sonin.mn

Зүйр цэцэн үгс бол нийгмийн ухамсар, хүний сэтгэлгээн дэх шижир алт юм


Ардын аман зохиол, зүйр цэцэн үгний утга, сануулгыг тайлж ойлгох нь хялбар зүйл биш. Зүйрлэл, цэцлэл, гүний утга, сануулгыг нь багш нар ч нээж тайлбарлахаа больчихжээ. Өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй, сэтгэх чадвар сайтай, дорно дахины утга зохиолыг уншсан, судалсан ахмад үеийнхний ихэнх нь хорвоог орхижээ. Тэдний бүтээлийг дахин хэвлэх, унших, судлах ажил ч бараг л орхигдоод байна. Ардын аман зохиол, эртний уран зохиолоос иш татах, сурах бичигт хэсэгчлэн оруулах, хэлэх, дүрслэх сонин, содон аргыг нь тайлбарлах, орчин үеийнхэнд эзэмшүүлэх талаар ч бага анхаарах болов. Ганц жишээ иш татья.


“Хүн нэг бүдэрвэл долоо бүдэрдэг” – энэ үгний утга, сануулга юу юм бэ? Миний туршиж асуусан 20-иод оюутны хариулт бүгд л мөнхүү үгний цаад санааг илчлэхээс их л хол, өнгөцхөн байв. Бүдрэх гэдгийг алдаа гаргах гэсэн ерөнхий утгаар ойлгож болно. Бүдэрч унаад биеэ гэмтээжээ гэж ч ойлгож болно.


Ямар боловч бүдэрчээ, алдаа гаргажээ. Ингэхлээр бүдрэх нөхцөл, шалтгаан уг хүний биенд нь буй болжээ. Тэр нөхцөл, шалтгааныг ол, тань, арилга. Эс тэгвээс бүдэрсээр л байх болно. Бүдэрч унаад бэртсэн, гэмтсэнээ эмчил, бас бүдэрсэн шалтгаанаа арилга, тэгвэл дахиж бүдрэхгүй. Алдаа, мадгийнхаа үндэс, шалтгааныг арилгачихвал хоёр дахиа ч бүдрэхгүй. Үр дагавартай нь л тэмцээд, шалтгааныг эс олвоос мөнхүү сөрөг үр дагавар дахиад, давтаад гараад л байх болно. Чи цааш нь долоо бүдэрч ч мэднэ. Яагаад гэвэл бүдрэх шалтгаан нь байж л байгаа шүү дээ. Нас ахих хэрээр, биеийн жин нэмэгдэх хэрээр, хараа муудах хэрээр хүн явахдаа хөлөө дээш өргөх хэмжээ багасдаг, мөн яс сийрэгждэг. Иймээс олон бүдэрч болно, яс хэврэгшиж хялбархан хугарч болно. Энэчлэн бүдрэх, бэртэх шалтгаан олон буй. Яарах, адгах, сандрах, согтуурах, мансуурах нь бүдрэх, бэртэхийн том шалтгаан мөн. Бүдрэх нь том алдаанд орох, бүр үхлийн шалтгаан ч болж мэднэ. Бүдрээд их биеэрээ, тархи толгойгоороо юу ч мөргөж болох шүү дээ. Шалгалтанд бүдрээд, асуултанд бүдрээд, морь маань бүдрээд гэж ч ярьдаг. Бүдрэх гэдэг үгний шууд утга, дам утга, ёж утга ч олон өнгө аястай. Олон мянган жилийн түүхтэй монгол хэлээр маань илэрхийлж болохгүй утга, дамжуулж болохгүй санаа, нэрлэх боломгүй юмс, үзэгдэл, зааж болохгүй тоо хэмжээ, үйл хөдлөл, хувьсал, орон зай, цаг хугацаа гэж үгүй юм. Монгол хэл бол урт түүхтэй ч хэл, ууган хэлнүүдийн ч нэг нь, сонсоход чихэнд, дуудахад хэлэнд эвтэй, төгөлдөржингүйн хэмжээ, түвшин нь ч өндөр хэл билээ. Энэ хэлээр тэмдэглэгдэж үлдсэн зүйлс хадан дээр ч буй, цаасан дээр ч буй. Энэ хэлийг тэмдэглэх гэж олон үсэг, бичиг ч зохиогдож байв. Хамгийн олон үсэг, бичгээр тэмдэглэгдэж байсан хэлээр монгол хэл ч тодорч мэднэ... Хүүхэд эхийн хэвлийд байхдаа л төрөлх хэлэндээ суралцаж, ээжийнхээ баярлах, гомдохыг мэдэрч, дуртай дууны нь ая хэмнэлд бүүвэйлэгдэж байдаг. Тиймээс хүүхэд нэг бүрийн хамгийн сайн сурах, ойлгох хэл нь хэзээ, ямагт л төрөлх хэл нь юм. Гадаад ертөнцийг түргэн, сайн тусгах, ойлгох зэвсэг нь ч төрөлх хэл. Хүүхдүүд ядаж л бага ангийн бүх хичээлийг эх хэл дээрээ үзэх, судлах нь чухал. Гадаад хэлийг 5-р ангиас үзэж эхлэх нь оновчтой шийдэл мөн.


