
Засгийн газрын өчигдрийн /2025.08.20/ хуралдаанаар жишиг үнэ гэх жинхэнэ биш үнээр үндэсний үйлдвэрүүдийн үүдийг барьсан журмыг өөрчиллөө. АМНАТ тооцохдоо баримталдаг жишиг үнэ нь жинхэнэ бодит үнээсээ эрс зөрж, экспортын орлогын 93%, 10 долларын 9-ийг нь улсад авчирдаг эрдэс баялаг, аж үйлдвэрийн салбарыг дарамтаас чөлөөлж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням улс орны эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон салбарынхаа хүлээлтийн дагуу санаачилга гарган, Засгийн газар АМНАТ тооцох аргачлалыг өөрчиллөө.
АМНАТ авах нь үнэн ч аргачлал худал, амьдралаас тасарсан, агаарын тоо байвал шударга биш. Жишээ нь хайлуур жоншны бодит үнээс 54,3%-иар илүү жишиг үнээр тооцож АМНАТ-ыг бодож ирсэн нь амьдралаас бус агаараас авчихсан, экспорт, үйлдвэрлэлд тавьсан гав дөнгө болж байсан юм. Баяжуулсан коксжих нүүрснээс 22,6%, төмрийн хүдрээс 26,6% илүү үнээр тооцож төлбөр авч ирсэн экспортлогч, үйлдвэрлэгчдэд тавьсан торгууль шийтгэл. Жинхэнэ бодит үнэ нь 1000 төгрөг байтал жишиг үнээр 1543 төгрөг гэж тооцох нь шударга бус.
Экспорт, боловсруулах үйлдвэрлэлд тавьсан цаасан саадын эцсийн хохирогчид нь эрдэс баялгийн салбарынхан ч бус бүх монголчууд өөрсдөө. Учир нь уул уурхайн салбарынхан улсын төсвийн орлогод жинтэй хувь нэмэр оруулагч тул цалин тэтгэвэр, сургууль цэцэрлэг, эмнэлэг, зам гэх мэтийн зардал мөнгө тасарч доголдох аюул эрсдэлтэй. Доллар олдог үндсэн салбараа дэглээд дарамтлаад байх нь төгрөгийн ханшийг сулруулж, цалин тэтгэврийг хумсалдаг инцфляцыг хөөргөдөг.
АМНАТ бол төлбөр тооцоо болохоос бус торгууль шийтгэл биш. Үйлдвэрлэж бүтээсэн, угааж баяжуулсных нь төлөө оноодог тусгай шийтгэл бол бүр биш.
Учир нь түүхий эдээ заавал биржээр авсан байх шаардлагаас болж, 30 үйлдвэрийн 55 гэрээтэй, 100 сая долларын экспорт Зэлтэрийн гацаанд ороод байсан юм. Сайд Г.Дамдинням мэдээлснээс үзвэл, нийтдээ 47 боловсруулах үйлдвэр тэг зогсолтоос сугаран гарч, үүд хаалгаа ахин нээх юм байна.
Үйлдвэр-технологийн парктай болж, түүхий эд гаргахаас гадна түүнийг боловсруулж, үнэ цэн, ашиг унац, ажлын байр, татвар хураамж нэмэх том зорилтод ч жишиг үнэ гэгч жинхэнэ биш үнийн дарамт шахалт саад тээг болдог байна. Тухайлбал, Алтанширээгийн үйлдвэр-технологийн паркад байрладаг хорголжин төмрийн үйлдвэр гэхэд энэ цаасан дэгээний улмаас 2 жил үүдээ барьж, өрхөө татаад байжээ.
АМНАТ тооцох аргачлалыг шударга болгох нь нэг сумаар гурван туулай буудна. Компани бүтээгдэхүүнийхээ 25%-иас доошгүйг биржээр арилжаалбал бүх АМНАТ-ыг нь биржийн үнээр тооцно. Эрдэс баялгийн салбарт хэн хаана, хэдээр юу, хэнд борлуулж буй нь ил тод байх хөшүүрэг болгохоор тооцсон байна. АМНАТ тооцох аргачлалыг өөрчилсөн журмаа он дуустал мөрдөж байх хооронд УИХ-аар хэлэлцүүлэн хуульчилж батлахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл0