sonin.mn

ШИНЭ намын ЕНБДарга асан, "МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" хөдөлгөөний тэргүүн, ШИНЭ намын Ерөнхий Зөвлөлийн гишүүн Б.Мөнхжаргалтай ярилцлаа.



Засгийн Газрын өргөн барьсан "Үндэсний Баялгын сан"-гийн тухай хуулийг танай нам эсэргүүцэж, мэдээлэл хийсэн. Энэ хууль ямар сөрөг үр дагавар дагуулна гэж үзэж байгаа юм бэ?


“Үндэсний баялгийн сангийн тухай хууль” гэж хуулийг сар гаруй хугацааны өмнө УИХ-д суудалтай намын дарга нар хамтран мэдэгдэл хийж, уг асуудал дээр нэгдэж байна гэдгээ зарласан. Ингээд энэ хууль яаралтай горимоор өргөн баригдаж байна. Гэхдээ энэ хууль ямар агуулгаар, яаж явж ирсэн юм бэ? гэдгийг концепцоор нь, ул суурьтай хармаар байгаа юм. Сонгууль бүрээр улстөрийн намууд 1 сая төгрөг, 1,5 сая төгрөг амлаж, байгалийн баялагт суурилсан популист амлалтууд явж ирсэн. Энэ бол сонгууль болгоноор сонсоод сурчихсан зүйл. Ийм зүйл бүр хэвшихээд байгаа юм. Үүнийг хэрхэн, яаж шинэчлэх вэ? гэдэг концепцоор нь нарийн бодож боловсруулах ёстой. Одоогоос 14, 15 жилийн өмнө л стратегийн 15 ордын баялгийн тодорхой хувийг ард түмэнд шууд өмчлүүлэх ёстой гэдэг хуулийн төслийг өргөн барьж байсан. Тухайн үеийн хуулийн концепц нь ард түмнээ өмч, хөрөнгөтэй болгоё, төрд хэт олон өмч цуглаад байвал төр рүү цувах авлига, хулгай тасрахгүй юм байна гэдэг агуулгатай байлаа. Нүүрсний хулгай гээд сая юу болсон билээ? Үүнийг хэлж, сануулсаар байхад 14 жилийн турш Голланд өвчин гэдэг шиг, баялгийн хараал гэдэг зүйл рүү яваад ирсэн байна. Үүнийг өөрчлөх ёстой байтал дахиад л давтагдаж байгаад харамсалтай байна. Шинэ нэртэй боловч ахиад л төрийн сан.


Бид олон сан байгуулж үзсэн, дампууруулж үзсэн. Төрийн нэртэй олон санг улстөрчид хулгайлж, шамшигдуулж ирлээ.


ЖДҮСан гэхэд л УИХ-ын гишүүдийнхээ тоогоор сан бүрдүүлээд, ард түмнийхээ баялгийг гишүүд нь давуу эрхээр авсан. Боловсролын зээлийн сангаас гэхэд л дандаа дарга нарын хүүхдүүд л зээл авч сурсан байна. Нөгөө л төрд, мэдээлэлд ойр хүмүүс аваад байдаг. Идэр насны бүх хүмүүсийн хөдөлмөрлөж, бүтээсэн Нийгмийн даатгалын сан юу болов? Сүүлдээ татвар болж хувираад, сангийн хөрөнгийг үр ашиггүй завшиж, буруу зүйлд зарцуулж, банкинд тавиад алддаг гэх мэт зүйл зөндөө гарлаа. Үүнийг төрөөс салгаж, ард түмэн өөрсдөө шууд хянадаг болгох концепцийг дутуу орхисон. Тийм учраас Баялгийн сангийн тухай хууль бол үндсэн концепциндоо хүрээгүй, зөвхөн сонгууль угтаж эрх баригч нам болон УИХ-д суудалтай намуудын пиар төдий болсон. Бусад нам, эвслүүлэд сонгуулийн хуулиар баялаг, хувь хувьцаа амлаж болохгүй гээд хориглочихсон хэр нь өөрсдөө УИХ-ын индэр дээрээс улаан цайм амлаад, суртал ухуулга хийгээд, хуулийн төсөл өргөн барьж, сонгуульд зориулсан хуулийг өргөн барьж байгаа нь буруу юм. Уг нь энэ хуулийг яаж хийх ёстой байсан бэ? гэхээр ард түмэнд баялгийг нь буюу компаниа хянах, удирдах, өмчлөх эрхийг нь өгөх ёстой юм.


Улстөрчид удирдаад, хянаж байгаа тохиолдолд Монгол Улсын авлигын түвшин буурахгүй, улам өснө. Яагаад гэвэл Төр нэрээр нам очиж хулгай хийдэг, улстөрөө санхүүжүүлдэг, нүүрсний, алтны, зэсийн мөнгөөр сонгуулиа санхүүжүүлдэг үүд хаалга байсаар байх болно. Үүнийг заавал хэлэх ёстой. Өндөр хөгжилтэй, авлига бага орнууд баялгийн сан байгуулаад явсан туршлагууд бий. Монгол Улс өнөөдөр авлига бага, өндөр хөгжилтэй орон мөн үү? Эсэргээрээ авлига өндөр орнууд ийм сан байгуулсан тохиолдолд улстөрчдийн идэж уудаг тоглоом нь болоод дуусдаг бэлээхэн жишээ бол Малайз Улс. Ерөнхий сайд Нажиб Разак нь улсынхаа олж байсан орлогоос 4 тэрбум доллараар баялгийн сан нэрээр сан бүрдүүлсэн. Энэ сангийн мөнгийг өөрийн эхнэр болон шууд хамааралтай хүмүүсээр дамжуулж, тансаг хэрэглээндээ зарцуулж, гадны улс орнуудад мөнгө угаалт хийсэн. Энэ мөнгө угаалттай нь Монголын улстөрчид ч нэр холбогдсон. Гэтэл энэ асуудал өнөөдрийг хүртэл хэвлэлээр гардаггүй, таг чиг. Ард түмэн нүдэн балай, чихэн дүлий байна.



Тийм учраас Монголын ард түмэн илүү хэрсүү, ухаантай болохгүй бол ард түмний нэрийг барьж, гоё гоё нэртэй зүйл хийж байгаа мэт боловч цаанаа халхалсан, хэлбэр, арга нь өөрчлөгдсөн ч мөн чанар нь хэвээрээ байна.



Энэ хуулийг сонгуулийн өмнө, өнөөдөр УИХ-д байгаа намууд хэлэлцэх ёсгүй. Үнэхээр баялагтаа эзэн болох үзэл санаа, хуулийн төсөл явж байгаа бол 2024 оны сонгуулийн үр дүнд шинээр сонгогдсон хүмүүс хэлэлцэх учиртай юм. Тийм ч учраас энэ хуулийн төсөл бол сонгуулийн өмнөх пиар төдий зүйл боллоо. Хөнгөн хуумгай, зөрчилтэй, дутуу ойлгосон хуулийн төсөл боллоо гэдэг үүднээс ШИНЭ нам эсэргүүцэж байгаа.


Эрх баригч намын хэлж буй шиг Норвегийн баялгийн санд огтхон ч дөхөж очхооргүй хуулийн төсөл болсон гэсэн үг үү?


