Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цөлжилт, газрын доройтол, ган, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдсан, харилцан уялдаа бүхий сорилтуудыг шийдвэрлэхэд тус бага хурлын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол өндөр гэдгийг онцлон тэмдэглэж, дэлхий дахинд үүссэн геополитикийн сорилттой үед зохицуулж, бага хурлыг аль болох минимал хэлбэрээр, илүү үр ашигтай зохион байгуулахын чухлыг онцлов.

Мөн бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд шийдвэрлэгдээгүй зарим асуудал байгааг дурдаж, тэдгээрийг урагшлуулахын тулд талуудын идэвхтэй оролцоо, харилцан ойлголцол, хамтын хүчин чармайлт чухал болохыг тэмдэглэж, Монгол Улс тус конвенцын хүрээнд өрнөж буй яриа хэлэлцээг ахиулах чиглэлээр Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газартай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа нотлов.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг бага хурлын даргаар томилогдсонд баяр хүргэж, энэхүү хариуцлагатай үүргийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэл төгс буйгаа илэрхийлэв. Түүнчлэн бага хурлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд үлдсэн хугацаанд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Лхагва - 04 сарын 15,
2026
Сэтгэгдэл1
Сайд эмэгтэй найр наадам, цагаан сарын айлчин хийж бга аятай эрээн мяраан дээл хөглөрүүлээд л бдийн. Энэ удаа овоо ажил хэрэгч, албаны хувцаслажээ. Гэхдээ л бас төрийн том сайд хүний хувцаслалт гэхэд тиймхэн л юм.