Хоккейн тэмцээн болох цэнгэлдэх хүрээлэнгийн зарим дотоод засал, тохижилтын ажлыг өвлийн Олимп эхлэхээс өмнө дуусгаж амжихгүй байж магадгүй байна. Энэ тухай Олон улсын хоккейн холбооны /IIHF/ ерөнхийлөгч Люк Тардиф ярьсныг Sportsnet сонин эш татан мэдээлжээ.
Түүний ярьснаар, цэнгэлдэхийн зарим ажил төлөвлөсөн хугацаандаа дуусахгүй байж магадгүй, гэхдээ мөсөн талбай, бэлтгэл хийх талбай, хувцас солих өрөөнүүд эрэгтэйчүүдийн хоккейн тэмцээний өмнө бэлэн болох ажээ. Ташрамд дурдахад, барилгын ажлыг IIHF бус харин Олон улсын Олимпын хороо хариуцаж байгаа гэнэ.
Энэ удаад хоккейн тэмцээн явагдах цэнгэлдэх хүрээлэн төлөвлөснөөс арай цөөн буюу 11 мянга 800 хүний багтаамжтай байх ажээ. “Гэхдээ энэ нь Олимпын тоглолт явуулахад хангалттай сайн талбай байх болно, би дэд бүтцийн чанарт итгэлтэй байна” гэж Л.Тардиф хэллээ. Үүнээс өмнөхөн Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн /NHL/ комиссарын орлогч Билл Дэйли хэлэхдээ, хэрвээ мөсний чанар муу байгаа бол лигийн тоглогчид Италид болох өвлийн Олимпиадад оролцохоос татгалзаж магадгүй гэдгийг дурдсан юм. Мөн лигийн комиссар Гэри Бэттмен мөсөн ордны нөхцөл байдалд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.
Ийм мэдэгдэл хийх болсон шалтгаан нь, Миланд барьж буй 16 мянган үзэгчийн суудалтай “Санта-Жулиа” гэдэг хоккейн шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил график төлөвлөгөөнөөс хоцорч байна гэсэн мэдээллийг Associated Press агентлаг цацсан явдал юм.
Иймээс туршилтын тоглолтуудыг цуцалсан бөгөөд хамгийн сүүлд ирсэн мэдээллээр, уг хоккейн талбай хоёрдугаар сарын 5-нд эхлэх эмэгтэйчүүдийн тэмцээнээс 3 хоногийн өмнө бэлэн болох ажээ. Харин эрэгтэйчүүдийн тэмцээн 11-ний өдөр эхэлнэ.
Б.Адъяахүү
Пүрэв - 01 сарын 08,
2026

Сэтгэгдэл0