Энэ санг улстөрийн хамаарал бүхий, улстөрчдийн томилсон хүмүүс л удирдана. Баягалийн баялаг бол нэг л удаа ашиглагдана. Шавхагддаг баялаг шүү дээ. Үүнийг зөв ашиглахгүй бол дахиж бий болохгүй. 1997 оны ашигт малтмалын тухай хууль, гадаадын хөрөнгө оруулалтын хуулиас болж мэдээлэлд ойр хүмүүс, эрх мэдэлтнүүд гадаадын оффшор бүсэд бүртгэлтэй компаниар дамжуулан цөөн хүмүүс л байгалийн баялгийн үр шимийг хүртэж ирснээс болж Монголын нийгэм өнөөдрийн ийм хүнд байдалд хүрчихлээ. Уул уурхайн баялгаас олсон мөнгө Монголдоо орж ирэхгүй, оффшор бүсээр дамжиж асар их ашиг олж, гадаадад байр сав болоод явчихдаг. Монголын хуулийн систем нь үүн дээр ажилладаггүй. Сүүлдээ гадны улс орнууд аргаа бараад мөнгө угаалт юм биш үү? Манайд өндөр үнэтэй, тансаг хэрэглээний байр, хаус ихээр худалдаж авч байна. Бид үүнийг шалгая гээд эхлэж байна шүү дээ. Бид нэг л зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Байгалийн баялаг бол Монголчуудад ганцхан удаа л олдох хувь завшаан. Үүнийгээ Монголчууд зөвөөр ашиглаж хөгжих ёстой. Иргэн бүрд буюу зөв зарчмаар, шударга менежмент хийж явах ёстой. Гоё амласан улстөрчид үүнийг чадахгүй байна. Тийм учраас ард түмэн өөрсдөө өмчилдөг, гүйцэтгэх удирдлагаа, ТУЗ-аа шууд сонгож байгуулдаг, тунгалаг засаглалтай компани бий болгож байж хяналттай, ашигтай ажиллах нөхцөл бүрдэнэ. 



АН-ын дарга Лу.Гантөмөр АН-аас салж гарсан болон ер нь ардчиллын төлөөх намуудыг хамтарч ажиллахыг уриалсан. Танай намын үүсгэн байгуулагчдын нэг Ж.Батзандан ч ардчиллын төлөөх намуудын блок байгуулах санал гаргасан. Энэ чиглэлээр ямар нэг ажил, яриа хэлцэл явагдаж байгаа юу? Эсвэл ШИНЭ нам Монголын Уламжлалын Нэгдсэн Намтай байгуулсан "Шинэ нэгдсэн эвсэл" гэдгээрээ л УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох уу?


ШИНЭ нам 2020 оны УИХ-ын сонгуульд өргөн цар хүрээтэй, хүчтэй оролцсон. Та бүхэн мэдэх байх. Тухайн үед авсан саналын тоогоороо одоогийн улстөрийн гуравдагч хүчний хэмжээнд дүйцэх санал авсан. Гэсэн ч УИХ-д суудалтай болж чадаагүй. Одоогийн УИХ-ын сонгууль ямар дүрмээр явах гэж байгааг маш сайн ярих ёстой. 2020 онд ШИНЭ нам шинэ сонголт бий болгож оролцсон. Гэвч гадаад дотоод олон хүчин зүйл, сонгуулийн луйвар, хар машин гээд олон зүйлээс шалтгаалж бидний санасан хэмжээнд хүрч чадаагүй. Тийм учраас ШИНЭ нам өнгөрсөн хугацаанд олон эрдэмтэд, судлаачидтай хамтран маш нухацтай бодлого боловсруулсан. Монгол Улсыг тогтолцооны хувьд шинэчлэх ёстой гээд зорилго тавиад байдаг. Уг нь сонгууль буюу марафоноос бүгд нэг жигд гараанаас гарч, барианд түрүүлж орсон нь улс орноо хөгжүүлэх бодлогоо хэрэгжүүлэх ёстой. Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, сонгуулийн хууль нь сонгуулийн үр дүнд шууд нөлөөлөхөөр байгаа.



Улстөрийн гуравдагч хүчнүүдэд боломж олгож байна, мөнгөний хамаарлыг багасгаж байна гэсэн хэр нь амьдрал дээр эсрэгээрээ байна. Учир нь энэ удаагийн сонгуулиар сум болгонд бүтэцтэй, хороо хэсэг бүр дээр төсвөөс цалинжиж байдаг бүтэцтэй нам л амжилт гаргах боломжтой.



