sonin.mn

БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг албан ёсоор баталжээ. Украинд халдан довтолсны хариуд авч буй шинэ багцад Оросоос байгалийн шингэрүүлсэн хий импортлохыг хориглосон заалт багтсан тухай ЕХ-ны Зөвлөлийг даргалж буй Дани улс пүрэв гарагт мэдэгдсэн байна.


Өмнөх өдөр нь буюу лхагва гаргийн орой Словак улс эсэргүүцлээ татаж авсны дараа гишүүн орнууд уг баримт бичгийг эцэслэн тохиролцсон байна. “Энэ бол эрчим хүч, санхүү, худалдааны шинэ арга хэмжээнүүд авах замаар Оросын орлогын гол эх үүсвэрүүдэд цохилт өгөх чухал багц юм” гэж уг мэдэгдэлд дурджээ. 


Европын Холбооны шийдвэрийн дагуу Оросоос байгалийн шингэрүүлсэн хий импортлох богино хугацааны гэрээнүүд зургаан сарын дараа, урт хугацааны гэрээнүүд 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчингүй болох юм. Ингэснээр Оросын эрчим хүчний эх үүсвэрүүдээс татгалзах тухай Европын Комиссын “замын зураг”-т зааснаас нэг жилийн өмнө бүрэн хориг тавьж байна. Энэхүү багцад мөн Оросын дипломат ажилтнуудын ЕХ-ны нутаг дэвсгэрт зорчих хөдөлгөөнийг хязгаарлах шинэ механизмыг багтаажээ.


ЕХ-ны албан ёсны сэтгүүлд нийтэлсэн баримт бичгүүдээс үзвэл, ОХУ-ын “сүүдрийн флот”-д хамаарах 117 хөлөг онгоц, мөн Орос, Хонконг, Хятад, Энэтхэг, Тайландын нийт 22 иргэн, 45 байгууллага, компанийг хоригийн жагсаалтад нэмж оруулжээ.


Тэдний дунд Татарстаны “Алабуга” эдийн засгийн чөлөөт бүсэд байрладаг авто машин үйлдвэрлэгч “Соллерс” компани багтсан байна. Түүнчлэн “Истина” ТББ, “Абсолют банк”, “МТС банк”, “Альфа банк”, “Земский банк” зэрэг байгууллагуудтай санхүүгийн гүйлгээ хийхийг хориглосон бөгөөд энэ нь 11 дүгээр сарын 12-ноос хүчин төгөлдөр болох аж. Хоригийн жагсаалтад мөн “АвтоВАЗ”, “Сармат” пуужингийн цогцолборыг үйлдвэрлэдэг Красноярскийн машин угсралтын үйлдвэр, мөн Оросын танкеруудыг Нидерландын бүрэлдэхүүнд багтдаг, Карибын тэнгис дэх өөртөө засах улсууд болох Аруба, Кюрасао, Синт-Мартенд бүртгэлтэй мэтээр улсын бүртгэлийн хуурамч бичиг баримт олгож байсан гурван компани багтжээ.


Беларусийн “Белнефтехим” концерны тэргүүн Илья Икан, “Горизонт” холдингийн ерөнхий захирал Юрий Предко, мөн Москвагийн Эдийн засгийн дээд сургуулийн ректор Никита Анисимов болон ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведевийн туслах Олег Осипов нарыг хоригийн жагсаалтад оруулсан байна.


“Энэ удаагийн багцад Оросын банкууд, криптовалютын биржүүд, түүнчлэн Энэтхэг, Хятадын зарим байгууллагуудыг хамарсан хориг арга хэмжээ багтсан. Тогтворгүй байдал үүсгэх оролдлогод нь саад хийх зорилгоор ЕХ Оросын дипломатчдын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Путиний хувьд энэ дайныг санхүүжүүлэхэд улам бүр хэцүү болно” гэж ЕХ-ны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Кая Каллас “Х” нийгмийн сүлжээнд бичжээ. Данийн Гадаад хэргийн сайд Ларс Лёкке Расмуссен мэдэгдэхдээ “Оросын байгалийн шингэрүүлсэн хийг импортлохыг хориглох шийдвэр нь ЕХ Оросын эрчим хүчнээс бүрэн татгалзах чиглэлд хийсэн чухал алхам боллоо" хэмээн онцолсон байна. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг