Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчимд 1.6 га талбайг чөлөөлж, жишиг гудамж болгон тохижуулах ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж, 55 айлын газрыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 36 айлын газрыг бүрэн чөлөөллөө. Тухайн байршилд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллаж, иргэдээс газар чөлөөлөлттэй холбоотой санал сонслоо.
Иргэдтэй уулзах үеэр хотын дарга Х.Нямбаатар “Гандан орчмыг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно. Газар чөлөөлөлтөөс татгалзсан гурван айлтай уулзаж, дахин үнэлгээ хийхээр тохиролцлоо. Газар чөлөөлөлтийг иргэдэд илүү хүргэх үүднээс тухайн орчимд тогтмол үйл ажиллагаатай байр гаргаж, мэдээллээ иргэдэд түгээх хэрэгтэй.
Дөрөвдүгээр сарын дундуур НИТХ-ын ээлжит хуралдаанаар “Гандан” нэртэй тогтоолын төслийг хэлэлцүүлнэ. Тогтоолын төслийн нэрийг дахин авч үзнэ. Харин төслийн тухайд нийслэлийн ИТХ-ын долоон төлөөлөгч санаачилсан. Энэхүү тогтоолоор ойрын жилүүдэд Гандангийн 55 га газрыг бүхэлд нь чөлөөлж, Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгохыг зорьж байна.
Гандан орчимд дахиж барилга байгууламж бариулахгүй. Шинээр газар эзэмшүүлж, ашиглуулахгүй. Харин зах зээлийн жишигт нийцсэн үнээр жил бүр хэсэгчлэн газрыг чөлөөлнө. Гандан орчимд 55 га газарт 1800 айл амьдарч байгаа бөгөөд нийт 700-800 нэгж талбарыг бүхэлд нь чөлөөлнө. Гандан тойрсон худалдаа, үйлчилгээний төвүүд ч мөн газар чөлөөлөлтөд хамарна. Гэхдээ иргэдэд урьдаас мэдээлэл өгч газрыг чөлөөлөөд явна. Гандан орчим ирэх жилүүдэд Улаанбаатар хотын нэрийн хуудас болсон цэцэрлэгт хүрээлэн болно” гэдгийг онцоллоо.
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Гандангийн хэсэг суурьшлын бүс болоод удаж байна. Хөрсний бохирдол зэрэг асуудал ихтэй бүс. Иргэд газар чөлөөлөлтийг дэмжиж байгаа. Эхнээсээ зөвшилцөлд хүрээд явж байна. Иргэдэд мэдээлэл хүргэхэд анхаарч ажиллана” гэлээ.
НЗД-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа “Гандан орчимд амьдарч байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад ээлтэй байдлаар тохижилтын ажлуудыг төлөвлөөд явна. Дөрөвдүгээр сарын дундуур тогтоолын төслийг танилцуулахаас өмнө иргэдээс тогтоолын төсөлтэй холбоотой саналуудыг авна. Ямар цэцэрлэгт хүрээлэнтэй болох талаар иргэд саналаа өгөх нь нээлттэй” гэсэн юм.
Мягмар - 03 сарын 03,
2026
Сэтгэгдэл4
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс том уу
Зөв,,,, маш зөв,,,,,
100% дэмжиж байна
Ёстой зөв.120 жилийн тэртээгээс Хүрээ, Гандан бий болсноос хойш энэ орчим лам сүсэгтний ил шээс баасаар бохирдож ирсэн.Хамгийн аймшгийн энэ бүсэд мод бут ахиу тарьж хөрс усны бохирдлыг бууруулвал УБ-т хaвдар, аюулт өвчнй голомт буурна.