sonin.mn

Тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлаар ахмадууд мэдээлэл хийлээ.


Энэ үеэрээ тэд: "Бид хэн нэгний хатгаасаар, эсвэл алдар нэрийн төлөө энэ тэмцлийг эхлүүлээгүй. Харин шударга бусын өмнө чимээгүй суух эрх байсангүй. Тийм учраас энэ тэмцлийг эхлүүлсэн. Бид тэмцлийн энхийн хэлбэрийг шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Ядарсан ахмадууд бидний дуу хоолойг төр засаг сонсохгүй, арилжааны банкууд ахмадуудаа шулж, дарамталж буй дүр зураг л харагдаж байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэлэхдээ "Би хүний түрийвч, халаас руу нь өнгийдөггүй" гэж байсан. Энэ хүнийг та гэж хэлэх хүндлэл үнэндээ алга.



Л.Энх-Амгалан чи ахмадууд бидний амьдрал руу өнгийх ажил хийснээ мэдэж байна уу? Ард иргэдийн бодит амьдралд хүрч ажиллаач. Дотор нь орооч. Сангийн сайд Б.Жавхлан ахмадуудыг 350,000 төгрөгөөр хангалттай амьдрана гэж хэлж байсан. Сард яаж 350,000 төгрөгийг хүргэж амьдрах вэ гэдэг төсөв гаргаад өгөөч.



Нийт ард иргэдийн 8 хүрэхгүй хувь буюу 281200 ахмад тэтгэврийн зээлтэй байгаа. Та нарын тансаглал инфлияц өсгөдөг болохоос ахмадуудын тэтгэврийн зээл инфляцид нөлөөлдөггүй. Тийм ч учраас ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг 1,5 сая төгрөг болгож өгөхийг шаардаж байна. 20 жил хамт амьдарсан биш, 10 жил хамт амьдарсан гэр бүлийн хүмүүсийн нас барсан нэгнийх нь тэтгэврийг үлдсэнд нь 20 хувь биш 50 хувийг нь олгодог болмоор байна.


Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу арилжааны банкууд наадмын өмнө тэтгэврийн зээлийг 24 сараар, 100 хувь олгосон боловч энэ бол шоу төдий байжээ. 7-р сарын 18-наас эхлэн ХААН банк 18 сараар 100 хувь, Төрийн банк 12 сараар 100 хувь, Голомт банк 24 сараар 95 хувь гэх мэтээр дур мэдэн тэтгэврийн зээлийн хугацааг нь багасгасан.


Энэ асуудлаар 2025 оны 7-р сарын 23-нд арилжааны 4 банканд шаардлага хүргүүлсэн. Арилжааны банкууд зээлийн хүүн дээр дахин хүү бодож авч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Монгол банк арилжааны банкуудад үйлчилдэг болжээ. Тэтгэврийн зээлийн хүүг жилийн 12 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилж өгөхийг шаардаж байна. Тэтгэврийн зээлийг 36 сараар олгодог болгохыг шаардаж байна. " гэв.



М.Чой