sonin.mn

2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлын үеэр сэтгүүлч Хятад, Америкийн төрийн тэргүүн нар уулзалт хийх эсэхтэй холбоотой асуулт асуув.




Хятад, Америкийн төрийн тэргүүн нар уулзалт хийх эсэх талаар хариу мэдэгдэв


Гүө Жякүнь: “Төрийн тэргүүний дипломат ажиллагаа нь Хятад, Америкийн харилцаанд орлуулшгүй стратегийн удирдах үүрэг гүйцэтгэдэг. Таны дурдсан асуудлын хувьд одоогоор өгөх дэлгэрэнгүй мэдээлэл алга байна” гэв.


Хятад улс Ираны цөмийн асуудлыг улс төр, дипломатын аргаар энхийн замаар шийдвэрлэхийг тууштай баримталдаг


Сэтгүүлч "Иран зарим оронтой цөмийн асуудлаар хэлэлцээ хийх гэж байна” гэсэн мэдээллийн талаар асуужээ.


Гүө Жякүнь тэмдэглэхдээ: “Ираны цөмийн асуудал нь Ойрх Дорнодын бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал болон олон улсын цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тогтолцоонд хамааралтай чухал асуудал юм. Хятад улс уг асуудлыг улс төр, дипломатын аргаар энхийн замаар шийдвэрлэх байр суурийг тууштай баримталсаар ирсэн. Энэ бол цорын ганц зөв гарц юм. Бид холбогдох талуудыг харилцан ойлголцож, Ираны цөмийн асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх замд буцан оруулахын төлөө бодит алхам хийхийг уриалж байна” гэв.


Хятад улс НҮБ-ын голлох байр суурийг бэхжүүлэхээр Европын талтай хамтран ажиллахад бэлэн


Европын холбооны зарим албан тушаалтны Хятадын талаарх мэдэгдэлтэй холбоотой сэтгүүлчийн асуултад Гүө Жякүнь хариулахдаа: “НҮБ байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн дэвшүүлсэн шинэчлэлийн санаачилгыг Хятад улс өндөрөөр үнэлэн дэмжиж байна. Бид Нэгдсэн Үндэстний Байгууллага шинэ нөхцөл байдал, шинэ үүрэг даалгаварт нийцүүлэн, олон талт үзэл санаанд итгэх итгэлийг улам бүр бэхжүүлж, реформоор дамжуулан үйл ажиллагааны үр ашиг, дэлхий нийтийн сорилтод хариу өгөх чадавхыг нэмэгдүүлэн, олон улсын тавцанд илүү чухал үүрэг гүйцэтгэхийг дэмжиж байна” гэв.


Гүө Жякүнь мөн онцлохдоо: “НҮБ-ын шинэчлэл нь бүх гишүүн орны, ялангуяа хөгжиж буй орнуудын санаа бодлыг бүрэн харгалзан үзэж, дэлхийн засаглалын илүү шударга, уялдаа холбоотой тогтолцоог бүрдүүлэх ёстой. Хятад, Европ бол хоёр том соёл иргэншил, хоёр хүчирхэг хүчин бөгөөд аль аль нь олон талт үзлийг дэмждэг, нээлттэй хамтын ажиллагааг эрхэмлэдэг, мөн НҮБ-ын голлох байр суурийг болон олон улсын харилцааны ардчиллыг дэмждэг. Хятад улс НҮБ байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулж, Европын талтай хамтран тус байгууллагын голлох байр суурийг улам бэхжүүлж, олон талт үзэл санаанд итгэл найдвар, эрч хүч нэмж өгөхөд бэлэн байна” гэжээ.


ГХЯ: Хятад улс Газын зурваст үүссэн нөхцөл байдалд өндөр түвшинд анхаарал хандуулж, хүмүүнлэгийн хямралыг намжаахыг уриалж байна


Сэтгүүлчийн Газын зурваст үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой асуудлаар асуултад Гүө Жякүнь хариулахдаа: “Хятад улс Газын зурваст үүсээд буй нөхцөл байдалд өндөр түвшинд анхаарал хандуулж байгаа бөгөөд энгийн иргэдийн амь насыг хохироосон, олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн аливаа үйлдлийг эрс эсэргүүцэж, хатуу буруушруулж байна.


