
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 22 /CNBC/. “Trump Media and Technology Group” 2 тэрбум орчим ам.долларын биткойн болон уг цахим валюттай холбоотой үнэт цаасны хуримтлал үүсгэсэн тухайгаа мэдэгджээ. Одоогоор “Trump Media” компанийн хөрвөх чадвартай нийт хөрөнгийн гуравны хоёр орчмыг биткойноор бүрдүүлсэн хөрөнгө эзэлж байгаа ажээ.
Тус компанид Д.Трампын эзэмшиж буй хувьцаа 2.3 тэрбум орчим ам.доллароор үнэлэгдэж байна. Эдгээр хувьцаа "Nasdaq хөрөнгийн бирж дээр "DJT" гэсэн нэрээр арилжаалагдаж байгаа юм.
"Forbes” сэтгүүлийн дүн шинжилгээгээр, Ерөнхийлөгч Д.Трамп болон түүний гэр бүлийн хөрөнгийн ихэнх хэсгийг одоо криптовалют бүрдүүлж байгаа ажээ. Д.Трамп төвлөрсөн бус санхүүгийн байгууллага болох "World Liberty Financial" болон "$TRUMP" нэртэй меме койн зэрэг криптовалютын төслүүдээс хэдэн сая ам.долларын ашиг олсон болохыг тус сэтгүүлд онцолжээ. "$TRUMP" койныг түүнийг тангараг өргөхөөс өмнөхөн гаргасан байна.
"Эдгээр хөрөнгө нь манай компанийн санхүүгийн эрх чөлөөг хангаж, санхүүгийн байгууллагуудаас ирж болзошгүй ялгаварлан гадуурхалтаас хамгаалж, мөн бидний "Truth Social"-ийн экосистемд нэвтрүүлэхээр төлөвлөж буй хэрэглээний токентой (utility token) уялдах боломжийг бүрдүүлж байна" хэмээн "Trump Media" компанийн гүйцэтгэх захирал Девин Нунес мэдэгджээ.
Тус компани мөн "биткойнтой холбоотой үнэт цаасны опцион худалдан авалтынхаа стратегид" зориулан 300 сая ам.доллар төсөвлөснөө мэдэгджээ. "Trump Media" цаашид ч биткойн худалдан авахаа үргэлжлүүлэх төлөвтэй байна. "Truth Social" нийгмийн сүлжээг эзэмшигч "Trump Media" компани 2.5 тэрбум ам.доллар татан төвлөрүүлж, криптовалютын нөөц бүрдүүлэх зорилгоор биткойн худалдан авахаар төлөвлөж буйгаа тавдугаар сард зарласан. 2 тэрбум ам.доллароор биткойн худалдан авсан нь тус компанийн "биткойны нөөц бүрдүүлэх төлөвлөгөөний" нэг хэсэг юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0