sonin.mn

Намуухан шивэрсэн борооны чимээнд үүлсийн сиймхийгээр нарны туяа үлбэгэрхэн цухуйх тэр л агшинд хөдөөгийн байгаль өнгөө сэргээж, сэтгэлийн гүнээс уянга цалгим таатай байлаа. Тэр аниргүйд хүний дуу хөг нэмнэ. Хүүхдүүдийн инээд цуурайтан, залуус бие биеэ цаашлуулан хөгжилдөх нь уул, усанд уянгалан үлгэрийн орон мэт сэтгэгдэл төрүүлнэ.


Хөдөөгийн тайван амьдрал, байгалийн тансаг дүр зураг, хүний инээд хөөр гурав нийлж сэтгэлд гэгээ цацруулсан нэгэн мартагдашгүй агшинг бүтээж байв. Найзууд амралтын өдрөөрөө салхилж яваа нь тэр ажээ. “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэн “Дулаан шарын гол”ТӨХК-ийн зуухны засварчин О.Пүрэвдоржийг урилаа. Үндэсний хэмжээний өдөр тутмын сонины тэргүүн нүүрэнд зураг нь тавигдах юм хэмээн нэлээд ятгасны эцэст түүнийг зөвшөөрүүлсэн юм. “Тэгвэл гэрээсээ дээл хувцсаа аваад ирье, удахгүй ээ” гээд эхнэрийн хамт машин руугаа ухасхийлээ.

 

ЭЭЖИЙГЭЭ ХОРМОЙДСОН ЭРХ ХҮҮ



Үе үе салхинд найган шивнэх моддын шуугиа, уулсын хормойгоор шоржигнон урсах горхины тунгалаг чимээ нь хүний сэтгэлийг ариусгах мэт. Эрдэнэс мэт гялтганах навчны дээгүүр борооны дусал бөмбөлзөн гүйх нь үзэсгэлэнгийн гайхамшгийг улам тодруулна.


Энэ бол Шарын гол суманд буйдхан орших амралтын бааз. Тэнд гэр бүлийн найзууд амралтын өдрөө өнгөрүүлэхээр иржээ. Нийтлэлийн баатар О.Пүрэвдорж нь Налайх дүүргийн унаган хүү. Өдгөө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багт эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.


Ууган охиноо илгээлтээр явахад нь ээж нь дагаж, харин Пүрэвдорж хүү ээжийгээ дагаад Шарын голын суугуул иргэн болсон түүхтэй. Тавдугаар ангидаа Шарын гол суманд ирж суурьшсан тэрээр сумынхаа хоёрдугаар 10 жилийг төгсөн Налайхын Эрчим хүчний ТМС-д гагнуурчин мэргэжлээр суралцжээ. “Дөрөв дэх эгчийн маань нөхөр нь гагнуурчин хүн байсан. Би түүнийг дагасаар гагнуурчин болохоор шийдсэн юм” гэж суугаа түүний аав эрт бурхны орныг зорьсон. Харин ээж нь отгон хүүдээ төдийлөн үг хэлдэггүй хүн байж.


Зургаан эгч, нэг ахтай айлын отгон хүү Пүрэвдорж тэдний хайранд өлгүүдүүлж өсчээ. Тиймдээ ч өөрийнхөө зоргоор ажил, мэргэжлээ сонгосон гэдэг. Ингээд 1990 онд “Шарын гол”-ын уурхайн “Нэгдсэн засварын газар”-т гагнуурчнаас ажлын гараагаа эхэлж 1992 цэргийн албанд татагдсан байна. Цэргээс халагдсан тэр жилээ “Дулааны станц”-д зуухны засварчнаар орж одоог хүртэл тасралтгүй 35 жил ажиллаж байгаа тухай түүний найзууд хажуугаас хэлнэ. Намуухан инээмсэглэн, гурван үгтэй өгүүлбэрээр ярих түүнийг найзууд нь хааяахан “явуулж” бас эвтэйхэн шоглоцгооно.

