sonin.mn

/Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бичсэн ил захидал/


Монгол хүн эрхэмлэн дээдлэх зүйлсээ л хоймортоо залдгаас бус хог хаягдлаа хоймор өөдөө гаргадаггүй билээ. Төр гэдэг монголчуудын хувьд, “оройн дээд ...” хэмээн залбирч, эрхэмлэн дээдлэж ирсэн үнэт зүйлсийн нэг, тусгаар оршихуйн тулгуур мөн. Гэтэл дээдлэж ирсэн тэрхүү Төрийг “олон намын тогтолцоот” байнгын ажиллагаатай парламент гэгч, ямар ч ёс зүйгүй өрсөлдөөний “хог хаягдал цуглуулдаг сав” болгон хувиргажээ. Үүнийг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл танилцуулах үеэр /2024.04.04-нд/ “Үндэсний баялгийн сан бусад сангууд шигээ “авлигын сан” болж болохгүй” гэж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг, мөн тус хуралдаан дээр “...бүлэглэлтэй мөргөлдсөн улс төрчид, нийгмийн зүтгэлтнүүд учир битүүлгээр амь насаа алдаж, эсвэл улс төрийн тавцангаас шахагдан зайлуулагдсаар ирснийг түүхэн баримтууд нотолно.” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгс тодорхой гэрчилнэ. Түүнчлэн УИХ-д нийгмийн “хог шаар”-ууд суудгийг, Төрийн ордон гэмт хэрэгтнүүдийн “үүр” болсныг 2023 оны сүүлээр хийсэн нүүрсний хулгайн “нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол” гэгчээс олон нийт харсан. 


Энэ мэтчилэн 1992 оноос хойш Монгол улсын “төрийн дээд эрх барих” суудалд заларсан, “төр”, засгийн тэргүүнээр “залагдсан” “эрхэм”-үүд дийлэнх нь тараа таниулцгааж, хөрөнгө мөнгө, хувийн эрх ашгийнхаа төлөө юу ч хийж, юуг ч “худалдах” өчүүхэн увайгүй бэртэгчид байсныг одоо нийтээрээ ойлгож, жигшин шүүмжлэх болжээ.


Тэрхүү увайгүй дүр төрхийн нэгээхэн агшинг олон нийтэд харуулсан “тив дамнасан хэрүүл”-ийг ойрмогхон хэвлэл мэдээллийн хэрэгслээр зэрэг зэрэг давтан дамжууллаа. Нэг нь гадны “хараанд”, нөгөөх нь гадны ивээл хамгаалалд байгаа өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёрын “алуурчин талуурчин, хулгайч, худалчаараа дуудалцсан” тэрхүү “том хэрүүл” нь өнөөгийн энэ тогтолцоонд ямар ч сүржин “Шүүр ажиллагаа“ ... мэтс нь том хэргүүдийг шийдвэрлэхгүй, “ямар ч хуулийг гаргах эрхтэй, бүх эрх мэдлийг авсан олонхийн бүлэглэл” ч, төрийн үүрэг хариуцлагыг бий болгохгүй юм байна гэдгийг баталж өглөө. Үнэнийг шуудхан хэлэхэд, гадны гар хөл болохоос өөрөөр “гийгүүлж чадахгүй”, эрх мэдэлд амташсан энэ хоёр этгээдийн хүсэл шунал цаашид ч улс нийгэмд уршиг удахаа зогсоохгүй нь бололтой. Тухайлбал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачлан УИХ-д оруулж буй “Баялгийн сангийн хууль” гэгч нь оршихуйн уламжлалт бодлого руугаа нулимсан, “Сан” бүрдүүлэх нэрээр гадныханд монголын баялгийг цөлмөн хоослох боломж бүрдүүлж өгөх зорилготой ээлжит нэг захиалгын хууль гэдэг нь ойлгомжтой байна.


Энэ хуулийн үр дүнд:


-ухаж сэндийчсэн ангал, гуу, эвдэрч сүйдсэн газар, ус чийгний оромгүй ширгэж хатсан сайр, хордож цөлжсөн байгаль орчин, 

-хөдөлмөрийн ямар ч чадамжгүй, бүхнийг бэлэнчлэх, “тэжээвэр амьтан” шиг “хүн сүрэг” үлдэнэ гэдэг нь тодорхой билээ.


Хог хаягдлаас нян бактери үржиж, өвчин тараадгийн адил, бид дээрээ залсан “бохирын тантан”-гаас нийгмийн сэтгэц оюуныг эвдсэн, ёс зүйгүй үзэл суртал л тархаж ирсэн. Энэ нь иргэдийг эрүүлээр сэтгэх чадваргүй болгож, зүгээр суугаад л аваад байх хүсэлтэй “тэжээвэр амьтны төрөлтөн” цөөн биш болж байгаа нь ч үгүйсгэх аргагүй үнэн. Сүүлийн 33 жилийн турш үргэлжилсэн улс орны задрал, бутрал, уруудан доройтсон ядуурал, эх орондоо амьдрах аргагүйдэн гадагшаа дайжсан монголчуудын хэсүүчлэл цагаачлалын цуваа, итгэл алдарсан нийгмийн сэтгэл зүйн гутрал, ёс суртахууны ялзрал, Монгол улсын асар их өр зээл зэрэг нь цаашид энэ тогтолцоог үргэлжлүүлж болохгүй гэдгийг эх орноо гэсэн сэтгэлтэй бүхэнд сануулсаар байна.


Улс нийгмийнхээ сайн сайхан оршихуйг ханган, хамгаалахын тулд аливаа гэмт хэргийг таслан зогсоох үүрэг хариуцлага бүхий Төрийн эрх мэдлийг бий болгосон хүн төрөлхтний ололтыг эсрэгээр нь эргүүлж, гэмт хэрэгтнүүдийг бий болгохын тулд эрх мэдэл олгодог, эрх мэдлийг эх орноо тонон дээрэмдэх хүч болгон хувиргадаг ёс зүйгүй тогтолцоог бүрдүүлсэн 1992 оны Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр цаашид улс орон оршин тогтнох боломжгүй болж буйг Та хэнээс ч илүү ойлгож байх учиртай.


Тийм учраас өнөөгийн Үндсэн хуулийн тогтолцоог цаашид үргэлжлүүлэхийг таслан зогсоож, улс үндэстнийхээ эрх ашиг, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралыг хангах үүрэг хариуцлага хүлээсэн Төртэй болох шинэ Үндсэн хууль хэлэлцэхийн төлөө, Үндэсний зөвшилцлийг хангах эрхэм зорилгыг ажил хэрэг болгооч гэж Ерөнхийлөгч танаас хүсэж байна. Цагийн тохироо бүрдсэн энэ үед Монгол улсаа мөхлийн ялзрал, задралаас аврах үүрэг хариуцлага, бас боломж танд бий. Одоогийн мөрдөж буй Үндсэн хуульд заасан “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэсэн заалтыг энэ удаа л бүрэн утгаар нь бодитоор хэрэгжүүлэх түүхэн хариуцлагатай үүрэг таныг хүлээж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч таны ухамсар, эрхэм үүрэг хариуцлагад найдаж энэхүү захидлыг бичлээ. 



О.Лхагвадорж