Бусад улстөрийн намууд 1-2 суудал аваад л , тэр олон намын төлөөллийг хаах бодлоготой хууль болсон. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, сонгуулийн хууль бол өнөөдрийн УИХ-ын 76 гишүүний эрх мэдлийг хадгалж үлдэх гэсэн зорилготой хууль боллоо гэж харж байна. Эрх баригч МАН-ын өнгөрсөн 8 жилийн үйл ажиллагаанд ард түмэн онц, сайн дүн тавихгүй байгаа. Тэгвэл бидэнд өөр ямар сонголт байгаа юм бэ? Сонгуулийн хуулийн дагуу 28, 29 нам, эвсэл сонгуульд оролцох гээд бүртгүүлчихсэн байна. Гэтэл үүн дээр ард түмэнд сонголт гарч ирэхгүй байгаа юм. АН сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх ёстой байтал өнгөрсөн хугацаанд тамга тэмдгийн хэрүүлээсээ илүү гарч чадсангүй. Эрх баригч намыг аялдан дагах маягаар л явлаа. Гэтэл ард түмэн нь сөрөг хүчний байр суурь дээр гараад, өөрсдийгөө төлөөлөх мандатгүй болчихоод байна. Энэ мандатыг бий болгох тал дээр ШИНЭ нам ажиллана. Улстөрийн сонгуульд олон хувилбар байдаг. Хэдийгээр эрх баригчид дүрмээ зохиосон ч бид яаж бодлогоо хэрэгжүүлэх вэ? гэдэг тал дээр ул суурьтай бодож шийдвэрээ гаргах ёстой. Тийм учраас ШИНЭ намын хувьд үндэсний уламжлалт үзэл баримтлал шингээсэн МУНН-тай үзэл баримтлал ойр, ойлголцох боломжтой гэж үзээд эвсэл байгуулж, УИХ-ын сонгуульд оролцох бэлтгэлээ хангаж байна. Гэхдээ бас ардчилсан хүчний намууд саналаа хуваахгүйгээр хэрхэн сонгуульд оролцох вэ? гэдэг талаар ч ярилцаж байгаа. Ямар үр дүнд хүрэхийг урьдчилан хэлж чадахгүй. Ямартай ч ард түмэнд сонголт өгөх тал дээр улстөрийн намууд ажиллаж байна. 


Өнгөрсөн гучин дөрвөн жилийн хугацаанд Монгол Улс хөгжсөн гэж машин унаа, байшин барилга, гар утсаар жишиж ярьдаг ч Хойд Солонгос шиг хаалттай Улс биш л бол эдгээр нь ирэх л ёстой байх. Харин энэ хугацаанд бид маш олон сонгууль хийлээ. Ер нь бид сонгуулиа зөв хийж чадаж байна уу?


Ард түмэнд төр барих нэг л өдөр байдаг. Түүнийгээ бид сонгууль гэж нэрлэдэг. Гэтэл энэ өдрийг өнгөрсөн гучин дөрвөн жилийн хугацаанд бүрэлдэж бий болсон, нам дамжсан бүлэглэл энэ эрхийг нь булаан дээрэмдэж, хулгайлахын тулд л явуулж буй үйл ажиллагааг нь сонгууль гэж нэрлэдэг болчихлоо. Үүнийг маш сайн ойлгох ёстой. Сонгууль болоод дуусна. Дараа нь амьдрал үргэлжилнэ. Энэ богинохон хугацаанд та бидний, үр хүүхдүүдийн маань, улс орны ирээдүйг шийдэж байгаа, улс орны тусгаар тогтнол, ардчиллыг хамгаалах чухал сонголтоо маш хэрсүү, сайн бодож байж хиймээр байна. Сонгуулиа ёсзүйтэй, шударга хийж чадвал Монгол Улсын цаашдын ирээдүй сайн байна.



Харин 2020 он шиг булхайтай сонгууль хийх юм бол, хар машины луйвраар гэдэг ч юм уу, үүнийг Канадын компани ч бидэнд ирүүлсэн шүү дээ. Гучин минутын турш хөндлөнгөөс эксел форматаар ард түмэнд үзүүлсэн алдаатай сонгууль болжээ гэж хар машин нийлүүлсэн Канадын компани өөрөө мэдэгдэл гаргасан.



