sonin.mn

ТБИЛИСИ, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /BBC/. Гүржийн парламентаар хэлэлцэж буй “гадаадын агентын тухай хууль”-ийг эсэргүүцсэн жагсаалд оролцсон 14 хүнийг захиргааны зөрчлийн хэргээр баривчилсан тухай тус улсын Дотоод хэргийн яам мэдээлжээ.  


Жагсагчдын үйлдлийн улмаас нэг цагдаа бэртэж, эмнэлгийн тусламж авсан гэж тус яам мөн мэдээлэв. “Гадны нөлөөг ил тод байлгах тухай” хуулийн төслийг эсэргүүцсэн олон мянган хүн даваа гарагт Руставелийн өргөн чөлөөнд байрлах парламентын ордны дэргэд цугласан байна. 


Эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалын улмаас эргүүлэн татсанаас жилийн дараа уг хуулийн төслийг дахин өргөн барьжээ. Санхүүжилтийнхээ 20 гаруй хувийг гадаадаас авдаг төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “гадаадын агентын” хувиар бүртгүүлэх ёстой гэж хуулийн төсөлд заасан байна. Гадаадаас санхүүжилт авч буй хувь хүмүүс, байгууллагуудын санхүүгийн ил тод байдлыг хангахын тулд ийм хууль гаргах зайлшгүй шаардлагатай гэж Гүржийн Ерөнхий сайд Иракли Кобахизе мэдэгджээ.


Харин сөрөг хүчний намууд болон бие даасан сэтгүүлчид "уг хуулийн төсөл бол Гүрж дэх шүүмжлэлийн дуу хоолойг дарах, тус улсыг ЕХ-нд элсэх боломжийг үгүй хийх гэсэн оролдлого" гэж үзэж байна. Тэдний үзэж байгаагаар, хуулийн төслийг Оросын “гадаадын агентуудын” тухай хуулиас хуулбарласан аж. 


“Гүрж улс Зөвлөлтийг дахин сэргээх гэсэн оролдлогын өмнө бууж өгөхгүй” гэж Ерөнхийлөгч Саломе Зурабишвили олон нийтийн Х сүлжээнд бичжээ. Гүржийн засгийн газар Оросын хууль тогтоомжтой харьцуулж байгааг үгүйсгэжээ. Даваа гарагт Хууль зүйн хороо уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталсан байна. Хэлэлцүүлгийн үеэр сөрөг хүчний “Иргэн” намаас сонгогдсон гишүүн Александр Елисашвили, “Гүржийн мөрөөдөл” намын нарийн бичгийн дарга Мамука Мдинаразе нарын хооронд зодоон болжээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг