sonin.mn

Ардчилсан намын "4:11" хэвлэлийн хурал хичээлийн хэрэгслийн худалдаа болж буй Улаанбаатар хотын гудамжинд болов.


Хэвлэлийн хурлын эхэнд АН-ын Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: "Сүүлийн арван жилд иргэдийн зээл 428 хувиар нэмэгдэж, сүүлийн нэг жилд 17 хувиар өссөн нь иргэдийн орлого амьжиргаанд нь хүрэлцэхгүй, зээл авч зохицуулж байгааг харуулж байна. Ардчилсан намын зүгээс төсвийн тодотголоо оруулж ирэхийг шаардсан. Хэдийн оруулж ирсэн ч энэ арав хоногт хэлэлцсэнгүй. Хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй хэвээр байна.


Яаралтай ээлжит бус чуулган зарлаж, төсвийн тодотгол болон ирэх оны төсвөө хэлэлцэх ёстой.Өнөөдөр иргэдийн амьдрал хэцүү байна. Нэг зах, худалдааны төвөөр ороод асуухад л худалдагчид иргэд мах, тосоо граммаар авч байна гэдгийг хэлсээр байгаа. Энэ бүхэн улс төржилт биш, бодит байдал.


Мөн Ардчилсан нам данхайсан төрөө цомхотгож, 20 сайдын тоог цөөлөх шаардлага тавьсан. Өнөөдрийн шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалсан инфляцын нөлөө хараахан бүрэн мэдрэгдэж эхлээгүй байна. Удахгүй ард иргэдийн амьдралд мэдрэгдэж эхэлнэ." гэв.


Дараа нь Ардчилсан намын дэд дарга Н.Ганибал: "Өнөөдөр нөхцөл байдал яагаад ийм хүнд болчихов, яагаад үнэ өсөж, хомсдол үүсэхдээ хүрэв гээд харвал энэ бол Засгийн газрын алдаатай бодлогын үр дүн юм. Салбарын яам, салбарын сайд нь буруу бодлого явуулсан учраас ийм нөхцөл байдалд хүрчихээд байна.


Наадмын өмнө Засгийн газар ард иргэдээ хөдөө яв, амар, шатахуун тасалдахгүй гэж Г.Дамдинням сайд нь мэдэгдчихээд, иргэдийг хөдөө явсны дараа хомсдол үүсчихсэн. Уг нь шатахууны нөөцийг хэрхэн бүрдүүлж, ийм хомсдлын нөхцөл байдалд хүргэхгүй байх вэ гэдгийг урьдчилан тооцоолох боломжтой байсан.


Дарга, сайд нар өөрсдөө наадам хэсэж явснаас бодлого, шийдэл гаргаагүй. Энгийн аргачлалаар тооцоод олох боломжтой байсан энэ нөхцөл байдлыг урьдчилан харж, шийдвэрлэлгүй байсны үр нөлөөг ард түмэн амсаж байна. Хичээлийн шинэ жил дөхөж байхад ард түмэн хичээлийн хэрэглэл бэлтгэхэд ч хүндхэн боллоо. Нэг хүүхдийн хичээлийн хэрэгслийг багадаа 700 мянган төгрөгөөр бэлтгэж байна гээд харвал гурван хүүхэдтэй айлынх хэд болох вэ. Ийм эдийн засгийн хүнд нөхцөлөөс шалтгаалж иргэд зээл авч л асуудлаа шийдэж байна. Цалин, өрхийн орлого иргэдийн амьжиргаанд хүрэхгүй байгаа учраас зээл өнөөдөр Монголд хэрэгцээ болчихлоо.


Нэг марзан сайдаас болж иргэд элгээрээ хэвтэхдээ туллаа. Хөдөө малчид малаа услахад хүртэл хүндрэл үүсэж эхэлсэн. Хүүхдээ сургуульд хүргэж өгөх бензингүй болох хэмжээнд хүрч байна.


Инфляц хэдий 13 хувь байгаа ч шатахууны үнийн өсөлт, бодлогын хүүгийн нэмэгдлээс шалтгаалан удахгүй дахиад өсөхөөр байна. Иймээс одоогийн Засгийн газрыг Ардчилсан намын зүгээс огцруулъя гэж байгаа юм. Төсвийн алдагдал 2.4 их наядад хүрчихсэн бөгөөд инфляцын өсөлтөөс болж алдагдал дахиад ч нэмэгдэхээр байна. Засгийн газрын бодлого буруу байна." гэсэн юм.



Н.Отгончимэг