sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирнэ.

Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс уламжлалт, найрсаг харилцаатай бөгөөд 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон.


Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Бүгд Найрамдах Беларусь Улсын төрийн тэргүүний түвшинд манай улсад хийж буй анхны айлчлал юм.


Монгол Улс, Беларусь Улс 2020, 2014 онд Элчин сайдын яамдаа харилцан нээсэн бол Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан 2021 онд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан. 

Харин Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Д.Горелик 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан байна.


Хоёр улсын хооронд болсон дээд хэмжээний уулзалтуудыг дурдвал:


• 2015 оны 07 дугаар сард ОХУ-ын Уфа хотноо болсон ШХАБ, БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар,

• 2018 оны 06 дугаар сард БНХАУ-ын Чиндао хотод болсон ШХАБ-ын Дээд түвшний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар, 

• 2017 оны 05 дугаар сард Бээжин хотноо болсон “Нэг бүс, нэг зам” чуулга уулзалтын хүрээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар,

• 2023 оны 11 дүгээр сард Дубай хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар тус тус уулзаж байв. 

Айлчлалын үеэр талууд “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” болон Засгийн газар, байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байгааг албан мэдээнд дурджээ.

Улаанбаатар хотноо 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр гарын үсэг зурсан “Визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр”-ийн дагуу иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчдог.

Беларусь Улсын тэтгэлгээр манай 28 оюутан Беларусийн техник мэргэжлийн дунд сургууль, их дээд сургуулиудад суралцаж байна.