sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /DW/. Америкийн төлөөлөгчид Ираны талтай хэлэлцээ хийхээр тун удахгүй Пакистан руу явна. Энэ тухай гал зогсоох тухай тохиролцооны хугацаа дуусахаас хоёр хоногийн өмнө буюу өчигдөр AFP агентлаг Вашингтон дахь эх сурвалжуудаасаа эш татан мэдээллээ.

Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Нью-Йорк Пост” сонинд ярилцлага өгөхдөө, дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс тэргүүтэй Америкийн төлөөлөгчид хэдийн замд гарсан гэжээ. Тэрбээр Truth Social нийгмийн сүлжээний хуудсандаа бичихдээ, Ирантай байгуулах шинэ гэрээ нь 2015 оны гэрээнээс “хамаагүй илүү сайн гэрээ байх болно” гэсэн байна.




Харин Пакистаны нийслэлд болох хэлэлцээнд Ираны тал оролцох эсэх нь тодорхойгүй байна. “Хэлэлцээний хоёр дахь үе шатанд оролцох төлөвлөгөө бидэнд алга, гэхдээ энэ асуудлаар эцсийн шийд гараагүй байна” гэж Ираны ГХЯ-ны төлөөлөгч Эсмаил Бакаи хэллээ. Тэрбээр “дипломат яриа хэлэлцээнд нухацтай бус хандаж, гал зогсоох тохиролцоог зөрчиж буй” явдалд АНУ-ыг буруутгажээ.




Харин Д.Трамп өчигдөр мэдэгдэхдээ, хэрвээ шинээр хэлэлцээр байгуулахгүйгээр гал зогсоох тохиролцооны хугацаа дуусах аваас Иранд бөөн хүчээр цохилт өгнө гэж дахин сүрдүүллээ.  

11-12-ны өдрүүдэд Исламабадад болсон Вашингтон, Техраны хэлэлцээний эхний үе шат амжилтгүй болсон билээ. 




Б.Адъяахүү