Энэ алдааг бид давтмааргүй байна. Хэрэв ийм байдлаар, ямар ч хамаагүй аргаар төрийн эрхийг авсан нам ард түмний амьдралыг сайхан болгохын төлөө явахгүй. Улстөрийн өрсөлдөөнийг зөвхөн намуудаар хязгаарлачихсан байна. Ихэнх нам нь буюу эрх бариагүй, сөрөг хүчний улстөрийн намууд сонгуулийн гараанаас гарах хугацаагаа хүлээгээд чимээгүй сууж байна. Учир нь сонгуулийн жил эхэлснээс хойш сонгуультай холбоотой үйл ажиллагааг хуулиараа хориглочихсон. Гэтэл эрх барьж байгаа МАН нь бүтэн жилийн турш сурталчилгаагаа хийгээд явж байна. Иргэд үүнийг байдаг л зүйл мэтээр ойлгож байна. Бүтэн жилийн турш найр наадмыг нь хийж өглөө. Ахмадын баярыг нь, шинэ жилийг нь, бүх арга хэмжээг нь зохион байгуулж өглөө. Цагаан сарыг нь хийж өглөө. Бүх л одон медалиар шагналаа. Ногдол ашиг нэрээр бэлэн мөнгө тарааж үзлээ. Энэ бүхэнд ард түмэнд хууртах хэрэггүй. Сонгууль шударга болох уу? Үгүй юу гэдэг нэг шалгуур нь мөнгөний хэмжээ. Сая сонгуулийн зардал баталсан. Нэг нэр дэвшигчийн зарцуулах дээд хэмжээ нь 1,5 тэрбум төгрөг гээд гарлаа. Гэтэл нөгөө олигархи бүлэглэл үүнээс хэд дахин их мөнгийг зарцуулж байгаа. Дээд хэмжээ нэртэй боловч нөгөө их мөнгө зарцуулж байгаа хүмүүсийн доод хэмжээ юм. Монголын ард түмний хэдэн хувь нь 1,5 тэрбум төгрөгөөс дээш хадгаламжтай юм бэ? Нийт иргэдийн 1 хувь ч хүрэхгүй цөөн хэдэн хүн л 1,5 тэрбум төгрөгөөс дээш хадгаламжтай шүү дээ. Тийм учраас энэ хуулиар үлдсэн 99 хувь нь сонгуульд нэр дэвших эрхгүй гэсэн үг. Дараагийн сонголтыг нь улстөрийн намууд гаргаад ирж байгаа юм. Намдаа таалагдах эсэх, ямар үзэл бодолтой зэргээр нь дэвшүүлснээрээ намууд ард түмний өмнөөс хийх сонголтыг нь хязгаарлачихаж байна шүү дээ. Ард түмэнд сонголт байхгүй болчихоод байна шүү дээ.



Бас нэг шалгуур нь цаг хугацааны шалгуур. Нөгөө жигд гараанаас гарах ёстой өрсөлдөгчдийн зарим нь гараанаас гараад гүйчихсэн. Бараг бариандаа орох дөхөж байна.



Гэтэл ихэнх нь сонгуулийн хугацаагаа хүлээгээд гараан дээрээ сууж байна. Сонгуулийн сурталчилгааны хугацаа нь 20 хүрэхгүй хоног. Энэ хугацаанд тойргийнхоо дөрвөн аймгийн бүх сумдаар явж амжих уу? Ямар ч боломжгүй. Сонгогчидтойгоо ч уулзах боломжгүй. Сонгогчидтой уулзахгүй бол ялалт байгуулна гэдэг хэцүү шүү дээ. Энэ нь цаг хугацааны хувьд шинэ улстөрчдийг сонгуульд оролцохыг нь хориглож байгаа хэрэг. Мөн нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш долоо хоногийн дотор л хандив цуглуулах үүрэгтэй. Дөрвөн аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан, 200 мянган сонгогчтой тойрог дээр яаж долоо хоногийн дотор 1,5 тэрбум төгрөг цуглуулаад сонгуульд оролцох юм бэ? Боломжгүй асуудал. Энэ бол өнөөдөр эрх барьж байгаа хүмүүс эрх мэдлээ үргэлжлүүлэх гэж, өөрсдийнхөө ялах дүрмийг өөрсдөө баталж буй хэрэг. Бүсчилсэн тойрог гэдэг нь хүн амын ялгаварлал.


