
Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг эцэслэн баталлаа. Тодруулбал, УИХ-ын чуулганы лхагва гарагийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд УИХ-ын 68 гишүүн оролцож, 66 нь дэмжсэнээр 97 хувийн саналаар эцэслэв.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр “УИХ-ын эрхэм гишүүд та бүхэндээ Засгийн газраа төлөөлөөд энэхүү хуулийг санаачлагчийн хувьд талархал илэрхийлж байна. Сонгуулийн тогтолцооны асуудал нь нэг өгүүлбэр боловч суурь реформ хийгдэж байна. Шинэ 30 жилийг цоо шинээр эхлүүлэх шинэ дүрэм. Улс төрийн намууд, эрх баригчид сонгууль дөхөхөөр сонгуулийн дүрмийг өөрчилдөг асуудал эцэс боллоо. Энэ дүрмээр дараа дараачийн сонгуульд оролцдог болно.
Нэг гишүүнд оногддог хэт их эрх мэдэл өнөөдрийн санал хураалтаар эцэс болж байна. Аливаа хууль УИХ-аас хяналтгүй гардаг нь түүх болж үлдэж байна. Байнгын хороо илүү мэргэшсэн болох нөхцөл бүрдлээ. УИХ-ын нэг гишүүн нэг л Байнгын хороонд харьяалагддаг байх реформыг хийлээ. Эрх мэдлийн төвлөрөл задарч байгаа учраас гишүүн байх нь өөртөө давуу байдал байхаа больж байна. Засгийн газар өнгөрсөн 30 жилийн алдаагаа дүгнэж, шинэ 30 жилийг эхлүүлэхийн төлөө явж байна. Сайн мууг нээлттэй болгоод явж байна. УИХ -ын гишүүдээс маш их эр зориг гарсан, алсын хараа шаардсан хүнд өдрүүд байлаа. Өмнө нь олон удаа яригдсан, шийдэгдэж чадалгүй яриа болон үлдэж байсан асуудлыг та бид шийдлээ. Парламентын бүрэн эрхийн хугацаанд хийсэн түүхэн реформ энэ болж үлдэнэ. Засгийн газраас өргөн барьсан хувилбараар эрх мэдлийн төвлөрлийг хоёр дахин задлахаар болгосон ч 126 болгох зөвшилцөл хийсэн. АН манлайлал үзүүлсэнд талархал илэрхийлье. ХҮН-д талархал илэрхийлье.
Нийгмийнхээ захиалгыг мэдэрч, цөөнхдөө хүлээцтэй хандах итгэлцлээр Үндсэн хуулийн реформ хийгдлээ. Жендэрт маш том дэвшил ирнэ. Жинхэнэ утгаараа олон намын төлөөлөл парламентад орж ирнэ. Нийгмийн сигмент рүү хандсан гадаад дахь монголчууд парламентад орж ирэх үүд хаалга нээгдэж байна. Намууд үзэл санаагаараа мэтгэлцдэг байх боломж бүрдэж байна” гэдгийг онцлон тэмдэглэв. Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараагаар санал хураалт явуулж Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг эцэслэн баталсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм. Тэрбээр энэ өөрчлөлт бол 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн үргэлжлэл гэдгийг онцлон тэмдэглэсэн. УИХ-ын дарга Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт олон үр дүн өгөх бөгөөд маргаашаас эхлээд түүхэн үүргээ гүйцэтгэж эхэлнэ гэдгийг онцлон тэмдэглэв.
Г.Занданшатар даргын хэлснээр Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлттэй холбоотойгоор Улсын Их Хурлын тухай, түүний чуулганы хуралдааны дэгийн тухай, Улс төрийн намын, Сонгуулийн тухай зэрэг олон хуульд шинэчлэлт, өөрчлөлт хийнэ гэдгийг дуулгасан. Ингэж байж энэ өөрчлөлт цогц шинэчлэлт болж чадна гэдгийг УИХ-ын дарга чуулганы индэр дээрээс мэдээлсэн юм. Тэрбээр, өнөөдөр Монголын нийгэмд томоохон шилжилт хийгдэж байна гэж үзэх ёстой хэмээн Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн ач холбогдлыг дүгнээд, “Ард түмэн өнгөрсөн 30 жилийн алдаанаасаа суралцсан, буруугаа илчилдэг, нийгмийн асуудлуудаа зоригтой хэлэлцэж шүүдэг, шударга бустай үл эвлэрдэг, илүү хэрсүүжсэн, илүү үнэн зөв, шударга ёсыг хүсэмжилж байгааг бид энэхүү Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн үеэр харлаа. Нийгмийн эрмэлзэл, хүсэл зоригийг сонсож, түүний төлөө зүтгэх нь орчин үеийн төрийн хамгийн чухал үүрэг юм” хэмээн тодотгосон. УИХ-ын дарга Г.Занданшатар үгийнхээ төгсгөлд “Төр иргэний итгэлцлийг холдуулж, парламентын нэр хүндэд зориуд зохион байгуулалттайгаар халдаж, парламентын ардчиллыг мохоож буй гадаад, дотоодын шунахай бүлэглэлүүдэд тэдний буруу булхайг илчилж байгаа явдал таалагдахгүй байгаа. Монголын төр тэрхүү шударга бусын хариуг өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулсныхаа нэгэн адил шийдвэртэй үзүүлж, тод томруун харуулах ёстой” хэмээн дүгнэв.
Сэтгэгдэл0