УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.11.12/-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, гишүүдийн олонх буюу 62.6 хувийн саналаар дэмжлээ. Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлсэн шийдвэрийг бүлгийн дарга Ж.Батжаргал танилцууллаа. Гишүүдийн 78 хувийн саналаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Улсын Их Хурлын дэд даргаар сонголоо.
УИХ-ын дэд дарга Жадамбын Бат-Эрдэнэ нь 1965 онд төрсөн, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1983 онд Нийслэлийн 75 дугаар дунд сургууль, 1989 онд ОХУ, Эрхүү хотын Политехникийн дээд сургууль, 1998 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Авто инженер, эрх зүйч мэргэжилтэй.
1990-1992 онд ОХУ-ын Рыбкооп Улсын үйлдвэрийн газарт менежерээр,
1994-2000 онд “Ашид-Эрдэнэ” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан.
2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын даргаар,
2007-2012 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар,
2008-2012 онд Монголын төмөр зам ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар,
2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар тус тус ажилласан.
Жадамбын Бат-Эрдэнэ нь 2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон бөгөөд 2017-2018 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон.
Тэрээр 2016, 2020 онд Булган аймгаас, 2024 онд хойд бүсийн иргэдийн итгэлийг хүлээж Улсын Их Хурлын гишүүнээр гурван удаа дараалан сонгогдсон бөгөөд 2024-2025 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар, 2025 оны 06 дугаар сараас Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн даргаар сонгогдон ажилласан туршлагатай.
Лхагва - 11 сарын 12,
2025

Сэтгэгдэл0