Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав.
Хошууч генерал Д.Бавуугийн нэрэмжит, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт тус анги улсын хэмжээнд томоохон барилга, байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалтад оролцдог.
Тухайлбал Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам, Баянхонгор аймгийн Шинэжинст сумаас Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомт чиглэлийн тусгай зориулалтын авто зам, Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Сэлэнгэ аймгийн Бугант тосгон болон Дорнод аймгийн Халхгол сумын “Шинэ сум” төсөл зэрэг бүтээн байгуулалтад оролцжээ.
Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн хэргээс гадна барилга, инженер, техник, хөдөө аж ахуйн практик мэргэжил эзэмшиж, амьдралын ухаанд суралцдаг тухай ангийн удирдлага танилцуулав.
Тус анги “Барилга-инженер, экологийн анги” болон өргөжиж, орон нутагт эрчимжсэн аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.
Ангийн бие бүрэлдэхүүн үүргээ нэр төртэй биелүүлэн, улс, орон нутгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад жинтэй хувь нэмэр оруулж, энхийг сахиулах ажиллагаанд эх орноо төлөөлөн оролцож байгаад Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Хугацаат цэргийн алба хаагчдыг цэргийн хэргийн эрдэмд шамдан суралцаж, албаа нэр төртэй хаахыг захилаа. Мөн ангийн алба хаагчдын улс орноо батлан хамгаалах болон бүтээн байгуулах үйлсэд нь амжилт, гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Ерөнхийлөгч мөн ангийн үйл ажиллагаа, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, хөдөлгөөнт байдлыг сайжруулах зорилгоор туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өглөө.
Зэвсэгт хүчний 110 дугаар анги Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн онд Сэлэнгэ аймгийн Сант суманд шилжин байрлажээ.
Алба хаагчид тус суманд байх Хөдөө аж ахуйн техник, мэргэжлийн сургуулийн орхигдсон барилгыг засаж, жишиг хотхон болгосон байна.
Пүрэв - 11 сарын 05,
2026
Сэтгэгдэл0