Сонгуулийн дараа үр дүнг нь хараарай. Зарим аймаг хорин мянган сонгогчтой байхад зарим нь тавин мянга, нөгөө нь жаран мянган сонгогчтой. Үүний үр дүнд жижиг буюу бага сонгогчтой аймгуудаас УИХ-д төлөөлөлгүй болох магадлал маш өндөр. Тийм учраас энэ удаагийн сонгууль жижиг аймгуудыг төлөөлөлгүй болгох аюултай. Өрсөлдөж байгаа хүмүүс тэгш, шударга зарчим хүсэж байгаатайн адилаар сонгогчид ч тэгш, шударга зарчим хүсээд байна. Гэтэл зарим тойрог нь яагаад хоёр мандаттай, зарим нь яагаад 10 мандаттай байгаа юм? Үүнийг тойргоо ч бас өөрсдөдөө зорилуж зурсан гэж би харж байна. Төлөөллийн зарчим алдагдчихлаа. Зарим тойрог дээр нэг сонгогчийг УИХ-ын хоёр гишүүн төлөөлж байхад нөгөө тойрог дээр нь нэг сонгогчийг УИХ-ын арван гишүүн төлөөлөх нь шүү дээ. Шударга бус шүү дээ. Зөвхөн өөрсдөө сонгогдох гэж хэт улайрсны үр дагавар энэ удаагийн сонгуулиар гарах байх. Эрх баригчдад хууль, шүүхийн байгууллага нь үйлчилнэ. Нэмээд төрийн байгууллагууд, төсвийн мөнгө, нам дамжсан аппаратын өөдөөс гуравдагч хүчний намууд, шударга нэр дэвшигчид өрсөлдөнө. Энэ бол хүч тэнцвэргүй өрсөлдөөн. Гэсэн ч бид улс орны ирээдүйн төлөө оролцох ёстой. Зөв оролцох ёстой. Сонгууль бол улстөр сонирхдог хэдхэн хүний сонгууль биш. Сонгогч бүрий, ард иргэдийн хувь заяаг шийдэх чухал сонгууль. Ард түмэн илүү хэрсүү байх ёстой. Өнгөрсөн 34 жилийн хугацаанд бид олон сонгууль хийж үзлээ. Нөгөө л бохир технологи, луйврууд, эрх баригчдын нөгөө л амлалтууд, бэлэн мөнгө тараадаг, элдэв зүйл амладаг хэвээрээ. Эрх баригчдад үйлчилдэггүй хуулиар сонгуульд оролцож байгаа учраас шударга сонгууль болох уу? гэдэг эргэлзээ төрүүлж байна. Тийм ч учраас ардчиллын төлөөх намууд хамтарч, мөн саналаа хуваахгүйгээр сонгуульд оролцох боломжуудыг эрэлхийлж байгаа нь үнэн.


Эрх баригч МАН-ын хувьд өнгөрсөн сонгуулиар нийт сонгочдын 40 орчим хувийн санал авсан хэр нь үнэмлэхүй олонхи болсон. 2024 оны УИХ-ын сонгуулиар ч мөн МАН-ын зохиосон дүрмээр сонгууль явахаар болсон. Жишээлбэл МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зохиосон “Алсын хараа 2050” хөтөлбөрт нийцүүлж УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө боловсруулах ёстой гэдэг хуулийг батлуулсан. Яг энэ нөхцөл дээр таны яриад байгаа шиг, иргэдийн хүсээд байгаа шиг сайн үр дүн гарах боломж бий юу?


Нэг зүйлийг хэлмээр байна. Бид 2019 онд МАНАН дэглэмийн эсрэг, улс орныг удирдаж ирсэн олигархи бүлэглэлүүд буруу замаар яваад байна, ард түмэн, бидний ирээдүй гадагшаа зугтахад хүрлээ гээд тогтолцооны өөрчлөлтийн төлөө хамтарч тэмцэж байсан. Эрх баригч намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж хэлмээр байна. Та ах нарынхаа алдааг битгий давтаачээ. Ямар ч нам сонгуульд ялалт байгуулахын төлөө оролцдог нь үнэн. Гэхдээ та яг л хуучин явж ирсэн зүйлсийг давтаад байгаа нь харагдаж байна. Өөрийн эрх мэдлээс давж хараад, улс орноо томоор нь, тогтолцооны дүр зургаар нь хараачээ. МАНАН-тай тэмцээд, улс орноо дараагийн 30 жилийн хөгжилд хүргэх гэж байгаа бол тогтолцооны шинэчлэл хийх ёстой.