Гадаад хэл сурахад оройтно гэж үгүй. Хөдөөнөөс ирсэн нэг танил минь (2026 оны 6-р сард) “монголчууд бид дээр үед өвчний, эм тангийн талаар оточ нарын ярилцах төвд хэл, социализмын үед эмч нарын ярилцах орос хэл, одоо бол англи хэл, үгээр сонсож, шинжилгээний хариуг ч англиар авах боллоо.


Монгол улсын төрийн албан ёсны хэл монгол хэл гээгүй бил үү?” гэж асууж байв. Өвчтөнгүүд ядаж л монгол хэлээрээ эхо, рентген, компьютер томографийн шинжилгээ мэтээ авдаг, уншдаг болох юмсан. Биений нь байдал, өвчин зовлонгийн нь байдлыг өөрөөс нь нууж байгаа юм уу, эсвэл эмч нар маань монгол хэлээ мэдэхээ больчихоо юу? Өвчин зовлон, эм тариа, шинжилгээний хариу мэт нь өвчтөнд өөрт нь тун ч ойлгомжтой байх нь чухал, зөв гэж дэлхий нийтээрээ үзэж байгаа биш бил үү? Аль эсвэл эмч нар англи хэлний мэдлэгээ гайхуулах төдий өчүүхэн амьтад болчихоо юу? Удирдлага нь ганцхүү англи хэлний мэдлэгээр л эмч нараа үнэлдэг, шалгаруулж ажилд авдаг юм болов уу? Тун ч ойлгомжгүй болчихжээ... Нийгэм дэх элит давхраа нь улс үндэстнийхээ өнгөрсөн түүх, соёл, угсаа гарвалаа мэддэггүй, дээрээс нь хөгжингүй гэгдэх аль нэгэн орны моодны бүхнийг хуулбарлан дууриаж “хөөсөрдөг” бол тэр улс орон самууралд автдаг. Элит гэгдэх давхраа дээр тухайн цаг үеийн сэхээтнүүд нь нэмэгдээд төөрөлдөж орхивол тэр үндэстэн мөхдөг. Яг ингэсэн жишээ, баримт олон буй. Нэн эртний гарвал, түүхтэй (4-5 мянган жилийн) улс үндэстэн хүртэл дээрх шалтгаанаар самуурч мөхөхөд хүрч байжээ. Олон мянган жилийн түүх, соёлтой монголчууд бидний хувьд ч ийм аюул тохиолдож болзошгүй. Өнөөдөр гэхэд л хөрөнгө, мөнгө ихтэй олигархиуд гэгдэх хүмүүс боловсролын түвшин, түүх, соёлын мэдлэгээр дорой байна. Гадаадад их, дээд сургууль төгссөн, магистр, доктор хамгаалсан залуусын ихэнх нь Монголынхоо түүх, соёлыг судалж, таньж мэдээгүй хэрнээ үгүйсгэх, чамлах, үл тоох, дутуу үнэлэх нь газар авах хандлагатай болов. Ялангуяа манай өвөг дээдсийн философи сэтгэлгээний чанар, түвшинг өнөөдөр өөрсдийгөө философичид гэж нэрлэж буй зарим залуус хүртэл зөвөөр үнэлэх чадваргүй байна. Европ зүгийн идеалист философийн элдэв урсгалд гүнзгий автсан зарим нь аль ч ард түмний дунд буй болж хөгжиж ирсэн гэнэн материализм, урсгал диалектик мэт нь монголчуудын хувьд ер байгаагүй гэж үзэх, бичих болов.


Ардын аман зохиол, үлгэр, туульс, зүйр цэцэн үгсэд агуулагдан буй үнэн мэдлэг, зөв мэдээлэл, танин мэдэх арга, логикийг ч тэд олж харахгүй байна. Арга ч үгүй юм даа, тэдэнд энэ талаар үзсэн, суралцсан, судалсан, маргасан, мэтгэлцсэн, уншсан, бичсэн практик ер байхгүй шүү дээ.


Дорнын философи сэтгэлгээний танин мэдэх, судлах технологи, нэр томъёо, ухагдахуунууд, арга, онолыг тэд мэдэхгүй болохоор нэлэнхүйд нь үгүйсгэж ханддаг байж ч мэднэ. Философи сэтгэлгээ бол хүний уураг тархины бүтээгдэхүүн болохынхоо хувьд ард түмэн нэг бүрд, угсаатан нэг бүрд өнө эртнээс нааш байж л байсан зүйл билээ. Тийм атал монголчуудын оюун санааны амьдралд философи сэтгэлгээ огт байгаагүй мэтээр үзэх нь хачирхалтай хандлага, зохисгүй үзэгдэл юм. Тив бүрээс философичид цугласан олон улсын цөөн бус арга хэмжээнд миний бие оролцож явлаа. Хачин сонин, сургамжтай, ухаан бодлыг тэлсэн, гүнзгийрүүлсэн, хурцалсан маргаан, мэтгэлцээнийг ч сонсож, заримд нь дэмжсэн, эргэлзсэн үг хэлж, нэг хоёр удаа алга ташуулж, нэг хоёр удаа магтуулж ч байж билээ... Москвад болсон нэг удаагийн эрдэм шинжилгээний хурал дээр “зүйр цэцэн үгс дэх философи” гэсэн сэдвээр маргаан өрнөхөд нэгэн негр философич “Өндөр модтой ойд л хамгийн өндөр мод ургадаг юм” гэх эртний зүйр үгээ байгаль дахь шалгарал, Дарвины онолтой холбон тайлбарлахад нь оролцогсод тун ч их гайхаж, Африкт философи сэтгэлгээ хэрхэн хөгжиж ирсэн талаар ном бичихийг түүнд зөвлөж байсан юм.


Энэ хурлын дараа бидний байрлаж байсан зочид буудалд болсон нэгэн чөлөөт маргаан дээр “нөхцөл нь бүрдвэл, үйл нь ирвэл болохгүй юм гэж үгүй” гэсэн санаа бүхий манай нэгэн зүйр үгийг (нийтэд хэлэхэд эвгүй үг) иш татан хэлж яг тийм санаа бусад ард түмний зүйр цэцэн үгэнд байдаг эсэхийг асууж оролцогчдын амыг таглаж байв.


Тэр зүйр цэцэн үгийг тэд дор нь л англи, орос хэлэнд орчуулж, зарим нь бичиж авч, бөөн инээдэм болж байж билээ. Тэнд байгсад дунд эмэгтэй хүн, хүүхдүүд байгаагүй болохоор л би тэр эвгүй зүйр үгийг хэлж чадсан юм... “Зүйр цэцэн үгс бол ардын аман зохиол дахь шижир алт, алмаазан шигтгээ мөн. Зүйр цэцэн үгсийн нь гүнзгий утгыг тайлбарлах аваас тухайн ард түмний философи сэтгэлгээний гайхамшгийг олж мэддэг, мэдэрдэг” гэх үг буй. Зүйр цэцэн үгс үгүй улс орон, үндэстэн, угсаатан гэж үгүй билээ. Ингэхлээр философидолт, философи сэтгэлгээ бол нэн эртнээс оршин буй түгээмэл үзэгдэл мөн болно. Хүмүүс үүсэж сүргээр амьдрах болсон цагаас эхлээд л ухамсрын бараг бүх төрөл, хэлбэр анхдагч байдлаараа, бүдүүлэгдүү энгийн байдлаараа, урсгалаар, аяндаа, сулдаа буй болж аажмаар хөгжсөөр байсан нь үнэн юм. Дуу, бүжиг, хошин шог яриа, оньсого таавар, зүйр цэцэн үг гэх мэт нь бүгд л эрт балар цагаас улбаатай. Ер нь нэг угсаатанд, нэг ард түмэнд байдаг бүхий л эд юмс, үзэл санаа бусад бүх угсаатан, ард түмэнд арай өөр хэлбэр, илрэлээрээ байж л байдаг. Энэнийг тооцож, таньж мэдэж байх ухаан, чадвар л харин зарим хүнд бага байдаг ажээ. “Хутга, сэрээ мэтийг хэрэглэдэггүй ард түмэн гэж үгүйн адилаар философи сэтгэлгээгүй ард түмэн гэж мөн үгүй” гэх үг үнэн юм. Философи бол танин мэдэх зэвсэг мөн. Сургаал, сануулгын шинжтэй, хүмүүжил, ёс зүйн шинжтэй, ухаарал, гэгээрлийн шинжтэй, мөн зөв зан үйл, үнэн үгийг дээдэлсэн зүйр цэцэн үгсийн соёлоор, өв сангаар монголчууд дэлхийд дээгүүрт ордог. Товчхон, оновчтой, шуудхан, хэн ч ойлгохоор хэлчихсэн байдаг нь гайхмаар. Гурван хар, гурван цагаан, гурван муу гэх мэтээр эрэмбэлж өгүүлсэн нь ч буй.


Жишээ нь гурван муу: Наранд түлэгдэх нэг муу, найранд согтох нэг муу, наадамд булхайцах нэг муу гэхчилэн... Нүүдэлчин ахуй нь ардын аман зохиол, түүх, домог, туульс мэтийн бүтээлийн үүсэл, хөгжилд их нөлөөлжээ. Өвгөдийн маань цэцэн мэргэн гүн ухаан ч тэр бүтээлүүдэд шингэж, уламжлагджээ. Монголчуудын хувьд бол нийгмийн ухамсрын бараг бүх хэлбэр нэн эртнээс үүсэл, улбаатай. Мал аж ахуй эрхэлж сүүгээр бойждог хөхтөн амьтад өсгөж, ашиг шимийг нь авч байсан нь малын өвчин, гэмтэл бэртэл, үүлдэр угсаа, удамшил, шалгарлын талаар өргөн, гүнзгий мэдлэгтэй болоход нь тусалжээ. Саарал чоныг 4 нүдтэй улаан халтар нохой болгож чадсан ухаан, сурц бол нүүдэлчдийнх, тэр дундаас манай өвөг дээдсийн гавъяа юм.


Саарал чонотой тэмцэж чадах хэрийн хүч чадалтай, эзэндээ үнэнч, чононоос өөр зүстэй, ухаалаг араатанг олон мянган жилийн шалгаруулалтаар (хүний шалгаруулалт) буй болгож, гэршүүлж, гаршуулж, туслагчаа болгожээ. Адууны үржлийг судалж таниад цус ойртохын хор нөлөөг ч мөн эрт ойлгожээ.


Тийм дээрээ ч “ургаа мэдвэл хүн, усаа мэдвэл мал” хэмээн цэцэлж ясан болон цусан төрлийн хамаарлаа (удамшлын) бас л их эрт ойлгожээ. Ясан төрлийн хамаарлаа эрэгтэй хүн бүр 9 үеэр (өндөр өвөг, холбоо өвөг, хулан өвөг, элэн өвөг, хуланц өвөг, элэнц өвөг, өвөг эцэг, эцэг, хүү) мэдэж байхын учир, ач холбогдлыг нэн эрт үеэс монголчууд таниж сахиж ирсэн нь тэдний дунд генийн шалтгаантай мэдрэлийн гажиг бараг тохиолдохгүй байсны шалтгаан, нөхцөл болжээ. Томоохон оточ нарын бүтээлд энэ тухай дурдсан нь ч буй. “Чи бол бүдүүлэг нүүдэлчдийн удам судар, малчны хүү, өвөг дээдэс чинь чамд юу ч үлдээгээгүй, нүүдэлчдийн соёл-иргэншил, философи сэтгэлгээ гэж ч байхгүй, монголчууд бол мал дагасан хоточ нохой төдий...” гэхчилэн ойлгосон хүн аль ч тив, аль ч улс оронд, бүр Монголд ч байж болно л доо. Зарим нэгэнтэй нь би ч тааралдаж л явлаа... “9 үе өнгөрөхлөөр л яс, цусны хамаатал салдаг, харь хүмүүс болдог” гэх ойлголт, дүгнэлт саяхан болтол л олон оронд байгаагүй юм шүү...




Судлаач, профессор Д.Чулуунжав