sonin.mn

ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэд: "ТҮЦ эрхлэгчид бид өнгөрсөн хугацаанд төр засгаас юу ч гуйгаагүй. Өөрсдөө амьдрах эрхийнхээ төлөө зүтгэж байгаа. Гэвч төр засаг солигдох бүр биднийг ялгаварлан гадуурхаж, гүтгэж, доромжлон, тохуурхаж байгаад бид гомдолтой байна. Тийм учраас дүүргүүдийг, хотыг гоё болгох нэрээр 1000 гаруй иргэнийхээ амьдралыг устгах гэж байгааг эсэргүүцэж, тэмцэх болно гэдгээ мэдэгдэж байна. Бид ТҮЦ-ийг цэгцлэх асуудалтай санал нэг байдаг. Автобусны буудал бүр дээр 1-2 ТҮЦ үлдээгээд, стандарт, дүрэм журмыг нь бариулаад, харуул хамгаалалттай ажиллуулах боломжийг яагаад өгдөггүй юм бэ? Төрийн цагдаа нь эмэгтэйчүүдээ хамгаалахгүй байна. Бүр зоддог боллоо. Тийм учраас үндсэрхэг хөдөлгөөнийхөн маань хамгаалж өгөөчээ.



Бид газар шороогоо зараагүй. Хууль бус зүйл хийгээгүй. Гаалиар орж ирсэн барааг л зарж байгаа. Гадаадын улс орнууд хөгжөөд байхад Монгол хүн яагаад нутаг дээрээ алгын чинээ газар эзэмшиж болдоггүй юм бэ? Бүх л газар ТҮЦ байдаг. Ингэж хөгжүүлээд, цэвэр цэмцгэр, автобусны буудал бүр дээр 1 ч юм уу, яагаад байж болдоггүй юм бэ? Бид яагаад алга дарам газар дээр ажлын байр бий болгоод амьдарч болохгүй юм бэ? Энэ чинь адилхан л ажлын байр шүү дээ. Цаашдаа яаж амьдрах юм бэ?



Бүх л улс оронд байдаг ТҮЦ-ийг яагаад эд нар устгах гээд улайраад байгаа юм бэ? Өөр хийх ажил өчнөөн байна шүү дээ. Гэтэл яагаад ганцхан ТҮЦ-тэй зууралдаад байгаа юм бэ?



Бидний арга үнэхээр тасарч байна. Цусаар уйлахад ч бэлэн байна. Бид заавал амиа хорлож, золиос гаргах ёстой юм уу? Үнэхээр тийм бол золиос нь болоод өгье. Өр зээлтэй, сэтгэл шулуудчихсан байгаа. Ажлын байргүй болчихвол бүгд архичин болно. Гадагшаа явж байна. Хөгшүүд, эмэгтэйчүүд нь үлдлээ. Гаднаас хужаа нар, Солонгосчууд орж ирж байна. Тэд нар нь мөнгөөр цохиод төрийн томчуудыг атгачихсан. Бүх сүлжээ, худалдаа, наймаа бүх юмаа алдчихлаа. Одоо бүр жижиглэнгийн наймаагаа хүртэл алдах юм уу? Биднийг зөвхөн ТҮЦ гэж битгий хараарай. Бид ч бас Монгол Улсын иргэд шүү. Үнэхээр биднийг зайлуулмаар байвал гадны сүлжээ дэлгүүрүүдээ ч зайлуул. " гэв.



М.Чой