sonin.mn

МАН-ын бага хурал Бямба гарагт болох гэж байна. Одоогийн байдлаар МАН-ын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэр дэвшихээ зарлаад буй. Мөн Монгол Улсын Ерөнхий Сайд Г.Занданшатар нэр дэвших магадлалтай. Одоогоор өөр нэр дэвшигчид тодроогүй байна. Тэгвэл Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын өрсөлдөөн хэрхэн өрнөж байна вэ?


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр хэвлэлийн их хурал гэж болохуйц арга хэмжээ зохион, өөрийн нэр холбогддог гэмт хэргүүдийн талаар тайлбар өгөх гэж оролдов.


УИХ-ын гишүүн Б.Энхбаярын ярьсан ярианы няцаалт болгон, “Надтай ижил нэртэй хүнийг андуурч барьж хэрэг үүсгэсэн бол хууль хяналтын байгууллагын байгаа царай энэ л байна. Арай тийм зүйл болоогүй байлгүй дээ.” гэв. Б.Энхбаяр Д.Амарбаясгалантай адилхан нэртэй баривчилсан гээгүй, “Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан, ялтан Б.Ганхуяг Тавантолгойн Бортээгийг хэрхэн луйвардах тухайгаа Д.Амарбаясгалантай ярьж байгаад АН-ын улс төрийн ажилтан н.Амарбаясгалан гэдэг хүн рүү андуурч чат бичсэн гэж ярьсан. Гэтэл Д.Амарбаясгалан уг асуултад “хуулийнхан хүн андуурч барьсан бол, үгүй байлгүй дээ” хэмээн булзайруулж, мэдэн будилсан хариу өгчээ.

“Ц.Чулуунзагд, н.Эрдэнэжаргал нартай та ямар хамаатай вэ?” гэсэн асуултад ямар ч хамааралгүй гэснээ төд удалгүй “Анх сайтуудын програм хийдэг залуу байсан. Надтай ирж уулзаад Top.mn гэж сайт байгуулъя гэж байсан. Бид гурван жил ажиллуулах гэж үзээд дампуурсан.” хэмээн орон гаран хүн шиг юм ярьсан байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын даргын яриагаар Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд нар хуулийн хувьд ямар ч эргэлзээгүй хамаарал бүхий этгээдүүд гэсэн үг.


Улмаар элдэв хүмүүсийн нэр дурьдан, бүтэн хоёр, гурван цаг шахуу хов ярив. Товчхондоо бол Д.Амарбаясгалан ихэд сандарч, шатаж буй нь илт.


Гэтэл нөгөө өрсөлдөгч гэх Монгол Улсын Ерөнхий Сайд Г.Занданшатарын хувьд ердийн хуваарьт ажлаа хийж явсан байх юм.

20 дахь удаагийн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” арга хэмжээнд очиж, тариаланч, ногоочидтой уулзаж ярилцах, өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой ажлуудыг нягтлах, эдийн засгийг сэргээх талаар судлах зэргээр түүний өнөөдрийн ажил өнгөрчээ.

Өөрөөр хэлбэл Д.Амарбаясгалан сандарч, шатаж буй бол Г.Занданшатар хийх ажлаа л ярьж яваа юм байна.


С.Сарнай