sonin.mn

Улсын Их Хурлын даргын захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөөг бататган иргэн, хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагааг хязгаарласан зохицуулалт, төр-иргэний харилцаанд тогтсон хүнд суртлыг арилгах, төрийн үйл ажиллагааг цахим, ил тод, хариуцлагатай болгох, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх “Чөлөөлье” санаачилгын хүрээнд тулгамдсан асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг байгуулсан.


2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын дарга ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай уулзаж, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны талаарх явцын мэдээллийг сонслоо. Тэрээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж болзошгүй хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актуудыг тодорхойлж, авлига, хүнд суртал үүсгэж байгаа, хуулиас давсан дүрэм журмуудад дүн шинжилгээ хийж, засаж сайжруулах чиглэлд холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг цаг алдалгүй, шуурхай хийх шаардлагатай байгаа талаар онцоллоо. Мөн ХЭҮК-ийн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх нийт 24 илтгэл Улсын Их Хуралд танилцуулагдсан байдаг, үүнээс Улсын Их Хурлын 8 тогтоол, ХЗБХ-ны 10 тогтоол батлагдсан байна. Эдгээр тогтоолд тусгагдсан санал, зөвлөмжийг мөн анхаарч холбогдох хууль тогтоомжийн төсөлд тусгаж ажиллах талаар дурдлаа.





Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын болон Засгийн газрын зарим гишүүний хамт зүүн, хангайн бүсийн аймгуудаар ажиллаж иргэд, олон нийтийн санал, хүсэлтийг нээлттэй сонсож, санал солилцох хүрээнд нийтлэг асуудлуудыг онцолж байгааг анхаарч ажиллахыг хүсэв. Төрийн албан хаагчдын цалин хөлсийг тогтоосон шийдвэр хэрэгжихгүй байгаа, цалин хөлсийг ялгавартай тогтоодог, төрийн албан хаагчдын цомхотгол нь төрийн байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учруулдаг, ажиллах нөхцөлийг сайжруулах зэрэг төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн албан хаагчтай холбоотой хүсэлтүүдийг анхаарах шаардлагатай байгааг холбогдох ажлын хэсгүүд анхаарч ажиллахыг хүслээ.



• Ахмад настны тэтгэвэр, нийгмийн халамжийг нэмэгдүүлэх талаарх иргэдийн саналыг уламжиллаа.

• Орон нутагт тулгамдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээ, газар олгох эрхийг орон нутагт шилжүүлэх талаар анхаарах иргэдийн саналыг танилцуулсан.


• Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос нөлөөлөлд өртөж байгаа аймаг, сумдад илүү хуваарилахтай холбоотой иргэдээс гарсан саналуудыг онцолж байв.

• Малчны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, малчин өрхийн амжиргааг дэмжих, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортыг хориглох, хязгаарлах зохицуулалт хийхгүй байх асуудлыг онцолж байгааг анхаарч ажиллахыг хүссэн.


•Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах, ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах талаарх иргэдийн саналыг Улсын Их Хурлын дарга ажлын хэсгийн ахлагч, дэд ахлагчдад танилцуулан, анхаарал хандуулж ажиллахыг чиглэл болгов.


•Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.5.1-д заасан “нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алсдлагдсан байх” шалгуурыг багасгаж, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдэд орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг нийтлэг асуудлуудыг онцолж анхаарч ажиллахыг хүслээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.