Энгийн иргэд хэзээ ч дайралтын бай болох ёсгүй бөгөөд олон улсын хүмүүнлэгийн тусламж үзүүлэгчдийн аюулгүй байдалд ямар нэгэн эрсдэл учрах ёсгүй. Талууд яаралтай гал зогсоох тохиролцоонд хүрч, нөхцөл байдлыг хурдан намжааж, хүмүүнлэгийн хямралыг бодитоор хөнгөвчлөхөд хүчин чармайлт гаргахыг Хятад улс уриалж байна” гэв.


ГХЯ: Хятад, Японы харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэх нь хоёр орны үндсэн ашиг сонирхолд нийцнэ


Ссэтгүүлч Японы эрх баригч эвсэл парламентын дээд танхимд олонхын суудлаа алдаж буйтай холбоотой асуудлаар асуулт тавив.


Гүө Жякүнь: “Бид сонгуулийн үр дүнд анхаарал хандуулж байна. Энэ бол Японы дотоод хэрэг учир онцгойлон тайлбар хийх зүйлгүй.


Хятад, Япон хоёр бол ойрын хөршүүд бөгөөд хоёр улсын харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэх нь хоёр орны болон ард түмнүүдийн үндсэн ашиг сонирхолд бүрэн нийцнэ. Хятадын тал Японы талтай хамтдаа бүх түвшин, салбарт харилцан яриа, ойлголцлыг үргэлжлүүлэн хөгжүүлж, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, санал зөрөлдөөнөө зохистойгоор шийдвэрлэн, хоёр улсын стратегийн харилцан ашигтай харилцааг бүх талаар ахиулж, шинэ эриний шаардлагад нийцсэн, бүтээлч бөгөөд тогтвортой харилцааг хамтдаа цогцлоохын төлөө хичээн ажиллахад бэлэн байна” гэжээ.


Америкийн банкны удирдах албан тушаалтан эрүүгийн хэрэгт холбогдон Хятадаас гарахыг хоригложээ


Хурал дээр сэтгүүлч “Америкийн ‘Wells Fargo’ банкны удирдах албан тушаалтан хатагтай Мао Чэньюе сүүлийн хэдэн долоо хоногт Хятад улсаас гарахыг хориглуулсан талаар мэдээлэл байна. Хятадын тал үүнд ямар байр суурьтай вэ?” хэмээн асуув. 


Гүө Жякүнь энэ талаар мэдэгдэхдээ: “Одоогоор олж авсан мэдээллээр, хатагтай Мао Чэньюе нь БНХАУ-д шалгагдаж буй эрүүгийн хэрэгт холбогдсон тул хууль сахиулах байгууллагаас түүнд хуулийн дагуу хилээр гарахыг хориглох арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Хятадын хууль тогтоомжийн дагуу уг хэрэг мөрдөн шалгагдаж байгаа бөгөөд тухайн иргэн мөрдөн байцаалтын ажиллагаанд хамтран ажиллах үүрэгтэй. Түр хугацаанд гадаадад гарах боломжгүй байгаа” гэлээ. 


Тэрбээр цааш нь: “Хятад улсад оршин суугаа хүн бүр, тухайн хүн гадаадын иргэн байсан ч, Хятадын хууль тогтоомжийг чанд мөрдөх үүрэгтэй. Хятадын тал хэрэг бүртгэлийн явцад түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг бүрэн хангасан байдлаар хамгаална” хэмээн онцоллоо. 


Мөн тэрбээр: “Энэхүү тохиолдол нь цэвэр шүүхийн хэрэг бөгөөд Хятадын тал гадаадын иргэдийг Хятад улсад ирж аялж, ажил хэрэг явуулан, хөрөнгө оруулалт хийхийг үргэлжлүүлэн халуун дотноор урин залж, тэдний хууль ёсны эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалж ажиллах болно” хэмээн тэмдэглэлээ. 


Хятад аж ахуйн нэгжийн эрхийг хамгаалах ёстой


Сэтгүүлч Австралийн Дарвины боомттой холбоотой Хятадын аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны талаар асуусан асуултад Гүө Жякүнь хариулахдаа: “Хятадын холбогдох аж ахуйн нэгж зах зээлийн зарчмаар Дарвины боомтын түрээсийн эрхийг авсан. Тус аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг бүрэн хамгаалах ёстой” гэв.