Л.Оюун-Эрдэнэ авлига, хулгайтай, МАНАН-тай тэмцэж байна гэсэн чинь нэг нүдээ дараад байна. Ингэж тэмцэж болохгүй. Яагаад МАН доторхи авлига, хулгайтайгаа тэмцэхгүй байгаа юм бэ? Танай намд оффшор, авлига, хулгай маш их асуудал байна. Хууль нь ч харахааргүй болсон олон зүйл байна. Яагаад үүнийг ярихгүй байгаа юм бэ? Тогтолцоогоо өөрчлөх гэж байгаа бол хоёр танхимтай парламент бий болго. Баялгийг жинхэнэ ёсоор нь ард иргэдэд өмчлүүлье. Энэ улс орон өндөр хөгжилтэй болмоор байна. Гэтэл өнгөрсөн 8 жил бид зөндөө харлаа. МАН-д найман жил эрх бариулж үзлээ. Ялгаа алга.



Гэтэл нөгөө 8 жил эрх барьсан хүмүүс маань гэнэт гоё гоё уянгын монтажтай кино хийгээд, өдөр бүр телевизээр нэвтрүүлгээ гаргаад, гэнэт л ард түмний амьдралыг ойлгодог хүн болж жүжиглээд, цалингаа хүлээж суудаг бидэнтэй амь нэгтэй болоод байгааг би ойлгохгүй байна.



Өнгөрсөн найман жилийн хугацаанд харин бид дуугүй суугаагүй. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж ирсэн. Сүүлдээ үгээ хэлсэн хүмүүсийг хуулийн байгууллагаар айлгадаг, хүчээр дуугүй болгох хандлагууд их боллоо. Та бүхэн мэдэж байгаа байх. Н.Өнөрцэцэг, Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Батзандан гээд хүмүүс шүүмжилснийхээ төлөө ямар нэг асуудалд орсон.


Монгол Улсад өнөөдөр нэн түрүүнд өөрчлөх ёстой, шинэчлэх ёстой, төр засгийн хамгийн түрүүнд анхаарал хандуулах ёстой ямар зүйл байна гэж та үздэг вэ?


Нэгдүгээрт, төр байгуулж буй намууд буюу субьектууд ард иргэдийн, сонгогчдын итгэлийг бүрэн олж авах ёстой. Үүний дараа л сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан төр, түүний төлөөний байгууллагууд бүрэн хэмжээгээр ажиллана. Сонгууль буюу ард түмний төрөө барих ганц өдрийг нь дахиад сонгуулийн бохир технологи, луйвар ашиглаж санал авах үйл ажиллагааг хийх юм бол дараагийн УИХ, төр засаг ажиллах чадамж хэцүү болно шүү. 76 гэдэг байсан бол 126 гэж шүүмжилдэг асуудлаасаа салахгүй.


Монгол Улсыг илүү сайхан гэрэл гэгээтэй, сонгуулийн үед л сонгуулиа өгөөд, бусад үед нь ажлаа хийгээд амьдраад явдаг болохын тулд бид өөрсдөө сонгуулиа зөв өгөх ёстой, хариуцлагатай өгөх ёстой. Үүнийг зөвхөн өнөөдөр ч биш, сүүлийн 16 жил ярьж, хэлж байна. Нийгэм тодорхой хэмжээнд хэрсүүжиж байгаа болов уу. Тийм учраас ард түмэн өөрсдийн ирээдүйгээ засах боломж нь байгаа гэж харж байна. Тийм учраас ард түмэн хамтдаа хувь заяагаа шийдэх хариуцлагатай жил болж байгаа. Та бүхэн үүн дээр илүү хариуцлагатай, цензуртай, илүү их дүгнэлт хийж оролцоорой гэж хэлэх байна.



Ярилцсан М.Чойжал