sonin.mn

УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын дарга О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


Энэ үеэрээ: "АН-ын бүлэг тодорхой байр суурь илэрхийлсэн. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн тэр тусмаа Их суудлын хуралдааны дүгнэлтийг одоо УИХ хүлээн зөвшөөрч ажиллах нь зүйтэй. Хүлээн зөвшөөрч ажиллахаас гадна үүнийг даган биелүүлэх шаардлагатай. Биелүүлэхийн тулд хуулиуд дээр тодорхой зохицуулалтуудыг бид нар хийх хэрэгтэй. Одоо ингээд чимээгүй ганц хоёр хариуцлагын асуудал яриад өнгөрөх биш, хууль эрх зүйдээ тодорхой болгох ёстой. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тодорхой болгох хэрэгтэй, ирцийн асуудлууд тодорхой. ҮХЦ-ийн дүгнэлт чинь олон зүйлээр гарсан шүү дээ, үүнийг хуулийг нь дагаж засах ёстой юм байгаа биз дээ.


Түүнээс цаг хугацаа алдаад явах биш, хуулийн өөрчлөлтийг яаж хийх юм, энэ дэгийн тухай хуулийн асуудлууд, хуулийн хоорондын нийцэл, зөрчлийн асуудлууд олон бий. Хуулийн өөрчлөлтөө хийе, эхний ээлжинд.


Хоёрдугаарт хариуцлагын асуудлаа ярья. Хариуцлага гэдэг чинь огцруулах, бүрэн эрхийг түдгэлзүүлэх болон бусад гэсэн гурван чиг үүргийн заалтууд. Тэр хүрээнд асуудлаа ярья. Цэцийн дүгнэлтийг биелүүлэх ёстой гэдэг ийм байр суурьтай байна” гэв.


Мөн сэтгүүлчийн “УИХ-ын гишүүний цалинг дундаж түвшинд хүргэснээр парламентын дархлаа суларна, авлига нэмэгдэнэ гэж зарим гишүүд үзэж байна. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?” гэсэн асуултад “Үгүй ээ, тэгвэл Монгол Улсынхаа иргэдийн дундаж цалинг л өсгөөөд өгчихье л дөө, тэгээд тэр чинь авдаг орлого нь нэмэгдэнэ биз дээ” гэж хариуллаа.


Харин 5 жилийн хөгжлийн бодлого, эдийн засгийн байнгын хороонд хэлэлцэж буй асуудлын талаар “Энэ чинь одоо хоёр дахь 5 жилийн төлөвлөгөөгөө ярьж байна л даа. Та нар бод доо, хоёр дахь 5 жилийн төлөвлөгөө ярьж байна. Шинэ төлөвлөгөө ярихын тулд өмнөх төлөвлөгөөний жилийнхээ биелэлтийг эхлээд ярих ёстой юм байгаа биз дээ.


2020-оос 2025 онд юу болж өнгөрөв, юу гэж төлөвлөсөн юм, яаж биелэв, хэдэн хувьтай биелэв, юун дээрээ алдсан, юун дээрээ онов, цаашид юун дээрээ анхаарах юм гэдгээ эхэлж хэлэлцэх ёстой. Гэтэл одоо эхний гүйцэтгэлээ хэлэлцээгүй. Зүгээр л нэг ийм форматласан, аргацаасан байдлаар ярьж байна. 30 жилийн төлөвлөлт, 5 жилийн төлөвлөгөө, 4 жилийн мөрийн хөтөлбөр, нэг жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, дээрээс нь нэг жилийн төсөв гээд бүгдийг гаргаж байгаа ч үнэндээ бүх зүйл төсөв дээр л төвлөрч байна.


Төсөв батлагдахдаа энд тэндээс гарсан шаардлагуудыг л тусгадаг. Энэ нь бодит төлөвлөлт биш. Тиймээс эхлээд энэ төлөвлөлт гэдэг зүйл маань хаанаа алдагдаад байгааг олж тогтоох хэрэгтэй. Үгүй бол цаг барж, цаас барьж, төлөвлөгөө хийсэн нэр зүүгээд өнгөрч байна.


Их хурал дээр хэлэлцсэн нэртэй, Засгийн газар өргөн барьсан нэртэй ч бодит үр дүнгүй ажил болж хувирч байна. Үүнийг л бид одоо ярьж, хэлэлцэх ёстой. ”хэмээн байр сууриа илэрхийллээ.


Мөн "АН Засгийн Газарт орох уу? "гэсэн сэтгүүлчийн асуултад: "АН Засгийн Газарт орох уу? гэдэг асуултад би 100 хариулсан. Дахиад хариулах хэрэггүй байх" гэж хариулав.


Н.Отгончимэг