sonin.mn

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ Эрүүгийн хуулийн 22.1-т заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” буюу өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүмүүст давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан, “хахууль авсан”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаасан”, 2.10 дугаар зүйлд заасан, “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” зэрэг нийт 6 хэрэгт яллагдагчаар татагдаад буй С.Ганбаатарыг өмгөөлөн: "2008 онд ҮЭ-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан С.Ганбаатарт хэрэг үүсгэлээ. Энэ яагаад ч хууль засаглаж байгаа хэлбэр биш. Үүний цаана өөр агуулга байж мэдэх нөхцөл байна." хэмээн өгүүлсэн юм.


Хачирхалтай нь энэ оны 2-р сарын 21-нд УИХ-ын гишүүн, "Фенгшүй" гэх С.Ганбаатар ЭрдэнэсТавантолгойн уурхайд мэдээлэл хийн, "УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг “Админерал” ХХК-тай холбоотой гэж их ярьдаг. Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ компанитай ямар ч холбоогүй юм билээ. Би өөрөө ажлын хэсгийн ахлагчийн хувьд бүх цаас бичиг баримтыг хоёр сар үзэж судалсан. Би 20 жил улс төрд явахдаа тооцоо судалгаа баримт, үндэслэл гаргалгаатай ярьдаг хүн. Тэгэхээр энэ бүх цаас, цагаан дээр хараар бичсэн бүх тогтоол шийдвэрийг харахад энэ компани Д.Амаарбаясгаланд ямар ч хамаагүй, тэр хүн шүүх цагдаагаараа явж нэр төрөө сэргээлгэх хэрэгтэй. "хэмээн ярьсан байдаг.


Өөрөөр хэлбэл тэд нэг нэгнийгээ хуулийн үндэслэл, тайлбар тун муутай ч өмөөрөн хамгаалж буй нь хачирхалтай.


Арай С.Ганбаатар Д.Амарбаясгаланг, Д.Амарбаясгалан С.Ганбаатарыг хамгаалахаар харилцан тохиролцсон юм биш биз дээ?


Н.Отгон