БЭЭЖИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /BBC/. Хятадын тал авто машины үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой компьютерын чипүүдийн экспортын хязгаарлалтыг цуцалсан гэж тус улсын Худалдааны яамнаас ням гарагт мэдэгджээ. Хятадын эзэмшлийн “Nexperia” компанийн иргэний хэрэгцээнд зориулсан бүтээгдэхүүний экспортод хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлсэн нь Европ дахь үйлдвэрлэлдээ санаа зовниж буй авто машин үйлдвэрлэгчдэд тус дөхөм болно гэж тус компани мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Хятадын тал хагас дамжуулагчийн салбарт чухал ач холбогдолтой зарим материалыг АНУ руу экспортлохыг түр зогсоогоод байгаа юм.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар 10 дугаар сард уулзах үеэрээ, харилцан ногдуулсан татварыг бууруулж, бусад хоригийг нэг жилийн хугацаанд түр зогсоохоор тохиролцсоны дараа Бээжин, Вашингтоны хоорондох худалдааны хурцадмал байдал намжиж байгааг дээрх мэдэгдэл харуулж байна.
10 дугаар сард Нидерландын Засгийн газар Нидерландад төвтэй боловч Хятадын “Wingtech” компанийн эзэмшилд байдаг “Nexperia” компанийг хяналтдаа авч, авто машины хагас дамжуулагч болон бусад барааны Европ дахь нийлүүлэлтийг хамгаалахыг оролдсон юм. Үүний хариуд Хятадын тал тус компанийн бэлэн чипүүдийн экспортыг зогсоожээ. Гэсэн хэдий ч энэ сарын эхээр АНУ, Хятадын хооронд байгуулсан худалдааны хэлэлцээрийн хүрээнд хоригийг сулруулж эхэлнэ гэж мэдэгдсэн байна. “Nexperia” нь Нидерландад байрладаг боловч Европт үйлдвэрлэсэн чипнийхээ 70 орчим хувийг Хятадад нийлүүлж, үлдсэнийг нь бусад улс орнуудад экспортолдог ажээ.
Тус компанийг хяналтдаа авахдаа Нидерландын Засгийн газар “удирдлагын ноцтой дутагдал”-аас шалтгаалан компанийн чипийг яаралтай үед ашиглах боломжгүй болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор ийм шийдвэр гаргасан гэж мэдэгджээ.
Гэвч Хятадын тал “Nexperia”-гаас чип экспортлохыг хориглосноор дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд асуудал үүсгэж болзошгүй гэсэн болгоомжлол гарчээ. 10 дугаар сард Европын авто машин үйлдвэрлэгчдийн холбооноос /EMEA/ Хятадын хоригийг цуцлахгүй бол “Nexperia”-гийн чип хэдхэн долоо хоногт л хүрэлцэнэ гэж анхааруулж байв. Энэ сарын эхээр EMEA-ийн тэргүүн Сигрид Де Врис BBC телевизэд мэдээлэхдээ, “нийлүүлэлт хомсдох нь гарцаагүй” гэжээ. Түүнчлэн “Volvo Cars”, “Volkswagen” компаниуд чипний хомсдолын улмаас үйлдвэрүүдээ түр хугацаагаар хаахад хүрч болзошгүйг анхааруулсан бол “Jaguar Land Rover” мөн чипний хомсдол нь бизнест нь аюул учруулж байна гэж мэдэгдэж байлаа.
Гэвч бямба гарагт Европын Холбооны /ЕХ/ худалдааны комиссар Марос Сефкович X хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, Хятадын тал “Nexperia” чипийн экспортын журмыг цаашид хялбарчлахыг зөвшөөрч, бараа бүтээгдэхүүн нь “иргэний хэрэгцээнд” зориулагдсан тохиолдолд “аливаа экспортлогчдод лицензийн шаардлагаас чөлөөлөх”-ийг зөвшөөрсөн гэжээ.
“Хагас дамжуулагчийн урсгалыг бүрэн сэргээх баталгаатай, тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бид Хятад, Нидерландын эрх баригчидтай нягт хамтран ажиллаж байна” гэж уг мэдэгдэлд дурдсан байна. Хятадын Худалдааны яам мэдэгдэхдээ, Нидерландыг алдаатай үйлдлээ аль болох хурдан засаж залруулахыг шаардахын тулд үргэлжлүүлэн нөлөө үзүүлэхийг ЕХ-нд уриалжээ. Үүний зэрэгцээ, галли, германи, сурьма болон хэт хатуу материалтай холбоотой “давхар хэрэглээтэй материал”-ыг АНУ руу экспортлохыг хориглосон шийдвэрийг ням гарагт түдгэлзүүлсэн бөгөөд 2026 оны 11 дугаар сарын 27 хүртэл хүчин төгөлдөр хэрэгжинэ. Иргэний болон цэргийн зориулалттай бараа, материалын экспортыг хориглох тухай шийдвэрийг 2024 оны 12 дугаар сард гаргаж байжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 11 сарын 10,
2025

Сэтгэгдэл1
Хятадыг тайвантай байлдуулах шаардлагатай байна.