 

“ЗАЛУУХАН” ӨВӨӨ



Түүний эхнэрийг Г.Урантогос гэдэг. Шарын гол сумын уугуул. Өдгөө “Дулаан Шарын гол” ТӨХК-ийн дулааны станцад лаборантаар ажилладаг ажээ. “Анх цэвэрлэх байгууламжид ажилд орчихоод 2008 онд лаборатор руу шилжсэн юм. Тэр үед нөхөр маань ээлжинд гардаг байлаа. Ажилтай өдрөө цайны цагаар орж гардаг байсан юм.


Шинэ хүн ирсэн гэхээр л наашаа “гүйдэлтэй” болсон юм байна лээ. Тэр үедээ надад тусалсаар байгаад л бид гэр бүл болсон доо” хэмээн Урантогос хэлэв. Шинээр ирсэн лаборант бүсгүйн ажилд нь туслаж гүйсээр байгаад эхнэрээ болгосон Пүрэвдорж ууган хүүгээ төрөх үед ажилтай таарч. Ээлжээс буугаад төрөх эмнэлэг рүү давхиад очиход нь хүү нь аль хэдийнэ мэндэлж “Аав” болсон байж. “Том нь хүү тэгээд охин, тэгээд хүү, тэгээд банди” гэхтэй зэрэгцэн найзууд нь нирхийтэл инээж “Хүү, тэгээд банди” гэнээ хэмээн шоолцгооно. “Юу билээ. Хүү тэгээд охин. Бага нь охин байгаа юм” гэж залруулж байлаа.


Биднийг ярилцах зуур нөхөр рүүгээ үе, үе харж байснаа хажуунаас нь үг нэмэн “Дөрвөн ачтай гэдгээ хэлээч” хэмээн нударч харагдана. Тэр л агшинд найзууд нь “Бас залуухан болох санаатай. Өвөө байж” гээд хоржоонтой инээнэ.


“Ууган хүү Түмэнжаргал тусдаа гарсан дөрвөн хүүтэй. Тэгээд л бид хоёр эмээ, өвөө болчихсон байгаа юм” гэснээ найзууд руугаа харж инээх нь тэр. “Та нар дуугүй бай” гэж байгаа аятай харагдавч өнөө хэд өөр хоорондоо хөгжилдөн ярилцах зуураа үе үехэн бидний ярианд оролцоно. “Удаах охин Урангуа оюутан. Гурав дахь нь Пүрэвжаргал. 10 дугаар ангид орох хүү бий” гээд хүүхдүүдийнхээ нэрийг эсвэл хүйсийг нь бодоод байна уу гэмээр нэлээд нухацтай ярьж байтал “Хэнз нэг охин бий” гэж хэлээч гээд өнөөх найзууд нь сануулж байна. “Яг над шиг гэдгийг хэлээрэй” гэж эхнэр Урантогос бас үг нэмж сонстов. Түүний хажуугаар “38-тай аав болсон тиймээ” гэж жуумагнах залууг Гэндэнжамц гэдэг. Дулааны станцын механик аж. Ажил дээр бол Пүрэвдоржийн дарга. Харин амьдрал дээр тэд сайхан найзууд ажээ. Анх аав болох үе хожуу аав болсон үе ялгаатай юу гэж асуухад “Адилхан” гээд сулхан хэлэхтэй нь зэрэгцэн “Өөр өөр” гэж эхнэр үг нэмнэ. Өнөөх л “заншил” ёсоор “Ялгаатай биз дээ. Ялгаатай шүү дээ” гээд нийтлэлийн баатрыг минь үг хэлэх сөхөөгүй болтол тас тас хөхрөлдөх найзууд нь шахна. 38-тай аав болгосон Уранзаяа долоодугаар ангид орох юм билээ.


Эхнэр минь уран хүн байгаа юм. Даалин оёно, гэр доторх гангараануудыг бүгдийг нь өөрийн гараар урласан. Торт хийнэ, ногоо тарина, тахиа, галуу тэжээнэ. Ер нь л амьдралд хэрэгтэй бүгдийг миний хань хийж чадна. Тэр зан чанарт нь би татагдсан шиг байгаа юм гээд жуумалзаж суув. Харин манай Тогосоо олон хоббитой, хийж чадахгүй зүйл байдаггүй юм гэж найзууд нь онцолж байв. Цалингийн хажуугаар ахуйн үйлдвэрлэл нь хэчнээн нэмэр болж байгааг хосууд хэлж байна. Тэд биесээ түшин ажиллаж, амьдарч яваа сайхан найзууд юмаа гэх сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлж байлаа.

 

БҮЖИГЧИН ХОСУУД



Хэнтийн нурууны салбар уулсын дунд, Шарын голын хөндийд байрлах Шарын гол сумын байгаль үзэсгэлэнтэй юм. Суугуул нутагтаа уугуул болтлоо амьдарч, ажиллаж буй Пүрэвдорж бүжгэнд “дурлаж” эхэлсэн тухайгаа ярих болов. Учир нь ажлын хамтрагч Гэндэнжамц “Миний багш бүжгийн спортоор гэр бүлийнхээ хамтаар хичээллэж байгаа. Түүнийг нь яриул” гэж байдаг шүү.


“Яриач ээ” гэж шавдуулах найзууд бас эхнэрийн шахалтаар “Бүжгийн багш маань энэ” хэмээн харцаараа дохих нь тэр. Түүний харцыг дагуулан харахад нуг нуг хөхөрч суугаа Гэндэнжамц дээр тулав. “Та бүжгийнх нь багш юм байна тийм үү” гэхэд минь “Бид чинь чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс учраас бүжигт явдаг юм. Групп үүсгээд ажил тарсны дараа бүжгэнд явах уу гээд л гарцгаана даа” гэхдээ хэчнээн амар амгалан бас баяр жаргалыг бүжгээс авч болдог тухай ярьж эхлэв. Тэд ам уралдан ярина.


Манай баатар “Миний бүжгийн хоёр багш сууж байна” гэхэд “Тогосоо ч бүжгийн багшаар залгасан болохоор надад багшилдаг юм шүү дээ” хэмээн Гэндэнжамц тодотгов. Байнгын л бэлэн байдалд байх хосууд ажлын дараа алжаалаа тайлах бүжгэндээ явахгүй үлдэх нь тун ховор. Ямартаа л “12 цаг зуух хутгаж зогсчихоод, ядардаггүй юмуу” гэж асуух нь ч бий гэнэ.


Бүжгийн хөдөлгөөн мэдэхгүй болохоор анх 50 мянган төгрөгийн сургалтад сууж бүжгэнд явж эхэлсэн тухайгаа Урантогос хэлэв. Бүжиг бол хөдөлгөөн, эрүүл мэндэд тустай бас чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэх боломж учраас гэр бүлээрээ хос болон дуу өсгөгчид бүжгийн ая тавьж байгаад бүжиглэдэг ажээ. Тэд хааяахан Дархан хот явж тэмцээн уралдаанд ордог байна.


Гэр бүлээрээ бүжигт явах болсон шалтгаан бий. Бүжгэнд явдаггүй байсан Гэндэнжамцыг зохион байгуулалттайгаар дуудаж аваачин бүжигт урвуулж байсан гэдэг. “Дуудахаар ирэхгүй. Бүжиглэж яадаг юм гэдэг болохоор хувцсыг нь бэлдэж байгаад ирж ав гэж дуудаад л шууд бүжиглүүлчихсэн. Тэгээд л бид хамтдаа гэр бүлээрээ хос болон бүжиглэж байна даа” гэхдээ үгсэн тохиролцож нэгнийгээ урвуулах болж. Гэрийн эзэд бүжиглэдэггүй байхдаа “Дэмий тэнээд байх юм. Балай юманд битгий яв” гэж цааргалдаг учраас эхнэрүүд уран мэхээ гаргасан аж. Харин өдгөө бол нөхрүүд уриалан, манлайлж бүжигтээ явцгаана. Ингэж л бүжгэнд дурласан түүхтэй.

 

“БАГШ ПҮРЭВДОРЖ”


2023 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ



Нийтлэлийн баатар маань бэлтгэл хангахаар гэр рүүгээ явах замдаа юу ярихаа эхнэртэйгээ “тохирч” ирэх болов уу гэсэн хүлээлт бидэнд бас найзуудад нь байв. Гэтэл хоёр гуравхан үгтэй өгүүлбэрээр товчхон хариулах Пүрэвдоржийг ам халахаараа нэлээд яриа гэдгийг түүний эхнэр хэлэв. “Чи зүгээр яриач” гэхэд нь “Наашаа суу” гэж хариулж харагдана. Бас ч аргагүй. Агаар салхинд гарч, амарч зугаалж яваа нөхдүүдийг “байцааж” суугаа болохоор тэр биз.


Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Пүрэвдорж мэргэжилдээ чамгүй сайн гэдгийг найзууд нь тодотгов. Үйлдвэрт ажиллахаар ирсэн мэргэжил нэгт залуусдаа сурсан мэдсэнээ хуваалцан “Багш” гэх алдрын эзэн болжээ. Шавийн эрдэм багшаас гэдэг дээ. Өдгөө дулааны станцын механик, хэсгийн дарга Л.Гэндэнжамц түүний шавь.


Мөн үйлдвэрт ерөнхий инженерээр ажиллаж байсан н.Төмөрбаатар, н.Нарангэрэл нар түүний шавь ажээ. Түүний шавь Гэндэнжамц ажил дээр дарга болдог ч амьдрал дээр хамтдаа хийж бүтээж Шарын голын дулаан хангамжид хүч нэмэн хамт олноо түүчээлж яваа найзууд. Үйлдвэрийн ажил амар биш. Халуун галтай “хүч” үзэж сумынхаа ус, дулаан, цахилгааныг тасалдуулахгүй байхын төлөө цаг нартай уралдана. Гэсэн хэдий ч 35 жил ажиллаж амьдрал ахуйгаа төвхнүүлсэн болохоор эрхэмлэн хайрлаж явдаг ажээ.

 

ХӨДӨЛМӨРӨӨР ГЭРЭЛТСЭН АМЬДРАЛЫН ТОЙРОГ



Биднийг ярилцах зуур нөхөр рүүгээ үе, үе харж байснаа хажуугаас үг нэмэн “Дөрвөн ачтай гэдгээ хэлээч” хэмээн нударч харагдана. Тэр л агшинд найзууд нь “Бас залуухан болох санаатай. Өвөө байж” гээд хоржоонтой инээнэ. 


Анх танилцаж байсан тэр үе одоо ч тодхон санагддаг дурсамж нь. Аливаад нухацтай бас хүлээцтэй залууд дасаж дурласан Тогосоо бүсгүй хэлэв. Хажуугаас “Яасан гэнээ” гэж үгэнд дурлах Пүүжээ багадаа орилоо хүү байж. Ээжийгээ ажилтай өдөр эгч нараасаа хамт унтахыг гуйна. Зөвшөөрөхгүй болохоор нь орилчихдог шар хүүг том эгч нь ээжийгээ орлоно. Одоо түүний отгон охин яг л аавын багын занг гаргадаг тухай хөөрөлдөв. “Байнга л орилох юм. Ах эгч нар нь зүгээр л байсан юм даа” гэхэд нь хадам эгч нь “Эцгийгээ л дуурайна шүү дээ” гэсэн гэдэг.


Аз жаргал гэдэг эхнэрийн хайр, хүүхдүүдийн инээд, ах дүүгийн дотно сэтгэл, найзуудын үнэнч нөхөрлөл дунд оршдог аж. Хорвоогийн олон өнгөн дунд хөдөлмөрч зан, ажилсаг араншингаар бусдаа манлайлан гэрэлтэж яваа нэгэн бол О.Пүрэвдорж. Тэр амьдралаа эгэл хэрнээ эрхэм, өдөр тутмын хөдөлмөрөөрөө бүтээж, гэр бүлийн дулаан инээдээрээ чимж явна. Хүний амьдралд хайр халамж, чин сэтгэл, үр хүүхдийн инээд хөөр хамгийн үнэ цэнтэй болохыг өөрийн амьдралаар харуулжээ. Ийнхүү амьдралын тойрог эгэл мөртөө гэгээнээр эргэлдсээр, Пүрэвдоржийн өнөр гэр бүл, хөдөлмөрч зангийн зам мөрийг гэрэлтүүлж буй нь уншигч таны сэтгэлд дулаан үлдээсэй.



Д.Оюунчимэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин