүүлэгч хөтлөгч болон соёлын биет бус өвийн 20 гаруй уламжлагчтай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, уран бүтээлүүдийг амилуулан уран илтгэснээр уншигчдад хүртээл болж буй ажээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0